Шууд Chart

Малое озеро

2021-03-20 10:17:46

Малое озеро

өгүүллэг

...Гүн нуурын давалгаа салхины аясаар хээтэн долгиотно. Нуурын чимэг хос хун өөвөн хэдэн дэгдээхэйгээ голдоо оруулан тайван хөвөх нь хайр хүргэнэ. Үнэнч хайрын билэгдэл хун, хэд насладаг юм болдоо, хүүхэд ахуй цагт ийм л ихэмсэг, гангар цагаан хос хун нуурандаа л хөвж байдагсан. Одоо яг л хэвээрээ. Нуурын хөвөөнөө зорин ирсэн би хөтөл даван ирэх замыг ширтсэнээ, зүрх сэтгэлд минь олон жилийн өмнө ассан гал улам бадран байхад гайхан догдоллоо. Гайхан догдлох тутам олон жилийн өмнөх дурсамж саяхан мэт хөврөн сэтгэл хямран уйлмаар болж ирэв. Гучин жилийн өмнө...Тэр үед Гүний нуур минь өнөөгийнхөөсөө хоёр дахин том, эх цутгалан болсон Хужиртай гол саваа бялхам мяралзан урсаж, загас жараахай мөнгөлөг хайрсаа гялалзуулан бужигнан байжээ. Нуурын мандалд завь намуухан хөвж, цээж нүцгэн орос цэргийн дарга загасны дэгээгээ шиднэ. Завины хитэг дээр миний үеийн орос охин сууж, алтан шаргал үс нь аясын салхинд үл ялиг хийснэ. Яагаад ч юм тэд тэнгис далайгаа санасан мэт гунигтай ч юм шиг бодогдож билээ. Уран зураг шиг харагдсан тэр агшин өнөө ч сэтгэлд мөнх ажээ. Орос цэргийн дарга нар голдуу гэр бүлээрээ амралтын өдрөөр нутгийн нууранд минь хүрэлцэн ирж амран, нуурын аль гүн цүнхээл хэсэгт шумбан сэлж, завьтай хөвөн, дэгээ шидэн загасчилж, жижиг том хамаагүй загас барьвал баярлан сүйд болно. Нуурын эргээр шорлог шаран, дуулж хуурдан их л найрсаг хүмүүс шүү. Эрэг хавиар гүйлдэх Монгол хүүхдүүдийг ч ховор нандин чихэр жимсээрээ дайлна. Тэр өдөр нуурын мандалд ганц завь хөвсөн, эрэгт хүмүүс бараг байхгүй. Хэд хоногийн үргэлжилсэн бороонд цутгалан гол үерлэн, нуурын ус мэлтэлзэн дээшилсэн ус ихтэй л байсан юм. Гэнэт ус цүлхийн загасны дэгээндээ татагдсан уу, орос ах ус руу унан, завь гэнэт тэнцвэр алдан далбилзан эсрэг тал руу охин нь унаад өглөө. Ус цацран бөөн шуугиан боллоо. Нүд ирмэх зуур бүх юм хурдан болж өнгөрөв. Охин аврал эрэн нэг хашгираад, гараа алдлан доош живж эхэллээ. Нуурын хөвөөнд сууж байсан би өөрийн мэдэлгүй нуурын голд харлах гүн цүнхээл рүү үсрэн орлоо. Сааралтсан усанд нуурын гүнрүү хөл алдан живж буй охиныг хальт олж хараад, тэнхээ мэдэн хүчлэн дахин шумбаад гарт баригдангуут шүүрээд дээш сэллээ. Нуурын гүн ус харлан хүйтнээр мушгиран доош сорно. Санаандгүй гэнэт усруу татагдан унасан орос цэргийн дарга ус самран гарч ирээд, завины ирмэгнээс зууран өнгийтөл амин хайртай охин нь алга, эх орныхоо даалгавараар уулынханы автомат бууны өөдөөс гүйж явахдаа ингэж айгаагүй хүчирхэг дайчин эр дагжин чичрээд муухай орилон усруу шумбажээ. Ус сааралтан харлаад юу ч харагдсангүй. Ухаан балартмаар болж амьсгаа авахаар дээш хөвөн гартал нэгэн монгол хүү охиныг нь авран тэврээд завьруу сэлж байхад, үхэхээс бусдыг үзсэн эр баярлахдаа мэгшин уйлсан гэдэг...Хунгийн далавч ус алгадан, цасан навч мэт өднөөс болор ус дуслана... Бурханы ивээлээр алтан амийг нь аварсан Лена хэмээх орос охин бидэн хоёр, нандин сайхан үерхэх хувь тохиосон юм. Лена ер бусын урт сормуусан дороос нуурын ус шиг гүн цэнхэр нүдээр гэрэлтсэн, алтан шаргал үсээ хийсгэн инээмсэглэн явдаг Сибирийн хус шиг цагаахан охин. Багануурын хойд талд байрлах орос цэргийн хуаран гэж томоохон хотхон байх. Түүний аав нь цэргийн өндөр цол, албан тушаалтай том дарга. Ээж нь театрын эрхлэгч. Айлын ганц охин ажээ. Миний эцэг эх хоёр тэр үеийн ЗХУ-д уурхайн мэргэжил эзэмшин, их уурхайн бүтээн байгуулалтанд илгээлтээр ирсэн жирийн уурхайчин гэр бүл. Тэд бидний буянгаар гэхүү салж хагацахгүй сайхан гэр бүлийн найзууд болсон билээ. Хагас бүтэн сайны нэгэнд заавал орос найзындаа, гэр бүлээрээ зочлон дуулж хуурдан бөөн баяр. Тэгээд орос дэлгүүр хэсээд баяртай алхаж байдагсан. Тэр үед нар гарах шиг болж, Лена бидэн тэдний байрны өмнөх цэцэрлэгт сууцгаана. Тэнгэр баганадсан нарс модыг даган жимсний бут сөөг, бургас халиуран найгна. Оросууд амьдрах орчноо үлгэр авмаар тохижуулж ногоон байгалийг утгаар нь цогцлуулдаг заншилтай хүмүүс. Лена “багшийнхаа” ачаар орос хэлийг хурдан суран ойр зуур түүрдэхгүй ярьдаг болсон юм. Бидэн хоёр мөнх ногоон нарсны нэгээхэн мөчирт шувууны үүр өлгөлөө. Нэгэн удаа ирэхэд сэтгэл гарган өлгөсөн нөгөөх бяцхан байшинд минь улаан элэгтэй хоёр хөөрхөн бялзуухай үүрээ засан тухалжээ.

- Энэ ямар шувууд юм бол...Намайг гайхан асуухад Лена хайр хүрэм инээмсэглэн:

- Хайрын шувууд...Дээш өлийн харахад шувууны үүрэнд нар гялбалзан, улаан элэгтэй хөөрхөн шувууд баяртай жиргэн, өд сөднөөс нь алтан гэрэл цацран унаж байх шиг...

- Та хоёртоо маш их баярлалаа...гэж байна...Ахлах ангийн сурагч гэлтгүй бидэн хоёр хөөцөлдөн тоглоно. Түүнийг гүйцэн тэврэн авахад сэтгэл анхилам үнэр зүрхэнд хүрэн, хамаг бие дагжин чичирдэг байлаа. Орос хотхонд шинэ жилийн баяр бүр сүртэй сайхан. Өндөр сайхан байшин жирийсэн гудамжиндаа, өнгө өнгийн гэрэл цацруулан, чамин тансаг шилэн тоглоомоор чимэглэн гоёсон гацуурынхаа дор гитар дарж дуулцгаан, оргилуун дарс буудуулан хундаглана. Өвлийн өвгөн ч сахалаа сөхөж ирээд л ууна. Буганууд ч, баавгай ч бас уунаа. Өвлийн тэнгэрт сая живаа од, газарт ч мянга түмэн од, зүрх сэтгэлд ч зуун зуун одод гэрэлтэнэ. Хөгшид, хүүхэд, залуусгүй цасаар байлдана. Ленаг минь миний цасан бөмбөлөгөөс өөр бөмбөлөг бүү оноосой. Цасан цагаан туулай хүрэм, малгайтай Лена аз жаргалаар бялхан инээгээд л гүйгээд байна. Орос хөвгүүдээс би түүнийг хамгаална. Харамлана. Бөөн бөөн цасан бөмбөлөг... Хунгийн далавч ус алгадан, цасан навч мэт өднөөс болор ус дуслана...Амттай дурсамжийг минь таслан, машины дуу хүнгэнэнэ. Би гайхан эргэн харлаа. Яг олоод иржээ. Нуурыг зорих хөтөл замаар урт хар машин айсуй. Сөгдөн унамаар ч юм шиг, машиндаа суугаад зугатмаар юм шиг гэрэвших аядуу бодол сүлэлдэн, сандраад ирлээ. Орос элчингийн дугаартай машины хаалга зөөлөн онгойж Лена минь буугаад ирлээ. Нүдэндээ ч итгэсэнгүй. Нуурын ус мэт тунгалаг цэнхэрхэн нүд яг хэвээрээ, сибирын цагаан хус мэт цагаахан царайнд хуруу дарам хонхорхой үүсэн инээмсэглэдэг тэр хэвээрээ...

- Лена...би амандаа шивэгнэн хэллээ...Гэвч урагшаа нэг алхаж чаддаггүй, хөл шаасан гадас мэт хөшжээ. Үг эвлэж өгдөггүй уруул өмөлзөн, нулимс чимээгүй урсана.

- Малое Озеро. Миний хайрын шувуу...Лена дуулдах төдий шивэгнээд бид тэврэлдэн авлаа...Нас хэвийсэн боловч Лена минь сайхнаараа залуугаараа ажээ. Оросын гадаад хэргийн яаманд өндөр албан тушаал хашдаг ажээ. Уурхайд олон жил ажиллаж эвэршиж эвдэрсэн миний гарыг минь зөөлөн илээд:

- Жинхэн эр хүн. Бахархамаар баатар эр...гэлээ...Хүний амьдрал дэндүү богино. Цаг хугацаа бүгдийг өөрчлөнө. Гэлээ ч цээжинд лугших нэгэн зүрх, эргэн дурсах хайр сэтгэлийн галыг унтрааж чадаагүй улам хөгжөөх нь юу билээ...Ленагийн хүсэлтээр бид шууд давхисаар орос цэргийн хуаран, орос хотхондоо давхиад ирлээ. Зөвхөн туурь үлдсэн гэж хэлээд байхад, Лена сайхан нүдээ анин толгой сэгсрээд:

- Дуулсаан, гэхдээ заавал очно... гэсэн билээ. Нэгэн цагт аз жаргалын дуу, ажил хөдөлмөрийн амт, ах дүүгийн найрамдлын билэгдэл болж цэцэглэн гэрэлтсэн орос хотхон дайны үед бөмбөгдүүлсэн мэт газартайгаа тэгшрээд, хаа нэг хэрээ гуагалсан туурь болжээ. Үл ялиг хийсэх тоосон дунд бидэн хоёр хэсэг зогсов.

- Хайрын мод минь хаачив. Хайрын шувууд бас алга... Ядаж тэд минь...тэр гомдон шивэгнэв. Хотыг балгас болгосон тонуулчдын машин техник газартай тэгшилжээ. Энх цагт ямар гэм хийсэндээ энэ хотхон хог балгас болов.

- Лена явцгаая...Би гэм хийсэн аятай яс хавтайн зогслоо. Лена цагаан алчуур гарган нулимсаа арчина. – Театрыг бас нураасан...Монголд хуруу дарам байсан гантиг чулуун шалтай, урлагийн бүтээл цогцолсон театр хүний санаад л үлдээд зүүд мэт арилжээ... Нэгэн үдэш Лена намайг дагуулан энэ гайхам театрт кино үзэж билээ. Хамгийн арын суудалд суулаа. Хайрын тухай кино байсан. Би зориг гарган Ленагийн гарыг зөөлөн атгаад авлаа. Тэгсэн тэр уран гоолиг, энхрий булбарай гар миний зүрхийг атгаад авч билээ. Яагаад ч юм Ленагийн нүдэнд нулимс мэлтэлзэн, тэр миний хүзүүгээр зоримог татан уруул дээр минь озон үнслээ. Анхны үнсэлт, анхны хайр...зүүд үү, мөрөөдөл үү...Лена мэгшин уйллаа. Сандарч догдолсон би дэмий л мөрөөр нь тэвэрнэ.

- Хайрын шувуухай минь. Бид удахгүй буцлаа...Эндээс Монголоос үүрд буцлаа. Чамаас ч явах нь...Би эхлээд гайхлаа. Бас итгэсэнгүй.

– Хаашаа явах вэ. Хэзээ ирэх үү...Би нулимсыг нь чичирсэн хуруугаараа зөөлөн арчлаа. Лена гуниглангүй инээмсэглээд бас зоримогоор:

- Бид эх орон руугаа буцлаа. Энэ орос цэргүүд, цэргийн хуаран, цэргийнхний гэр бүл, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, үйлчилгээний газрууд бүр орос хотхоноороо бүгд нэг шөнийн дотор нүүнэ. Бид эргэж ирэхгүй ээ. Аав минь надад аминчлан хэлсэн. Бид явлаа...Би итгэсэнгүй ээ. Миний жаалхан оюун санаанд тэр үедээ багтаагүй юм. Гэлээ ч нар мандах шиг үнэн байлаа. Нэг л өглөө чимээ ирэхэд орос хотхон, цэргийн хуаран тэр чигээрээ ганц шөнийн дотор нүүгээд, орос айлын ууж амжаагүй халуун цай үлдсэн байсан гэдэг. Цэргийн нэг л тушаалаар хүнгүй хотхон үлдэж билээ. Түүнээс хойш гучин жил улиран өнгөрчээ...Сайхан дурсамж минь, уйтгар гунигаар солигдсон энэ газраас бид яаран буцлаа...Орос ах дүү нарын найрамдлаар сүндэрлэн босч хаяа тэлсэн шинэхэн хот Багануурынхаа гудамжаар бид давхин явлаа. Лена минь одоо сэтгэл тэнийн баярлажээ. Илгээлтийн эзэд залуусын итгэлийг бадраан мандсан, уурхайчин түмэн олныхоо урмыг сэргээн гэрэлтсэн шинэхэн хот Багануур минь хүндэт зочныг минь уяраажээ. Бид их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөхөөр төв талбайд хүрэлцэн ирлээ. Лена сэтгэл догдлон алдарт “Миний нутаг” шүлгийг монголоор уншав. Монголд дунд сургуульд байхдаа сурсан гэдэг.

- Танилцах ёстой хүндэт зочид минь хаана байна. Тэр байнга асуугаад байсан юм. - Тэд ирж байна...би сэтгэл догдлон хэллээ. Миний хань байдгаараа гоёж, сайхан монгол дээлээ өмсөөд, бидний дундаас ургасан охиныг минь хөтөлжээ. Тэд энгэр дүүрэн алаг цэцэг тэвэрсэн байлаа. Ямар бахархамаар гоё харагдаж байв. Сэтгэл догдолсон Ленад, би гэр бүлээ танилцууллаа. Охин минь тэвэр дүүрэн цэцэг ээ өргөн барьлаа. Лена охиныг минь тэврэн үнсээд л байх.

- Как тебя зовут...Охин минь баяртайгаар:

- Меня зовут Лена...Лена нөгөөх сайхан цэнхэр нүдээ анивчан гайхан харахад хань минь санаа зовонгүй инээмсэглээд:

- Миний охиныг Лена гэдэг. Аав нь нэр өгсөн юм...гээд намайг бахархан харлаа. Бид дөрөв тэврэлдэн инээлдлээ. Богинохон айлчлал дуусав. Хүндэт зочноо үдэж өгөхөөр Багануур хотынхоо угталт, үдэлтийн хөшөөн дээр ирлээ. Лена минь намайг олон жилийн дараа өөрөө олоод ирсэн юм. Бидэн хоёр дахин уулзах ч юм уу. Үгүй ч билүү. Салах ёс хийх болдог байна. Лена намайг энхрийхэн удаан тэврэн мэгшин уйлав. Энгэрээсээ нэгэн зүүлт гаргаад гарт атгууллаа. Миний чихэнд шивэгнэх шахам:

- Я тебя люблю. Би чамдаа хайртай...Би явлаа. Үүрд баяртай. Хайрын шувуухай минь. Чи намайг дахин амьдруулсан жинхэн баатар эр. Чамдаа хязгааргүй их баярлаж явдаг шүү. Чи бол жинхэн баатар эр...Элчингийн дугаартай урт хар машин хөдлөөд явчив. Би орь ганцаараа үлдлээ. Зүрхэн хэлбэртэй зүүлтийг нээтэл бидэн хоёрын гэнэн цайлган багын зураг нулимсан дунд минь солонгорч байлаа. Монгол нутгийн аясын салхи минь, миний үгийг түүнд минь хүргээрэй, тэгээд зүрх сэтгэлд нь дуулгаарай.

- Лена би чамдаа хайртай...

МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Г.Даваасүрэн

2020.03.26. Багануур хот. 


Малое озеро  
Үзсэн: 3314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй