Шууд Chart

"Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар" аялалын тэмдэглэл №14

2014-05-07 10:01:14

Алдарт Анкар Ват хотоор аялав
---------------------------------------------
12 дугаар зууны үед оршин тогтнож байсан Кхмерийн эзэнт гүний хаан 2-р Суряаварман \Suryavarman II\ өөрийн улсын нийслэл болгон бариулж эхэлсэн гэж үздэг. Angkor Wat гэдэг нь нутгийн хэлээр “Сүмт Нийслэл хот” гэсэн утгатай үг юм гэнэ лээ. 
Гаднах хананы урт нь 3.6 км 1024 х 802 метр тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд өндөр нь 4.5 метр гэж хэмжсэн байгаа юм. Талбайн нийт хэмжээ нь 203 акр буюу 820.000 метр квадрат гэнэ шүү.

Төв өндөрлөг хэсэг нь газраас 43 метрийн өндөрт баригдсан бөгөөд хамгийн өндөр цамхаг нь үүнээс дээш 65 метр юм гэнэ. Тэгэхээр байгууламжийн хамгийн өндөр цэг газраас 108 метрийн өндөр байж таарах нь. Монголчуудын 108-ын билэгдэл шиг.
Ер нь л энэхүү хотыг Энэтхэгийн Хинду болон Буддын шашны хосолсон дүр төрхийг агуулсан гэж үздэг бөгөөд барилгын хийцийг Dravidian архитектор гэж онцлосон байдаг. Энэ нь Грек Ромын болон Дорно дахины барилгын хэв шинжүүдийг нэг дор агуулсан байдгаараа онцлог гэх.

Энэхүү гайхамшигтай хотыг босгосон элсэн чулуунуудыг \sandstone\ 40 км-ийн зайтай Кулений уулнаас \Mount Kulen\ Сейм Рип \Siem Reap river\ голоор дамжуулан авчирсан гэж судлаачид үздэг бөгөөд энэ нь Египетийн пирамидуудыг босгосонтой ижил хэмжээний нөр их хөдөлмөр, зүтгэл байжээ.

5.5 км-ийн зайтай байрлах Сейм Рип хотоос та бүхэн Түк Түк гэдэг сүйхтэй мотоциклд 2-3 доллар төлөөд л энэхүү ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн гайхамшигтай нууцлаг, сүрдэм, уран барилгын хосгүй бүтээл, хүний гараар бүтсэн бодит гайхамшиг болсон хотд ирж чадна. Нэг өдөр аялах тасалбар хүний 20 доллар гэдгийг өмнөх тэмдэглэлд дурдсан.

Мэдээж бусад улсуудад мөрддөгийн нэгэн адил хөнгөн нимгэн, шалдан бие их ил гарсан байдлаар хувцаслахыг хориглодог юм билээ шүү. Мөн чанга ярих, элдэв шүтээнд гараар хүрэх, Анкар Ватын бүсд тамхи татахыг хориглодог юм билээ.

Бид хоёр өглөө эрт очсон бөгөөд Анкар Ватыг гялс үзчихээд цааш аялалаа шууд үргэлжлүүлж Тайландад илүү их цаг гаргахыг хүсч байсан тул хүний нэг нэг том үүргэвч бас бус ачаатайгаа Анкар Ват хотыг үзэхээр шийдсэн маань хамгийн том алдаануудын нэг байсан юм.

Нэгдүгээрт, Камбожийн бүх аялал жуулчлалын нийтийн тээврийг нэг компани хариуцдаг бөгөөд Сейм Рипээс Тайландын хил рүү явдаг автобус, микронууд өглөөний 11 цаг гэхэд бүгд хөдөлчихдөг юм билээ. Тэгээд бид тэр өдрөө цааш явж чадаагүй.
Хоёрдугаарт, тэр том хотыг хөндлөн гулд хонгил, давхар болгоноор нь сонирхож явахад ард, урдаа үүрсэн ачаанууд үнэхээр том дарамт болж зарим нэг гишүүн Анкар Ватын өндөрлөг хэсгүүдийг үзэж чадалгүй туйлдсан явдал гарсан.

Гуравдугаарт, бид маш их ядарсан байсан тул үд нилээд өнгөрсөн хойно цааш Тайланд явах боломжгүй гэдэгтэйгээ эвлэрэн зочид буудал хайхад хамгийн хямд, төвд ойрхонууд нь дүүрсэн байсан бөгөөд захын буудлууд ч үнээ нэмсэн байсан юм. Гэхдээ 15 доллараар хоёр ортой өрөө олдсон.

Тиймээс та бүхэн Анкар Ватыг үзэх бол Сейм Рип хотд очмогцоо шууд буудлаа сонгоод тэндээ ачаа бараагаа орхиод зөвхөн камер болон шингэн зүйлийн саваа аваад л яваарай. Мөн түрийвчээ авахаа мартаж болохгүй шүү ккк.

Эргэн тойрондоо усан хэрэмтэй зөвхөн хоёр талаасаа л орж ирэх гүүртэй энэхүү гайхамшигт цогцолборын бүх зүйлс чулуугаар хийгдсэн. Нарийн хийцтэй хашлага, олон толгойтой могой болон хүчит араатнуудын баримал чулуун дээр ухаж сийлсэн төрөл бүрийн бурхадын болон ан амьтан, үлгэрийн амьтас, хээ угалзны сийлбэрүүд нь техник хөгжөөгүй тэр үед ямар агуу дархчуул ийм нарийн тэг хэмжээ бүхий урлалыг бий болгоо вэ хэмээх бахархлыг эрхгүй төрүүлж байсан юм.

Урт урт хонгил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Өндөрлөгт орших гонхон бүр өөр өөрийн гэсэн бурхантай, ханын хээ, таазны хэв загвар, цонхны чулуун сараалж нь хүртэл энэ цагийн элдэв нарийн техникээр ч хийхэд төвөг ихтэй мэт санагдах нь энэ хот яагаад дэлхийн соёлын өв бөгөөд жуулчдын тэмцэн ирж үзэх үзмэр болсныг илтгэнэ.

Байнгын сэргээн засварлалт хийгдэж байдаг юм гэнэ билээ. Тиймээс таныг очих үед зарим хэсэг нь хаалттай байх болов уу? Намайг очиход харин азаар хана, туурганы засвартай байсан тул бүх л гонхон, бунхан, хонгил, давхруудыг үзэж чадсан.

Хаан өөрөө сууж захирамж, лүндэн буулгадаг байсан болов уу гэж бодохоор тавцангийн өмнө бараг бассейн гэчихмээр гүнзгий дөрвөлжин нүх байх нь миний гайхлыг хамгийн их төрүүлсэн. Тэнд түшмэдүүдийг зогсоож үүрэгддэг байсан байх. Мөн гадны элчүүдийг зогсоон харьцдаг байсан байх. Бас гэмтнийг ч байлган гэсгээн цээрлүүлэх ялыг нь сонсгодог байсан байх. Аль ч тохиолдолд дээр суугаа хаан руу шууд халдах боломжгүй энэхүү том дөрвөлжин чулуун нүх их мундаг бодсон хамгаалалт байсан болов уу?

Том хотын энд тэндхийн бараг хүн явдаггүй хонгилд байх ямар нэг бурханы хажууд зогсоод бүтээлгийг нь сөхөн харуулж, хүслийг чинь хэлүүлсний төлөө мөнгө нэхэх үнэн бодь царайтай луйварчид бас таарах тул тийм нөхдөд зөвхөн НӨҮ гэж хэлээд л холдоорой. Ккк Луйварчидтай бас... тэгэхдээ гэмгүй гэмгүй хэ хэ хэ

За ингээд үлдсэнийг зурагнаас үзнэ үү?
Дараагийн дугаарт Анкар Ватын орчимд болон Сейм Рип хотод үзэж, харж, авч, үйлчлүүлж болох зүйлсийн тухай өгүүлнэ.

Хүннү эйртэй хамт аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т

































































































Нийтэлсэн: Анжигай

"Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар" аялалын тэмдэглэл №14  
Үзсэн: 4906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-05-08 16:09
Нэг Хятад олсон гэдэг
118.70.170.xxx [118.70.170.xxx] 2014-05-08 12:27
Хотын оршин суугчид энэ хотоо нэг л өглөө бүгдээрээ хаяаад явсан гэдэг яриа байдаг. Шалтгааныг одоо ч тайлж чадаагүй гэж ярьдаг. Түүнээс хойш 300 гаруй жил хэн ч энэ хотод ирж суурьшаагүй ажээ. Чингээд энэ хот ой модоор бүрхэгдээд байх үед 20 - р зуунд Францын жуулчин тэнэж яваад олсон гэдэг яриа байдаг. Үнэн эсэх нь бүү мэддээ.

Бидэнтэй нэгдээрэй