Шууд Chart

Канад Пфайзерын вакциныг хүүхдэд зөвшөөрсөн анхны улс болов

2021-05-07 10:15:56

Канадын засгийн газар Америкийн Пфайзер, Германы Бионтехийн хамтарсан коронавирусний вакциныг 12-өөс дээш насны хүүхдэд хийхийг зөвшөөрлөө. Ингэснээр тус вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрсөн анхны улс болж байна.

12-16 насны хүүхдийг Пфайзерын вакцинаар дархлаажуулахыг зөвшөөрсөн нь Канад улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд гарсан маш чухал шийдвэр гэж тус улсын эрүүл мэндийн салбарынхан үнэлж байна. тус улсын эрдэмтэд эмнэлзүйн туршилтаар Пфайзерын вакцин өсвөр насны хүүхдэд насанд хүрсэн хүнтэй адил аюулгүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Канадад сүүлийн саруудад вакцинжуулалт саарчээ.

Тус улс энэ сард 10 сая тун вакцин хүлээн авах хүлээлттэй байна. тус улсын хүн амын 34 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Одоо АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар Пфайзерын вакциныг хүүхдэд хийх зөвшөөрөл олгохоор судлаж байна. Тус вакцинд ирэх 7 хоногт зөвшөөрөл олгох болов уу гэсэн хүлээлттэй байна.

Америк энэхүү вакциныг хүүхдэд зөвшөөрвөл ирэх намар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө олон сая хүүхдийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Пфайзер компани АНУ-ын 12-15 насны 2260 сайн дурынханд хийсэн эмнэлзүйн туршилтаар бүрэн дархлаа тогтоож байгаа үр дүн гарлаа гэж өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр урьдчилсан дүгнэлтээ танилцуулж байсан юм.

Харин туршилтын явцад өсвөр насны хүүхдэд 18-аас дээш насны залуучуудтай адил вакцины хариу урвал илэрч байсан. Өсвөр насныханд вакцин хийлгэсэн хэсэгт хөндүүрлэх, халуурах, ханиалгах ялангуяа хоёр дахь тунг хийлгэсний дараа сульдах зэрэг хариу урвал хамгийн түгээмэл илэрсэн гэж Пфайзер компани мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад Пфайзерын вакциныг хүүхдэд зөвшөөрсөн анхны улс болов   
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй