Шууд Chart

Долоон үеийн чинадаас хэлсэн үг сонсогдоно

2021-12-18 14:52:37

Яруу найрагч, төрийн шагналт зохиолч Зундуйн Доржтой цөөнгүй жил нэгэн дээвэр дор хамт ажиллажээ. Монголын радиод “Баянмонгол” гэдэг хувийн студи ажиллуулж, нийтлэл нэвтрүүлгээ бидэнд нийлүүлдэг байлаа. Нэвтрүүлгийн уриа их содон.

Хэл, хил, мал гуравтайгаа байвал

Хэн баян бэ, Монгол баян

Хэл, хил, мал гурваасаа хагацвал

Хэн эмгэнэлтэй вэ, монгол эмгэнэлтэй

Монголын радиог сонсдоггүй, сонсож үзээгүй монгол хүн цөөн. Тиймээс энэ “сүржин” гэмээр уриа шүлэг чихнийх хажуугаар өнгөрсөн сонсогч олоход бэрх биз ээ. Энд өгүүлж буй “Баян” гэсэн үг, “Эмгэнэлтэй” гэсэн үгийг онцолж үзье. Хэл, Хил, Мал гуравтайгаа байвал хэн бүрэн эрх чөлөөтэй, туурга тусгаар байх вэ гэвэл Монгол хүн. Хэрэвзээ, энэ гуравгүй бол хэн  тусгаар тогтнолгүй, эрх чөлөөгүй вэ гэвэл Монгол хүн л байх юм. Зохиолч энэ хоёр үгээр утга шилжүүлэн тусгаар тогтнолыг тодотгож өгсөн байна. Ерөөсөө ч монгол хүний  оршихуйн гурван хүчин зүйл бол яах аргагүй дээр нэрлэгдсэн гурав билээ. ХЭЛ, ХИЛ, МАЛ гурав.

“Төрийн үндэс бол газар” гэсэн утгыг монголчуудын эртний угсаа язгуур болох Хүннү гүрнийг цогцлоогч Модун шаньюу хэлсэн гэнэ. Үг гэдэг ийм хүчтэй. Долоон алдын цаанаас хашгирсан үг сонсогдохгүй хэр нь, долоон үеийн чинадаас шивнэсэн үг сонсогдоно гэж энэ. Нэрт зохиолч Дүгэржавын Маамын  “Газар шороо” хэмээх хөлгөн туульс бий. Зохиолын үзэл санаа нь  “Монгол улс, монгол туургатны тусгаар тогтнолын баталгаа нь газар шороо” гэж тунхагласан юм. Хангай Базар, бух Дагдан, буруу Цолмон, бутан толгой Сономдовдон нарын үйл хэргээр дамжуулан, хар цагааны хөлгөн дээр, зөрчил тэмцлийн гал дунд газар шороо, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үедээ яруу сайхнаар туурвин үлдээсэн билээ.

Монгол газар шорооноо, монгол хүн тооноо өргөж, тулгаа тулж, галаа түлж ирсэн цагаас нэгэн талаас амьд явах баталгаа, нөгөө талаас хүчирхэгжин босох материаллаг суурь бол мэдээжийн хэрэг мал байв. Таван хошуу эрдэнэт мал сүрэг бол монгол хүний тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн. Тэртээ арвангуравдугаар зуунд монгол ирж, монгол нутагт арвандолоон жил амьдарсан Марко Поло ч тэр, Италийн санваартан Гильеом де Рубрук ч тэр нэгэн зүйлийг тэмдэглэлдээ дурдсан байдаг. Монголчуудын хувьд мал, тэр дундаа адуу гэдэг ямар онцгой байр суурь эзэлдэг тухай өгүүлжээ. Адуу бол монгол хүний хувьд хийморь, нэр төр, үнэ цэн, алт мөнгөтэй дүйцэхүйц арилжааны хэрэгсэл байдаг тухай дурдсан нь бий.

Харин одоо би эх монгол хэлний тухай өөрийн бодлыг хуваалцая. ЭХ ХЭЛ. Энэ тухай олон арван зохиолчид бичсэн. Шагшин магтсан. Бахдан дуулсан. Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нарын бичгийн мэргэдээс эхлэн эх хэлнийхээ яруу тунсаг, арвин баялаг, яндашгүйн тухай шүлэг дуулал зориулсан. Ярих, магтах нэгэн хэрэг. Гэвч монгол хүний оршихуйн хамгийн чухал баталгаа, тусгаар тогтнолын хамгийн хүчтэй хэрэглүүр талаас нь бичиж, асуудал хөндсөн нь бага юм. 

Саяхан би зохиолч Гунаажавын Аюурзанын нэгэн ярилцлагыг уншлаа. Тэнд  “Яг үнэндээ цус бол юу ч биш. Эх хэл булингартвал, байхгүй болбол монгол хүн, монголын тусгаар байдлын тухай яриад ч хэрэггүй” гэсэн санаа байна лээ. Үүнийг бэлхнээ нотлох олон арван баримт байна. Сэтгүүлч, аялагч Буянбадрах хэдэн жилийн өмнө “Монголоо хайсан монгол” гэдэг телевизийн цуврал хийсэн дээ. Нэгэн дугаартаа Юннанийн монголчуудыг онцолж байсныг санаж байна. Нэг ч монгол үг мэдэхгүй, могой шарж иддэг тэр хүмүүсийг хараад яаж чиг бодсон монгол гэсэн мэдрэмж төрөөгүй. Магадгүй тэдний судсаар монгол хүний ген, монгол цус урсаж байгаа нь дамжиггүй. Гэвч, аль ч талаас нь харсан монгол биш. Монгол гэх үнэр, төс ч байхгүй.

Хулсан бийрээр бичсэнийг хутгаар хусаж болохгүй гэсэн үг буй. Дээр өгүүлсэн зохиолч Маамын “Газар шороо” романд Сөдөтийн цагаан чулууны бичиг гэсэн бүлэгт нэгэн үйл явдлын тухай өгүүлсэн байдаг. Дарьганга нутгийн хилийн дээсний дотогш, нутгийн гүнд байх тэр цагаан чулуун дээр Эртний Тан улсын хааны үеийн  “Миний морь үүгээр явж өнгөрөв” гэсэн хятад бичиг байх бөгөөд энэ чулууны бичгээр баримт болгон газар нутгийн маргаан гаргах хорон санааг Бээжин Даш тэргүүтэн сэдэж олсон  байдаг. Энэ юуг өгүүлнэ вэ. Эх хэл, бичиг үсэг гэдэг бол тусгаар тогтнолын цөөхөн баталгааны нэгэн гэдгийг нотолж буй хэрэг юм.

Эдүгээ монгол угсаатан, монгол туургатныг нэгтгэж, тусгаар монгол улс гэсэн дархлааг бий болгож буй бичгийн их дурсгал бол Монголын нууц товчоо. Нэгэн талаасаа уран зохиолын хосгүй өв боловч түүнээс чухал үүрэг нь Монголчуудын гарал үүслийн тухай түүхэн эх сурвалж юм. Эх сурвалж утгаараа “Монголын нууц товчоо” юутай ч зүйрлүүлшгүй үнэ цэнтэй. Чухамдаа энэ их хөлгөн туульсын ачаар Их монгол улсын түүхийг ил цагаан булаалдах улс орон харьцангуй цөөн байлаа. Бидний цөөхөн монголчууд өөрсдөө байнга идэвхийлж, ул суурьтай, шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандахгүй бол нэг л өдөр монголын түүх Хятадын, Түрэгийн, Киргизийн, Казакын түүхийн нэгэн хэсэг болж мэдэх юм. Юм гэдэг болзолгүй билээ. Учир нь сүүлийн жилүүдэд Чингис хаан казак хүн байсан тухай “нотолгоо” гээчийг Казакстаны эрдэмтэд сөхөхийг оролдох болов.Төрийн бодлогоор энэ үйлдлийг өдөөж байна гэж хардах олон монгол хүний нэг нь би.

“Монголын нууц товчоо” судлалд амьдралаа зориулсан нэрт эрдэмтэд болох  Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Л.Цэрэнсодном нарын залгамж болж, энэ чиглэлээр мэргэшиж буй залуу хойч үеийн эрдэмтэд цөөн байна.  Энэ бол монгол төрийн ой санамжид үргэлжид байх ёстой “сэдэв” мөн.

 Монгол улсын ерөнхийлөгч Нацагийн Багабанди, тухайн үеийн ерөнхий сайд Намбарын Энхбаяр нар санаачлан нэгэн “Монголын нууц товчоо”-г мөнхөд дээдлэн залах  зарлиг гаргаж байлаа. Зарлигийг бүрэн эхээр нь үзье. Зарлиг гаргах болсон үндэслэл, ач холбогдол, агуулгын гүнийг эндээс харж болно. Нөгөө талаар төрийн тэргүүний зарлигаас тасалж аван эш татах нь эх монгол хэл, төрөө дээдлэх үзлээс үүдэлтэй билээ.

 “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр           Улаанбаатар хот

ДУГААР 23

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ МӨНХӨД ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ТУХАЙ

Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв санг бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон ,дээдлэн хадгалж ирсэн гэгээн уламжлалтай билээ. Монголын нууц товчоо бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг ,утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншилын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн. Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал энэхүү өв тэгш тууривалыг даяр олноороо мөнх эрхэмлэн, үндэсний бахархалын эрх дархтайгаар дээдлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын 3, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1.Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэний чулуун шигтгээт хосгүй нэг хувь Монголын нууц товчоог урлан бүтээж төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай.

2.Монголын нууц товчоог айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй.

3.Монголын нууц товчоог цогц хандлагаар эрчимтэй судалж, бүх шатны боловсролын байгууллагын суралцагсдад үе шаттай судлуулахыг нийт эрдэмтэд, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчдэд уриалсугай.

4.Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залах Монголын нууц товчоог урлан бүтээхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР

Олон монгол хүн эдүгээ зарлигийг мартсан, шинээр төлөвшиж эхэлсэн үндэстний сэрэл мэдрэмж, дадал хэвшлээ умартсан ч байж мэдэх юм. Учир нь зарлиг гарч байсан цагаас хойш 17 жил улирч, энэ хооронд цаг хугацаа маш хурдтай хувьсан өөрчлөгджээ. Энэ зарлигийг өнөө нийтээрээ эргэн санаж, утгын гүнийг ухан ойлговоос зохилтой юмсан. Даанч, монгол төрийн эсрэг гэмээр үзэлтнүүд энэ цагт олширчээ. Аман дээрээ эх түүх, элгэн нутаг, газар шороо тусгаар тогтнол гэж цээжээ дэлдэвч ачир дээрээ монголын түүхийн эх сурвалжийг гуйвуулсан, үзэл санаа, үнэ цэнийг нь бууруулсан, баримтын зөрүүтэй өгүүллэг, тууж,  роман үйлдвэрлэж, энэ хэмжээгээр нь монгол хүн  эх түүх, Их монгол улсын тухай ой санамжаа дутуу, буруу мэдээллээр бүрдүүлж байна.  Энэ харамсал биш гашуудал шүү.

Үе үеийн төрийн тэргүүн нар Монгол Улсын сайн сайхны төлөө, тусгаар тогтнол, эрх чөлөө, хүний эрхийн талаар олон арван сайн шийдвэр гаргасан байж таарна. Тэр дундаас онцгой ач холбогдолтой нь гэвэл “Монголын нууц товчоо”-г дээдлэн залах зарлиг бөгөөд үеийн үед маш чухал шийдвэр байсаар байх  юм. Энэ бол газар нутаг, хилийн дээсийг дөрвөн цагийн эргэлтэнд, нар салхи  бороонд, хортны харцнаас хамгаалж буй эгэл хичлин  цэргүүдтэй адил монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалж буй төрийн бодлого билээ.

Сэтгүүлч Бидэрийн Баярсайхан

Нийтэлсэн: Б.Баярсайхан

Долоон үеийн чинадаас хэлсэн үг сонсогдоно  
Үзсэн: 3845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй