Шууд Chart

Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлье

2022-04-22 12:52:03

Хумхаа нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг зоонозын хурц халдварт өвчин.
 
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр дэлхийн 90 гаруй улс оронд хумхаа  өвчнийг дамжуулагч  шумуул тархаж, дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч, 224 сая тохиолдол бүртгэгджээ. 2007 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн. 
 
2022 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг “Инновацийг ашиглаж хумхаа өвчний өвчлөл, нас баралтыг бууруулая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол оронд  хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар зарим судлаачид тэмдэглэсэн байдаг. 2009-2021 онд хумхаагийн өвчний 17 зөөвөрлөгдсөн  тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн нь хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдардаг, аялсан зорчсон, Африкын бүс нутгийн Конго, Мали, Нигери, Сьерра-Леоне, Кот-Дивуар, Гана, Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд болон ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцсон, шумуулд хазуулсан өгүүлэмжтэй байсан.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулахаас сэргийлж, урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч бодисыг хэрэглэх, орон байрны хаалга, цонх, орондоо шумуулаас хамгаалах тор татах;
  • Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоох буюу тогтонги ус үүсэхээс сэргийлэх, усны савыг тагтай байлгах;
  • Хумхаа өвчний эрсдэл бүхий бүс нутагт зорчихдоо эрүүл мэндийн байгууллагад хандан мэдээлэл авах, хумхаагийн үүсгэгч шимэгч дарангуйлах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх;

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлье  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй