Шууд Chart

УГТЭ-ийн зүрхний шигдээс, тархины харвалт, уушгины эмч нар Эрдэнэт, Булган аймагт ажиллаж байна

2022-04-27 18:08:28

Өнөөдөр УГТЭ-ийн зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, тархины харвалт, уушигны эмгэг судлалын мэргэшсэн эмч нараас бүрдсэн багийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна.

Тус эмнэлгийн энэ удаагийн мэргэшсэн эмч нарын баг бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэд зүрхний шигдээс, тархины харвалтын тусламж үйлчилгээний нэгжийг зохион байгуулалт, зүрх судасны судсан дотуурх мэс засал эмчилгээ, тархины харвалтын оношилгоо эмчилгээний менежмент, эрүүл мэндийг дэмжих төвийн амьсгалын замын эмгэгийн эрт илрүүлэг, оношилгооны багаж төхөөрөмжийн ашиглалт зэрэг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, ажлын байрны сургалт, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Зүрхний шигдээс, судсан дотуурх эмчилгээний баг энэ өдөр зүрхний баруун титэм судасны 90 хувийн нарийсалтай 67 настай эмэгтэй, Дархан аймгаас яаралтай журмаар хүргэгдэж ирсэн ховдол хоорондын уруудах салааны бүлэнт бөглөрөлтэй 51 настай эрэгтэй эмчлүүлэгчдэд тус тус судсан дотуур яаралтай эмчилгээ хийж, цусны урсгалыг сэргээж амь насыг аварлаа.

Эмчилгээний үр дүн сайн, эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой, хяналтад байна.
 
 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

УГТЭ-ийн зүрхний шигдээс, тархины харвалт, уушгины эмч нар Эрдэнэт, Булган аймагт ажиллаж байна  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй