Шууд Chart

“Дугуйн аялал 2022” арга хэмжээ зохион байгуулагдлаа

2022-06-18 17:57:42

Монгол Улсын Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд ЭМЯ энэ сарыг “Иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх” зорилгоор “Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сар болгон” тэмдэглэж байгаа билээ.

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд спортын арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь өнөөдрийн дугуйн аялал юм. Өмнөх 2 долоо хоногт Богд ууланд болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрүүл мэндийхээ төлөө  алхангаа ярилцья” арга хэмжээг зохиосон ба сүүлийн арга хэмжээнд ДЭМБ-ын НДБ-ийн захирал доктор Такаши Касай оролцсон билээ.

Иргэд олон нийтэд эрүүл, идэвхтэй хөдөлгөөн, унадаг дугуйн спортыг сурталчлан уриалах “Дугуйн аялал 2022” арга хэмжээнд ЭМЯ-ны удирдлагууд болон харьяа 22 байгууллагын төлөөлөл, Монголын дугуйн холбооны хамт олон оролцлоо.

Арга хэмжээг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үг хэллээ. Тэрбээр “Дугуй унах нь дэлхийн хамгийн түгээмэл спортын төрлүүдийн нэг. Унадаг дугуйг зөвхөн спортоос гадна эрүүл мэнддээ анхаарал тавин, байгаль орчноо бохирдуулахгүйг эрхэмлэдэг хүн болгон унадаг. Цэвэр агаарт удаан дугуй унаснаар уушги бүрэн хүчин чадлаараа ажилладаг, тархины цусан хангамж нэмэгдэж, бусад амин чухал эрхтэнг хүчилтөрөгчөөр баяжуулдаг зэрэг олон ач тустай. Монгол Улсад дугуйн спорт эрчимтэй хөгжиж байгаа ч хүмүүс өдөр болгон ажил төрөлдөө дугуйгаар явдаг болох түвшинд хараахан хүрээгүй, орчин нь ч бүрдээгүй. Хэдий тийм боловч унадаг дугуйгаар хичээллэж, олон нийтэд түгээж, түүний давтагдашгүй таашаалыг мэдрэхийг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчид бид өөрсдөөс эхлэн манлайлах хэрэгтэй. Улсынхаа эрүүл энхийн манаанд  өдөр, шөнөгүй хүчин зүтгэж буй баатрууд бид бүхэн өөрсдөө эрүүл байж бусдад үлгэр дуурайлал болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанарын өндөр түвшинд үзүүлж чадах билээ” хэмээв.

.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Дугуйн аялал 2022” арга хэмжээ зохион байгуулагдлаа  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй