Шууд Chart

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэндчилгээ дэвшүүллээ

2022-08-19 10:14:13

“Эрчим хүчний ажиллагсдын өдөр”, орчин цагийн Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэндчилгээ дэвшүүллээ.


Мэндчилгээнд, "Эрхэм илч гэрлийн эзэд, инженер техникийн ажилтан, албан хаагчид аа,

Уудам Монгол орныхоо гал голомтыг ашид бадруулан, эх орныхоо ирээдүйг өнөд гэрэлтүүлэгч Эрчим хүчний салбарын нийт ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”, орчин цагийн Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хамтатган дэвшүүлье.

Эрчим хүчний салбарын ахмад, дунд, залуу үеийнхний эрдэм чадал, авьяас билиг, нөр их хөдөлмөрөөр зулын гэрлээс зууны манлай үйлдвэржилт, бүтээн босголтуудыг хийсэн. Хөгжлийн түүчээ салбарт сэтгэл оюун, идэвх зүтгэлээ зориулсан мянга мянган хөдөлмөрийн хамт олныхоо бахдам амжилтыг энэ өдөр бахархан дуудаж байна. Та бүхэн нэгэн үзүүрт сэтгэлээр жилийн дөрвөн улирал, цаг агаарын ямар ч нөхцөлд байгалийн гамшиг, зайлшгүй эрсдэлийг сөрөн атгасан гар шиг эв нэгдэл, ардын цэрэг шиг журам тангарагтай байж, өнгөрсөн 100 жилийнхээ түүхийг бүтээсэн юм.

Эрчим хүчний салбар бол Монгол орны хөгжлийн үндэс суурь, эдийн засгийн өсөлтийг хангах гол хүч юм. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний нийт 22 төслийг ойрын арван жилд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр төслүүдээс 100 жилийн ойн дээр Эрдэнэбүрэнгийн 90МВт хүчин чадалтай усан цахилгаан станц, системийн горим тохируулгад онцгой үүрэгтэй 200МВт.цагийн багтаамжтай батарейн хуримтлуурын станц, 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төслийн барилга угсралтын ажил эхэлж буйг дуулгахад таатай байна. Цаашид бид бүхний өмнө Тавантолгойн дулааны цахилгаан станц, төвийн бүсийн хэрэглээний өсөлтийг хангаж, суурь горимд ажиллах нүүрсний цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүд хүлээгдэж байна. Эдгээр төслүүдийг та бид хамтдаа цогцлоож, эх орныхоо гэрэлт хөгжил дэвшил өөд тэмүүлэн алхан гэдэгт итгэл төгс байна.

Гэрэл түгээгчид, Монгол орны гал голомтыг мандаан бадраагчид аа! Та бүхнийхээ гэр бүл, ажлын хамт олонд эрүүл энхийн түмэн жаргаланг хүсэн ерөөе.

Та бидний ажил үйлс алтан соёмбын оройн гал мэт үргэлж бадарч байг

Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар өнө мөнхөд өөдлөн дэвжих болтугай!" гэжээ.



Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй