Шууд Chart

О.Ням-Очир: Надаар зохиолгосон гарын үсгээ ашиглаж байгааг, миний бүтээлийг гадаад хүмүүс биедээ шивүүлснийг харах сайхан байдаг

2022-10-14 08:36:12

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн,

-Биднийг урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцаж буйд баярлалаа. Ярилцлагаа та яагаад уран зургаас уран бичлэгийн урлаг руу хөрвөсөн түүхээр эхэлье гэж бодлоо?

-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2008 онд төгссөн. Дараа нь 2009 онд “Бичиг соёл” боловсролын төвд уран бичлэгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн үеэс эхлэн уран бичлэгээр дагнан уран бүтээл хийж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд уран зургийн бүтээлүүд жаахан орхигдсон тал бий.

Уран бичлэгийн чиглэлээр сураад нэг сар гаруйн хугацаа өнгөрч байхад Залуучуудын соёлын наадам Турк улсын Анкара зохион байгуулагдсан юм. Монголын урлагийн зөвлөл, Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр тус наадамд оролцох боломж надад олдсон. Би эхэндээ Залуучуудын соёлын наадамд оролцож, гадаад хүмүүсийн нэрийг монгол хэл рүү хөрвүүлж, монгол бичгээр уран бичлэгээр бичиж өгч чадна гэдэгтээ жаахан итгэлгүй байлаа. Наадмын үеэр 240 гаруй турк хүний нэрийг монгол бичгээр уран бичлэгээр бичиж өгөхөд маш гоё хүлээж авсан. Турк хүмүүс “Бид бол түрэг угсаатан, монголчуудтай ах, дүү үндэстэн. Тиймээс монгол бичгээр нэрээ бичүүлж байгаадаа маш их баяртай байна” гэж хэлсэн. Надад төрсөн анхны тэр сэтгэгдэл намайг уран бичээч болоход маш их урам өгсөн. Мөн Каллиграф төвийн тэргүүн, Монголын хүүхдийн ордны уран зургийн дугуйлангийн багш Батбаяр миний уран зургийн багш байсан.

МОНГОЛ БИЧИГТ ГОО ЗҮЙГЭЭС ЭХЛҮҮЛЭЭД БУСАД ОРНЫ ХЭЛ БИЧГЭЭС ЯЛГАРАХ ОЛОН ОНЦЛОГ БИЙ

-Турк хүмүүсээс гадна бусад улс орны иргэд монгол бичгийн уран бичлэгийн бүтээлүүдийг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Ер нь дэлхийн аль ч улс орны иргэд өөр бусад улс орны бичиг соёлыг маш их хүндэтгэдэг. Өөрийн улс үндэстнийхээ бичиг соёлоо яаж хүндэтгэдэг яг л тэр жишгээр бусад улс орны бичиг соёлыг ч хүндэтгэж үздэг.

Монгол бичиг босоо бичлэгтэй, нар зөв зурлагатай. Энэ онцлогийг хүн бүр мэднэ. Мөн гоо зүйгээс эхлүүлээд бусад орны хэл бичгээс ялгарах олон онцлог бий. “Миний нэрийг монгол бичгээр бичвэл ямар харагдах вэ” гэдгээс эхлүүлээд “Монгол бичиг сурах юмсан” гэсэн хүсэл сонирхолтой хүмүүс дэлхийн улс болгонд байдаг. Тухайлбал, би “Шаштир” уран бичлэгийн үзэсгэлэнгээ 2017 онд “Улаан гэр” галерэйд гаргасан юм. Энэ үзэсгэлэнгийнхээ үеэр “Өөрийн нэрээ монгол бичгээр зөв сайхан бичиж суръя” нэртэй бэсрэг арга хэмжээ зохион байгуулсан. Тухайн үзэсгэлэнд минь зочилсон америк, англи гурван бүсгүй монголчуудаас ч илүү олон удаа оролдлого хийж, хичээл зүтгэл гаргаж байсан.

Гадаадын улсуудад зохион байгуулагдаж буй бичиг соёлын олон арга хэмжээнд оролцож байхад гадаад хүмүүсээс нэрийг нь монгол бичгээр бичиж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. Нэрийг нь монгол бичгээр бичээд өгсний дараа тэр уран бичлэгээр шивээс хийлгүүлчихсэн хүмүүс ч бий. Мөн шивээс хийлгэх гэсэн юм гээд монгол бичгээр уран бичиг бичүүлсэн гадаад хүн олон байгаа. Яг шивээсээ хийлгэчихээд дөрвөн хүн харуулсан. Мөн монгол бичиг мэддэггүй шивээсчид надтай холбогдож үг, өгүүлбэрийн хөрвүүлэг хийлгүүлж, уран бичлэг бичүүлж байсан. Монгол бичигтэй шивээс хийлгэсэн гадаад хүмүүс шивээсээ үзүүлээд “алдаатай байна уу, зөв бичиж үү” гэж асуудаг. Эндээс харахад маш олон гадаад хүн монгол бичгээр нэрээ шивүүлэх, монгол бичиг сурах сонирхолтой байдаг.

-Монгол бичиг бүрэн төгс мэддэг гадаад хүн хэр олон байдаг вэ?

-Би яг тодорхой тоо мэдэхгүй байна. Ямартай ч япон нөхөртэй, монгол эмэгтэй надтай ирж уулзаж нөхөр нь ам бүлийнхээ гишүүдийн нэрийг монгол бичгээр биччихсэн зурвас үзүүлж байсан. Тэр зурвасыг үзсэний дараа гадаадын монголч эрдэмтэн, судлаачдаас гадна өөр ажил, мэргэжилтэй олон гадаад хүн монгол бичиг мэддэг юм байна гэж ойлгосон. Би монгол бичиг мэддэг, хэрэглэдэг гадаад хүмүүстэй ч нэлээн хэдэн удаа таарч байлаа.

-Дэлхий дахин гайхан биширч, шимтэн сонирхдог үндэсний бичиг соёлоо монголчууд хэрхэн түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх ёстой вэ?

-Монголчууд түүхэндээ арван бичиг хэрэглэсэн байдаг. Үүнээс хамгийн өнө удаан жил хэрэглэгдсээр ирсэн, өнөө цагт ч хэрэглэгдэж байгаа бичиг бол монгол бичиг. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ “Монгол уран бичлэг”-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан. Монгол хүн бүр монгол бичгээ мэргэжлийн түвшинд сураагүй байсан ч гэлээ өөрийн нэрээ зөв, сайхан бичээд сурчих хэрэгтэй. Мөн айл өрх болгон “Алтан товч”, “Болор эрих”, “Оюун түлхүүр” зэрэг эртний уран зохиолын монгол бичгээр бичигдсэн дээжис, судраас гэртээ нандигнаж хадгалаасай гэж хүсдэг. Энэ нь маш чухал ач холбогдолтой. Мөн монгол хүн бүр ургийн бичгээ монгол бичгээр хөтөлвөл монгол бичгийн соёл дараа хойч үедээ өвлөгдөж, залгамжлагдаад явна.

Гарын үсгээ монгол бичгээр зохиолгох гэсэн, гэр бүлийнхээ гишүүдийн нэрийг, ургийн овгоо монгол бичгээр бичүүлэх гэсэн хүмүүс надад өдөр тутамд л ханддаг. Мөн байгууллагын болон хувь хүний нэрийн тамганы загвар хийж өгч байгаа. Монгол бичгээ дээдэлж байгаа, монгол бичгийн уран бичлэгийн бүтээл хадгалах гэсэн сэтгэлээс үүдэлтэй учир ийм хүсэлтүүд ирэхэд баяртай байдаг. Миний уран бичлэгүүд мөн бараа бүтээгдэхүүний болон ном хэвлэл, киноны логонд багтахад баярладаг. Тухайлбал, “Зура”, “Зура: Цурам ажиллагаа” монгол уран сайхны киноны зурагт хуудас /постер/-ны “Дайчин” гэсэн монгол уран бичлэгийг би бичсэн. Мөн “Зүрхний хилэн”, “Цагаан хадаг”, “Амьдрал”, “Од ба гэгээ” киноны зурагт хуудасны уран бичлэгийг бичиж байлаа.

-2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар болсныг та хэрхэн харж байна?

-Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ монгол бичгээр давхар хөтлөн явуулах гэж байна гэтэл монгол бичиг мэдэхгүй, багадаа сурч байгаад орхичихсон хүн олон байгаа. Тэдний зарим нь монгол бичиг сурах хэцүү гэсэн бодолтой байдаг. Монгол хүн монгол бичгээ сурахад үндэсний бичиг маань учир гадаадын ямар ч хэлийг сурахаас хамаагүй хурдан сурна.

Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байгаа нь маш чухал гэж харж байна. Монгол бичгээ улс, үндэстнийхээ хэрэглээнд нэвтрүүлэх чухал алхам хийлээ гэж бодсон.

-Монголд хэчнээн уран бичээч бий вэ. Тэр дундаас таны уран бүтээлчийн болон уран бүтээлийн ялгарах онцлог юу вэ?

-Нийтдээ 30-40 уран бичээч байгаагаас идэвхтэй уран бүтээл туурвиж байгаа нь 20 орчим хүн бий. Би зотон дээр уран бичлэг бичдэгээс гадна инстоляци буюу орчин үеийн нэн шинэ урлагийн төрөл болох өрөг бүтээл туурвидаг гэдгээрээ онцлог.

Өнөө цагт монгол бичгийг сонирхон судалж, хичээллэж буй залуус олон бий. Тэднээс олон сайхан уран бичигтэн төрөн гарч байгаа.

АМАР АМГАЛАН, НАМ ГҮМ МОНГОЛ БИЧИГТ БАЙГАА

-Та уран бичлэгийн төрлөөр маш олон уралдаанд түрүүлж, мөн нэлээн олон үзэсгэлэн гаргасан юм билээ?

-“Анирт аниргүй” бие даасан тав дахь, уран бичлэгийн гурав дахь үзэсгэлэнгээ өнгөрсөн сард “Морьтон-2” галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн. Би оюутан ахуй цагаасаа “Хавар”, “Алтан бийр” тэргүүтэй дотоодын хамтарсан үзэсгэлэнд оролцсон. Мөн “НордАрт”, ““Бээжин Биенналь”, “Чонгжу Биенналь”, 2018 онд ОХУ-ын нийслэл Москвад зохион байгуулагдсан Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн тэргүүтэй олон улсын хамтарсан үзэсгэлэнд идэвхтэй оролцдог учир бүтээлээ дэлгэсэн хамтарсан үзэсгэлэн маш олон бий.

Тэмцээн уралдааны тухайд уран бичлэгийн төрлөөр 2013 онд “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлж, “Бичиг соёл” боловсролын төвөөс 2014 онд зохион байгуулсан “Бичиг соёл” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэн болсон. Мөн 2018 онд Чой.Лувсанжав багшийн нэрэмжит “Монгол бахархал” уралдаанд тэргүүн байр эзэлж, 2019 онд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд түрүүлсэн.

Гэрэл зургийн эх сурвалж: Gogo.mn

-Та “Анирт аниргүй” уран бүтээлийн цомгоо мөн гаргасан юм билээ. Яагаад ийн нэрийдсэн бэ?

-2009 оноос хойш өнөөг хүртэл хийсэн 100 орчим бүтээл багтсан “Анирт аниргүй” нэртэй уран бүтээлийн цомог /каталоги/-оо саяхан гаргасан. Япон улсад төвтэй “Монголын экологийн мэдээллийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Хидео Нишида гэдэг хүндэт япон багш минь “намайг цомгоо гарга” гэж урам зориг өгч, энэ цомгийг маань дэмжиж хэвлүүлж өгсөн.

Цомгоо хэвлүүлснээ тохиолдуулан “Анирт аниргүй” үзэсгэлэнгээрээ зотон дээр бичсэн уран бичлэг, инстоляцийн 20 орчим бүтээлээ дэлгэсэн. Цомгийн болон үзэсгэлэнгийн нэрний тухайд амар амгаланг бэлгэдсэн. Хүмүүсийн амьдрал автомашинаас эхлүүлээд элдэв техник технологийн дуу чимээн дунд завгүй өнгөрч байдаг. Гэтэл хүмүүний дотоод сэтгэл аниргүйг, нам гүмийг, байгалийн өөрийнх нь дуу чимээг хүсдэг. Тэгвэл тэр амар амгалан, нам гүм монгол бичигт байгаа юм шүү гэсэн утга санааг агуулж уран бүтээлийн цомгоо, үзэсгэлэнгээ “Анирт аниргүй” гэж нэрлэсэн.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Урьж ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

О.Ням-Очир: Надаар зохиолгосон гарын үсгээ ашиглаж байгааг, миний бүтээлийг гадаад хүмүүс биедээ шивүүлснийг харах сайхан байдаг  
Үзсэн: 2395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-10-15 13:22
Мундаг уран бүтээлч дүүдээ улам их амжилт хүсье. Бийр нь хурц билиг оюун төгс ундрах болтугай
Зочин [127.0.0.xxx] 2022-10-14 13:27
Мундаг уран бүтээлч байна

Бидэнтэй нэгдээрэй