Шууд Chart

Б.Ганбат: МУИС-д лаборантаар ажилд орсноосоо хойш мерит зарчмаар 20 жил ажиллаж байна

2022-12-16 13:56:31

Монгол Улсын их сургуулийн багш, доктор, профессор Баасанцэрэнгийн Ганбатыг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа.

ЦЭЛ ЗАЛУУ ПРОФЕССОР

-Анх тантай уулзахдаа “Ганбат профессор” гэхээр нэлээд ахимаг насны буурал үстэй хүн байх гэж төсөөлж байлаа. Харин та төсөөлснөөс минь насаар хэт залуу байсан. Та наснаасаа нэлээд залуу харагддаг хүн үү эсвэл бага залуудаа доктор, профессор болсон уу?

-Би Монгол Улсын их сургуулийг 2002 онд электроникийн мэргэжлээр төгсөөд, намраас нь МУИС-д лаборант / оюутнуудад мэргэжлийн туслалцаа үзүүлж, хичээл ордог, анги танхимын тоног төхөөрөмжийг хариуцаж ажилладаг ажилтан /, цагийн багш, сургалтын инженерээр ажилласан. Энэ цагаас л хойш МУИС-даа хамгийн доод түвшнээс нь мерит зарчмаар ажиллаж байна.

2004 онд БНСУ-ын Үндэсний их сургуульд гурван хэмжилтэд дэлгэцийн чиглэлээр магистр, үргэлжлүүлэн гурван хэмжилтэд дэлгэцийн нийлмэл дүрсээр доктор хамгаалсан. Гурван хэмжилтэд дэлгэцийн нийлмэл дүрс гэдэг нь нүдний шил ашиглахгүйгээр буюу нүдээрээ хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу 3D дүрсийг харах боломжтой талаар судалгааны ажил хийсэн. Судалгааны ажил гэхээр олон улсын жишгийн дагуу шинэ санаа боловсруулж, туршилтаар баталгаажуулж paper буюу өгүүлэл хэвлүүлдэг. Миний хувьд доктор болох хүртлээ дөрвөн өгүүлэл хэвлүүлсэн.

-МУИС-ийн багш, ажилтнууд “Захирлын сонгон шалгаруулалтыг одоогийн мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын хүрээнд ил тод, нээлттэй, өрсөлдөх тэгш боломжтойгоор зохион байгуулах, сонгон шалгаруулалтын товыг мэдэгдэх, нэг орлон гүйцэтгэгчийг өөр түр орлон гүйцэтгэгчээр сольдог хууль бус жишгийг таслан зогсоох” талаарх шаардлага өнгөрсөн аравдугаар сард эрх бүхий хүмүүст хүргэж байсан. Үр дүнд хүрсэн үү?

-МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалт зохион байгуулах шаардлагыг хүлээж авсан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа хууль, ном журмаа баримтлаасай гэж хүсч байна. Гэхдээ нэлээн олон хүн итгэлгүй л байгаа. МУИС-ийн захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулалтаараа шалгаруулж томилох ёстой. Энэ дагуу хамгийн сүүлд 2014 онд л захирлыг томилсон. Үүнээс хойш харьяа яамны сайд нар түр орлон гүйцэтгэгчийг захирлаар томилдог болчихсон. Энэ намар гурав дахь түр орлон гүйцэтгэгчийг захирлаар томилсон. Энэ дагуу багш, ажилтнууд шаардлага хүргүүлсэн юм. Оюутнууд ч мөн шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсний дараагаар МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад, энэ сарын 2-ныг хүртэл материалаа хүлээж авсан. Сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байгаа. Төрийн албаны тухай хууль тогтоомжид зааснаар 65-аас доош насны хүн нэр дэвших эрхтэй. Одоогийн МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч 68 настай, ганцхан тэр хүн л  шалгаруулалтад орсон.

-Төрийн өмчийн их сургуульд захирлын түр орлон гүйцэтгэгчийг томилох нь ямар сөрөг нөлөөтэй вэ. Эерэг нөлөө бий юу?

-Төрийн өмчийн зургаан сургуулийн тавыг нь захирлын түр орлон гүйцэтгэгч удирдаж байгаа юм билээ. Мөн Засгийн газрын өнгөрсөн долоодугаар сард гаргасан тогтоолоор төрийн өмчийн 13 сургуулийг таван сургуульдаа нэгтгэсэн. Энэ сургуулиудыг түр орлон гүйцэтгэгчид удирдаж байна. Үүний хор уршиг нь юу вэ гэхээр салбар яамны сайд шууд босоо тогтолцоогоор удирдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгчдэдээ үүрэг чиглэл өгөөд бүх асуудалд оролцож буй байдал ажиглагдсан. Мөн манай салбар яамны зарим газрын дарга үүрэг гүйцэтгэгч. Сайд үүрэг гүйцэтгэгчдийг солих эрхтэй учраас үүрэг гүйцэтгэгчийг үгээрээ байлгах боломжтой.

-МУИС-ийн захирал ном журмын дагуу томилогдсоноор нэн тэргүүнд ямар ажлуудыг барьж авсан нь зүйтэй вэ?

-Төрийн өмчийн их сургуулиудын бүтэц 2014 онд өөрчлөгдсөн. Энэ дунд сайн ч, саар ч зүйл бий. Бүтцийн өөрчлөлтөөс үүдэн МУИС-д гарсан алдаануудыг засах ажил хийгдэж байгаад гацсан байгаа. Үүнийг үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн оюутнуудын төлбөртэй холбоотой асуудлууд бий. Тухайлбал, манай байгалийн ухаан, инженерийн салбарын сургуулиудад химийн урвалж бодис авах, тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай байгаа.

ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДЫН НЭГДЭЛ ОРГАНИК БАЙХ ЁСТОЙ

-Төрийн өмчийн их сургуулиудын нэгдлийн талаар та өмнө нь “механикаар нэгтгэх нь буруу, органик нэгдэл байх ёстой” гэж хэлж байсан. Таны энэ байр суурь хэвээрээ юу?

-Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр нэгдэж болно. Сургалтын тал дээр механик нэгдэл үр дүнгүй гэж харж байна. Нэг жишээ авахад, Оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбар салбарт ажиллах үндэсний шилдэг инженерүүдийг чадваржуулах “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Энэ тэмцээнд оролцож буй багийн тоо цөөрсөн. Учир нь оролцдог сургуулиудыг нь цөөлчихсөн. Жишээ нь, ШУТИС-ийн Компьютер, техник, менежментийн, МУИС-ийн Мэдээлэл, технологийн, Физик электроникийн сургууль тэргүүтэй хүчтэй багтай сургуулиуд оролцож, “Робокон” маш өрсөлдөөнтэй болдог, оюутнууд ч тэмцээндээ бэлдэх хугацаандаа маш их зүйл сурдаг байсан. Сая Монгол Улсын их сургуулиудын дундах сүлжээний олимпиад болоход оролцсон багийн тоо ч мөн цөөрсөн. Сургуулиудыг цөөлснөөр өрсөлдөөнгүй хөгжил рүү явах талтай. Өрсөлдөөнгүй хөгжил гэж хаана ч байхгүй. Монголчууд аль ч салбарт дэлхийд өрсөлдөхийн тулд дотоодын өрсөлдөөн бий болгох хэрэгтэй, спорт ч энэ зарчмаар л явдаг.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод олон улсын жишигт нийцсэн их сургуулиудын тоог олон болгох талаар тусгасан. Олон улсын жишиг сургуулийн жагсаалтад их сургуулиудыг эрэмбэлэхдээ тус сургууль хэчнээн доктор, профессор багштай, тухайн багш нар хэчнээн өгүүлэл /paper/ хэвлүүлснээс хэр олон нь эшлүүлдэг зэрэг маш олон үзүүлэлтийг хардаг. Гэтэл их сургуулиудаа нэгтгэхээр дундажлагдаад жагсаалтын одоогийн байрнаасаа ухарна.

Тухайлбал, Их сургуулийн гол ажлуудын нэг нь судалгаа. Судалгааг өгүүллээр үнэлдэг. МУИС Монголын бусад их сургуультай харьцуулахад хамгийн олон өгүүлэл хэвлүүлдэг. Эрдэм шинжилгээ тал дээр бусад их сургуулиас илүү гэсэн үг. Эндээс харахад МУИС-тай нэгдсэн сургуулиуд дагаад хөгжинө. Гэхдээ МУИС-ийн олон улсын жишигт нийцсэн их сургуулийн жагсаалтад дээгүүр байрт орох ахиц удааширна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Ганбат: МУИС-д лаборантаар ажилд орсноосоо хойш мерит зарчмаар 20 жил ажиллаж байна  
Үзсэн: 6043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-17 23:34
Иймэрхүү залуучууд Монголд зөндөө болсон доо. Гагцхүү Монголчуудын хандлагыг өөрчилж, Монголын нийгмийг "ХҮНИЙ ТӨЛӨӨ, ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ" нийгэм болгохын төлөө ажиллаасай даа.
Зочин [127.0.0.xxx] 2022-12-17 15:49
Шизотой худлаа баагий.
МУИС [127.0.0.xxx] 2022-12-17 12:53
Ганбөт багшдаа ажлын өндөр амжилт хүсье. МУИС судалгааны их сургууль болоход төдийгүй сургуулийн хөгжил, дэвшилд өөрийн оюун ухаан, чин сэтгэлээ харамгүй зориулж байдаг зохих хүндлэл хүлээсэн жинхэнэ профессоруудын нэг гэж бахархаж явдаг даа.
Зочин [127.0.0.xxx] 2022-12-17 12:38
АШУҮИС-ийн сонгон шалгаруулалт гэж жинхэнэ жүжиг болсон гэсэн. Одоогийн үүрэг гүйцэтгэгчээ өөрийнх нь триилсон ТУЗ дэмжээд явуулсан. Тэр ТУЗ-д нь захиргааны зөвлөлийнх нь гишүүд, найзууд нь орсон, хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус ТУЗ байсан
Зочин [127.0.0.xxx] 2022-12-17 13:08
Arau ch dee. Iiim bj boku sht
муис оюутан [127.0.0.xxx] 2022-12-17 10:56
нийгмийн асуудал дээр байр сууриа илэрхийлээд дугарчихдаг хичээлээ ч чадварлаг заадаг мундаг багш шүүдээ. ямар муухай юу ч мэдэхгүй хүмүүс энд сэтгэгдэл бичээд бнаа
Зочин [127.0.0.xxx] 2022-12-17 02:17
Za zailaa
Зочин [127.0.0.xxx] 2022-12-16 21:20
Uneheeriin zaluu daa doktor, professor boljee
МУИС [127.0.0.xxx] 2022-12-16 21:18
Сайн профессор
Муис багш [127.0.0.xxx] 2022-12-16 19:47
Тэнэг популист гэдгээрээ МУИСт алдартай
Zochin [127.0.0.xxx] 2022-12-17 12:02
Hicheelee hiideggui yumnuud hicheel deer ni unahaaraa ingej muuldiin chaaos
Зочин [127.0.0.xxx] 2022-12-16 19:07
Шизотой худлаа баагий.

Бидэнтэй нэгдээрэй