Шууд Chart

Хүүхэд, залууст зориулсан “Президент” спорт цогцолборын ТЭЗҮ дуусах шатандаа оржээ

2023-02-03 12:04:25

Монгол Улсын сайд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нар хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд спортын салбарт хийгдэж буй ажлуудын талаар өчигдөр Төрийн ордонд харилцан мэдээлэл солилцлоо.

Тодруулбал, Монгол Улсын ба уулзалтаар энэхүү бүтээн байгуулалтын барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн судалгааны талаар хэлэлцсэн юм.

Монгол Улсын нийтийн биеийн тамирын хөгжилд онцгой хувь нэмэр оруулах энэхүү төслийг удирдаж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар байгуулжээ. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох таван яамны дэд сайд нар, Улаанбаатар хотын орлогч дарга, биеийн тамир, спортын гурван байгууллагын төлөөлөгч, ижил төстэй төсөл хэрэгжүүлж байсан инженер, судлаачид багтсан.

“Президент спорт цогцолбор”-ын барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн судалгааны ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, хоёр орны хамтарсан бүтээн байгуулалтын ажил амжилттай өрнөж, спорт цогцолборын ТЭЗҮ-г манай орны уур амьсгалын онцлог, орчин нөхцөлд тохируулан гаргахаар ажиллаж байна.

Энэ талаар БХБ-ын дэд сайд Золбоо ““Президент” спорт цогцолборын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг 2021 оны 4 дүгээр сараас эхлэн “Гоби травел” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Спорт цогцолборын иж бүрдэл ажлын зураг энэ сард багтан гарна. Цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах бөгөөд шаардлагатай газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн А/356 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яаманд олгогдсон. Төсөл хэрэгжих талбай нь 4 га, үүнээс цогцолборын үндсэн барилга 1.8 га-д босох ба ногоон байгууламж 0.4 га, зам талбай 1.6 га байхаар төлөвлөсөн” гэсэн юм.

“Президент” спорт цогцолборын зураг төслийг боловсруулахдаа Монгол Улсын стандартаас гадна олон улсын стандарт, хэмжилзүйг удиртгал болгон ажиллажээ. Уг зураг төслийн дагуу спорт цогцолборын барилга нь нийт 59 мянган м2 талбайтай, 4 давхраас бүрдэх томоохон байгууламж болох аж. Үүнд сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бүх төрлийн бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй, гүйлт гэсэн 19 төрлийн спортод зориулсан иж бүрэн сургалтын танхим байгуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн нэг удаагийн нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1,327 хүнд үйлчлэх боломжтой. Ингэснээр өдөрт 6000 орчим хүн спортоор хичээллэж, 10,000 гаруй хүнд спортын үйлчилгээ үзүүлэх боломжоор хангагдаж байгаа юм.

Спорт цогцолборыг байгуулах Ажлын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ “Монгол, Хятад хоёр орны найрамдалт харилцааны үүх түүхийг сөхвөл тэртээх 1950-иад оноос эхтэй бөгөөд урд хөрш маань манай улсын спортын хөгжилд томоохон нөлөө үзүүлэхүйц олон туслалцаа үзүүлсээр ирсэн билээ. Хамгийн ойрын жишээг дурдвал, Хятад улсын тусламжаар Буянт-Ухаагийн спорт ордныг байгуулж, дан ганц дотоод гэлтгүй олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг эх орондоо зохиож байна. Мөн энэ уулзалтаар харилцан мэдээлэл солилцсон спорт цогцолборыг хоёр орны Ерөнхийлөгч нарын хэлэлцээрийн дүнд Хятадын талаас бүрэн санхүүжүүлж, барьж байгуулахаар шаргуу ажиллаж байна. Энэ цогцолбор ашиглалтад орсноор Монголын хүүхэд, залуус олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн цогцолборт 19 төрлийн спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягт суралцах маш том боломж нээгдэж байгаа юм. Миний зүгээс энэ бүтээн байгуулалтын Ажлын хэсгийг ахлах болсныг нэр төрийн хэрэг хэмээн хүлээн авсан билээ. Энэ уулзалтын тухайд үнэхээр үр дүнтэй болсон гэдгийг онцгойлон мэдэгдье. Элчин сайд Цай Вэньруй зураг төслийн ажлын явцтай танилцаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн” гэсэн юм.

Биеийн тамир, спортын улсын хороо


Хүүхэд, залууст зориулсан “Президент” спорт цогцолборын ТЭЗҮ дуусах шатандаа оржээ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй