Шууд Chart

Тийм ээ, бид сүрьеэ өвчнийг устгаж чадна

2023-03-25 10:01:25

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тохиодог Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг энэ онд “Тиймээ, бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэлээ. 

Энэ өдөрт зориулсан хэвлэлийн бага хурлыг өчигдөр ЭМЯ-наас зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, “Глобаль сан”-гийнхан оролцож сүрьеэ өвчинтэй дэлхий нийтэд хэрхэн тэмцэж буй болон Монгол Улсад сүрьеэ өвчний үед үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, энэ өвчнөөс иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх тандан судалгааны явц зэрэг олон сэдвээр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дэлхийн улс орнуудад олон хүнийг өвчлүүлж, нас баралтын эхний арван шалтгааны нэг болсоор байгаа сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр үндэсний хэмжээнд зохион байгуулж байгааг дурдаад сүрьеэ өвчинтэй тэмцэхэд Монгол Улс хэрхэн анхаарч буй талаар товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг сүрьеэгийн тохиолдол болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалтаар өндөр дэлхийн 30 орны нэг хэмээн 2021 онд мэдээлсэн.

Коронавируст цар тахлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улс орнуудад сүрьеэгийн илрүүлэг буурч эмчилгээ, хяналтын боломж хязгаарлагдмал болсон. Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн илрүүлэлт цар тахлын өмнөх үеэс 30 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Аливаа халдварт өвчнийг хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр, нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсооход байдаг.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сан зэрэг олон улсын байгууллагын хамтын хүчээр сүрьеэгийн тусламж үйлчилгээнд чамгүй ахиц дэвшлийг гаргаж чадсан байна.

Өнгөрсөн хугацаанд үндэсний хэмжээнд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж орчин үеийн Молекулбиологит суурилсан оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээ болон бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг сүрьеэгийн тусламж үйлчилгээнд өргөн ашиглаж, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний 9 сарын богино горим болон бүх эмийг уух горимыг нэвтрүүлж чадсанаар өнөөдрийн байдлаар сүрьеэгийн эмчилгээний амжилт дэлхийн болон НДББ-ийн дунджаас өндөр байна.

Эрүүл мэндийн сайдын “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө” 2022 онд батлагдан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн урт хугацаанд хэрэгжих “Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх, үндэсний стратеги”-ийн төслийг боловсруулан ажиллаж байна.

2022 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 10 гаруй зөвлөх мэргэжилтэнтэй хамтарсан Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг 6 чиглэлээр хийж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж чиглэлийг өгч ажилласан. Мөн Глобаль сангийн 2024-2026 онд хэрэгжүүлэх төслийг боловсруулах бодлогын суурь баримт бичиг болж байгаад талархалтай байна.

2022 оны тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн сайдын А139 дугаар тушаалаар “Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж, сүрьеэтэй байж болзошгүй 1100 гаруй тохиолдлыг илрүүлж, сүрьеэгийн 5 тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулсан.

Хэдийгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр олон талын арга хэмжээг авч, ахиц дэвшил гарч байгаа хэдий ч шийдвэрлэх шаардлагатай олон олон асуудлууд байсаар байна” хэмээгээд сүрьеэгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын “Сүрьеэг устгах” тунхгийг хэрэгжүүлэхэд олон салбарын оролцоо, хамтын ажиллагаа, Засгийн газар, хандивлагч орнууд, иргэний нийгэм, хувийн салбар, сайн дурын идэвхтний үүрэг хариуцлага, үндэсний манлайлал зайлшгүй шаардлагатай байгааг онцолж сүрьеэ өвчинтэй тэмцэхэд зайлшгүй шаардлагатай зарим асуудлын талаар ярьсан юм.

Хэвлэлийн хурлын үеэр сүрьеэгийн чиглэлээр дэлхий нийтэд баримталж буй бодлогын талаар ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Х.Анузаяа, Монгол Улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, сүрьеэгийн тандалт судалгаа, илрүүлэг болон олон улсын тусламж дэмжлэгийн талаар ДОХ, сүрьеэ, хумхаагийн эсрэг Глобаль сангийн мэргэжилтэн С.Ганзаяа, амьсгалын замын халдварт өвчин, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан нар мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Тийм ээ, бид сүрьеэ өвчнийг устгаж чадна  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй