Шууд Chart

Ц.Цолмонбаатар: Суурьшлын бүсэд могой орж ирэх тохиодол олширч байна

2023-07-19 16:00:58

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирсэн тухай мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

- Он гарснаас хойш суурьшлын бүсэд ямар төрлийн, хэчнээн могой орж ирсэн бэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хорт, мөн рашааны могой буюу хоргүй могой тархсан байдаг. Он гарснаас хойш зэрлэг амьтадтай холбоотой 24 удаагийн дуудлага авснаас 15 удаагийн дуудлага нь хортой буюу бамбайн хоншоорт могойн талаарх дуудлага авсан. Ийм төрлийн дуудлага жил бүрийн долоодугаар сараас есдүгээр сарын сүүл хүртэл буюу могой идэвхжилийн үеэр ирдэг.

-Ямар шалтгааны улмаас могой суурьшлын бүсэд орж ирдэг вэ?

-Хоёроос гурван шалтгааны улмаас могой тархдаг гэж Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид таамагладаг. Улаанбаатар орчимд тархсан могой үерийн усаар дамжин тархац бүсийн байршлаа өөрчлөх боломжтой. Могой бол хүйтэн цустай амьтан учир дулаан газар руу тэмүүлж байдаг. Тиймээс хөдөө явсан иргэдийн тээврийн хэрэгслийн мотороор дамжин орж, улмаар хотын төвөөр тархаж байна гэсэн таамаг байна. Өнгөрсөн жил машины мотор, салхины шилэн дээр могой байна гэсэн дуудлага ирсэн болохоор ингэж таамаглаж буй. 

 

-Могойноос хэрхэн сэрэмжлэх вэ. Харагдах байдлаар нь хортой, хоргүйг ялган таньж болох уу?

-Суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар Нийслэлийн Байгаль, орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Улаанбаатар хотын Шуурхай Удирдлага Зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд хандан дуудлага өгнө. Хортой буюу бамбайн хоншоорт могойн шинж нь хүүхэн хараа нь босоо, харин хоргүйнх нь дугуй байдаг. Гэхдээ энгийн иргэд үүнийг шууд хараад ялгах боломжгүй.

-Хортой болон хоргүй могойнд хатгуулсан тохиолдолд иргэд ямар арга хэмжээ авах вэ?

-Могойд хатгуулсан тохиолдолд иргэд өөрт ойр байрлах эрүүл мэндийн газарт хандах хэрэгтэй. Улаанбаатар хотын төвд тээврийн хэрэгслээр дамжин орж буй могой хаана ч байж болзошгүй учраас орон сууцны хорооллын СӨХ-дэд зөвлөмж хүргүүлдэг.


Ц.Цолмонбаатар: Суурьшлын бүсэд могой орж ирэх тохиодол олширч байна  
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй