
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард БНТУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон БНТУ-ын радио, телевизийн корпорац хоорондын радио, телевизийн салбарын хамтын ажиллагааны тухай протокол”-д МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл, Туркийн радио, телевизийн корпорацын захирал Мехмед Захид Собажи нар гарын үсэг зурсан. Үүний үр дүнд МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг тоон системд хөрвүүлэн хадгалж, өндөр чанартайгаар сэргээх боломж бүрдэж байна.
МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг шинэчлэх төслийг БНТУ-ын ТИКА олон улсын байгууллага санхүүжүүлж, ТРТ телевиз хамтран ажиллана. МҮОНРТ-д Олон нийтийн телевизийн 57 жилийн дүрсэн архив, мөн 90-ээд жил үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн дуун архиваас бүрдсэн нийт 30,000 гаруй хальс 10 орчим өөр форматаар хадгалагдаж байна. Эдгээрийг сэргээх нь өндөр технологи шаардагддаг. Харин энэ төсөл хэрэгжсэнээр Монголын түүхэн ой санамж сэргэн, ашиглагдах боломж бүрдэх юм.
Төслийн санхүүжүүлэгч ТИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага бол олон жилийн өмнөөс Монгол улсад ажиллаж, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаад Монгол түмний оюун санааны өв болсон МҮОНРТ-ийн архивыг шинэчлэхэд хамтрах юм.
Али Муслу ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч: Тика бол хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг байгууллага юм. МҮОНРТ-ийн архивыг дижитал болгох энэ төсөлд ТИКА шаардлагатай дэд бүтцийн дэмжлэг тусламжийг үзүүлнэ. Харин БНТУ-ын ТРТ телевиз архивыг шинэчлэх төслийг бичиж, мэргэжилтнүүдийн сургах, бэлдэх тал дээр голлон хамтран ажиллана” гэлээ.
ТРТ буюу БНТУ-ын телевизийн корпорац нь архиваа тоон системд шилжүүлэх ажлыг сүүлийн 20 гаруй жил хийж буйн зэрэгцээ дүрс, өнгө, дууны өнөр чанартайгаар 4К систем рүү хувиргах ажлыг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлсэн. МҮОНРТ нь энэхүү цоо шинэ системд шилжсэнээр алтан сан хөмрөгөө ирээдүй хойч үедээ өнөө цагийн хамгийн шилдэг технологиор сэргээн өвлүүлэх боломж бүрдэж байна.
МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг дуу, дүрс, өнгөний шилдэг технологи ашиглан тоон системд шилжүүлнэ | ||
Үзсэн: 408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.