Шууд Chart

Мэддэг бас чаддаг тэгэхдээ хэрэгжүүлдэггүй

2014-12-01 10:49:52

Хэн мэдэхэв дээ дэлхийн хэмжээний асуудал ч байж болох л юм. Тэгэхдээ энийг ойлгож, өөрчлөх нь улс орон, хот суурин, хувь хүнд ч чухал хэрэгтэй мэт санагддаг.  Чухамдаа үүн дээр анхаарлаа хандуулахгүй байгаагаас болоод ч бид арай удаан хөгжиж байж болох л юм. Энэ бол хүний аливаа зүйлийг сурахад гардаг гурван шатны тухайх яриа юм.

Эхлээд хүнд мэдлэг бий болдог үүнийгээ анги танхимд багшаар заалгаад, нэг бол өөрөө бие даагаад, уншаад, үзээд, цээжлээд бий болгож болдог эд. Бид энийг сайн хийж чадаж байгаа. Нэг л их олон зүйл мэддэг хүмүүс шүү дээ. Нэг талаараа агуу юм. Дараа нь хүнд чадвар бий болох ёстой. Үүнийг мөн л хийж, туршиж, дагалдаж байгаад бий болгож болдог. Манайхан бас л муу гэхээргүй бий болгож чадаж байгаа. Сайн хичээвэл хэнд ч дадал, чадварыг бий болгож болдог. Тийм ч их хугацаа шаардахгүй байх.

Харин өнөөдрийн ярианы гол сэдэв болох ХАНДЛАГА бий болгох гэдэг дээр л бид алдаад байна даа. Ухаандаа энэ нь тухайн хүнд бараг л РЕФЛЕКС болгох асуудал юм. Түүний тархинд тухайн зүйлийн талаар бодоход л орж ирж байх ёстой ЭХНИЙ СОНГОЛТ нь бидний мэдүүлж, чадваржуулсан зүйл байж гэмээнэ энэ бол жинхэн АМЖИЛТ болох ёстой юм.

Би энийг ярих болгондоо л энэ жишээг авдаг юм. АРай хүмүүст ойлгуулахад хялбар бас анхаарал татахуйц учраас л тэр шүү дээ.

Ингээд жишээ.
18 магадгүй 15-аас дээш насны бүх хүмүүс өнөөдөр БЭЛГЭВЧ гэдэг зүйлийг хачин сайн мэддэг болжээ. Бэлгэвч хэрэглэх нь ямар ашигтай вэ хэмээн асуухад бараг л бүгд шахам "жирэмслэлтээс хамгаална, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлнэ" хэмээн хачин цоглог хариулж байна. За тэгвэл яаж хэрэглэдэг билээ гэсэн асуултанд ч бүгд л "уутыг нь болгоомжтой задлаад, үзүүрээс нь чимхээд ........, ...... хогийн саванд хаяна" гээд баргийн эрүүл мэндийн багшаас дутхааргүй сайхан хэлнэ шүү дээ. Гэтэл яагаад ийм сайн мэддэг, хэрэглэх дадал чадвартай байж хүн бүр бэлгэвч хэрэглэхгүй байна вэ? Яагаад гэвэл тухайн этгээдэд ХАНДЛАГА гэдэг зүйл алга байна. Бэлгэвч гээд бодох үед өнөөх ашигтай талууд нь бус "таашаал бууруулна" энээ тэрээ гэсэн зүйлс нь түрүүлж ТАРХИНД хүрч ирээд байна. Тиймээ хандлага бий болгоно гэдэг үнэхээр бэрхтэй юм шүү.

Яг үүн шигээр архи, тамхины хор, хотын соёл, жолоочын соёл, харилцааны соёл, ажлын зөв зохион байгуулалт зэргийг бидний ихэнхи маань мэддэг, хичээвэл хийж чадна. Тэгэхдээ байнга биш байгаад байна. Бид гэр, ажил, гудамж, олон нийтийн газар, авто зам дээр бухимдсаар л байна. Учир нь бидний эргэн тойронд өнөөх ЭЕРЭГ ХАНДЛАГА тогтоогүй байна шүү дээ. Тухайн хүн мэдэж байгаа боловч өөрийнхөө ХАНДЛАГА гэдэг зүйлдээ захирагдаад танд, надад, бусдад таалагдахгүй үйл хийдэг. Тэрийг нь бид мянга хашгирч, харааж, мал залаар нь дуудаад өөрчилж чадахгүй. Яагаад гэвэл ХАНДЛАГА бий болоход заавал хугацаа хэрэгтэй байдаг.

Үлгэрлэвэл тухайн хүн өөрийн өмнөх хандлагаа шинэ хандлагатай жишиж үзнэ, бага зэрэг туршина, таалагдахгүй бас тамлал шиг санагдвал бүүр хаячихна. Ахиад л олон нийтийн жишигт таарахгүй байгаа тул хичээнэ. Өмнөхөөсөө арай дээр ч шиг санагдана. Тэгэхдээ хажуугаар нь өөрийн үндсэн хандлагаа гаргасаар л байна. Тэгж байтал шинэ ХАНДЛАГА илүү их ашиглагддаг болно. Үүний дараа өнөөх хуучин хандлагаа үгүй хийх гэж бас л удна. Ийм л төвөгтэйгээр бий болдог зүйлийг ХАНДЛАГА гэх ажээ.

Тэгэхлээр өнөөдрийн Монголчууд бидний алдаа бол мэдлэг, чадварыг бий болгомогцоо амжилтанд хүрлээ гэж омойтох явдал юм.
Дээрхи жишээнүүд бэлхнээ харуулж байгаа байх. Миний бодлоор бол өнөөдөр нийгмийн хэм хэмжээ, хотын соёл, мэдээллийн зүй зохистой хэрэглээ, харилцааны соёл, "ХҮН БАЙХ" гэх мэт зүйлс дээр "ХАНДЛАГЫН ХУВЬСГАЛ" хийх хэрэгтэй шиг санагддаг юм.

Хэрэв бодлого нь зөв байгаад бүх л олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон боловсролын системтэйгээ хамтран ажиллаж чадвал хандлага өөрчлөгдөх хугацааг богиносгож болдог нь ч бас батлагдсан юм.

Тиймээс нөхөд минь өөрийнхөө хандлагыг эерэгээр өөрчлөхийн төлөө тэмцэхээс гадна, бусдынхаа хандлагыг эерэгээр өөрчлөгдөхөд нь туслаж амьдарцгаая.

За нэг иймэрхүү.

Ойлгомжгүй бичсэн бол мөхөс намайг өршөөнө буй за.

2011-10-06 14:43:42

Нийтэлсэн: Анжигай

Мэддэг бас чаддаг тэгэхдээ хэрэгжүүлдэггүй  
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-12-01 11:04
зөв өнцөг

Бидэнтэй нэгдээрэй