
Үйлдвэрийн салбарт, үйлдвэрлэлийн менежмент чиглэлээр дагнасан мэргэжлийн бөгөөд удирдах түвшний хүний нөөц Монгол улсад маань тийм ч хангалттай байдаггүй. Тийм ч учраас энэ салбарт голдуу гадаадын мэргэжилтэн, удирдах ажилтнуудыг багагүй өндөр өртөг, хөлстэйгээр бид авч ирэн ажилуулдаг. Харин энэхүү дотоодын үйлдвэрлэлийн салбарт олон жил амжилттай ажиллаж мэргэшсэн, арвин туршлага бүхий Монгол гүйцэтгэх захирлуудыг нэрлээч гэвэл яах аргагүй “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг би хувьдаа нэрлэнэ. Энэхүү эрхэмтэй хийсэн ярилцлагыг та бүхэн сонирхон уншиж болгооно уу.
-Цаг гарган уулзаж байгаад баярлалаа. Тантай уулзахаас өмнө сонин хэвлэл, цахим сайтуудаас нэлээд мэдээлэл, таны өмнө өгсөн ярилцлагуудыг харлаа. Давхар уншигчдын сэтгэгдлүүдийг харахад ер нь бол танд таагүй сэтгэгдэлтэй хүн бараг алга байна. Ялангуяа үйлдвэрлэлийн салбар, үйлдвэрлэлийн менежментийн чиглэлд дагнасан цорын ганц CEO гэж хэлж болохоор, очсон газар болгоноо босгож чаддаг гэсэн үнэлэмж, сайшаал их байлаа. Тэгэхээр хоёулаа яриагаа эхлэхээс өмнө таны талаарх ерөнхий танилцуулга мэдээллийг уншигчдадаа өгөх саналтай байна. Таныг “АПУ”-гийн Эрдэнэбилэг гэдэг талаас нь хүмүүс мэдэх байх.
-Баярлалаа! Хэвлэлд яриа өгөөгүй удсан байна. Ер нь бол Эрдэнэбилэг гэдэг хүн их энгийн гарал угсаатай. Би Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат. Хөдөө орон нутагт, Манлай сумандаа долоон жил дунд сургуульд нь сураад Өмнөговь аймгийн төвд нэгдүгээр арван жилд суралцсан. Тухайн үед онц сурдаг хүүхдүүдээс шалгаруулж математикийн сонгоны ангид 8-р ангиас нь авдаг байлаа. Бусад олон хүний адил сурлага сайтай энгийн хүүхэд явж ирсэний буянд энэ ангид шалгаран 3 жил сурч төгссөн. Улмаар МУИС-д Зөвлөлтийн инженерийн бэлтгэл (ЗИБ) гэж байхад нь 80-аад оны дунд үед энэ сургуульд орж сурсан. Дараа нь тэндээсээ үргэлжлүүлээд шууд Украины Киев хотод Техникийн их сургуульд нь Үйлдвэрлэлийн автоматик инженер гэсэн мэргэжлээр төгсч, техникийн ухааны магистр зэрэгтэйгээр ажил амьдралынхаа гарааг эхэлсэн дээ.
-Ер нь үйлдвэр гэдэг хүнийг төлөвшүүлэх, ялангуяа ярихаас илүү ажиллаж сурах, бодит амьдралыг ойлгох, ажилчин хүний зовлон жаргалыг хамгийн их мэдрүүлдэг, өөрийн үзэл бодлыг нь төлөвшүүлэхэд тусалдаг чухал газар-
-Тэгэхээр таны үндсэн мэргэжил инженер тал руугаа гэсэн үг байх нь ээ?
-Ерөөсөө үйлдвэрлэлийн автоматик инженер мэргэжилтэй хүн. Тухайн үеийн оюутнууд, тэр тусмаа миний үеийн оюутнуудад их аз завшаантай үе таарсан гэж боддог. Юу гэхээр хоёр систем солигдож байсан, эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч нөгөө талдаа амьдрах алтан боломж гарч ирсэн нь ганзагын наймааны ид үе байв. Энэ үеэс л сургуулиа дүүргэхийн сацуу бизнес, наймаа хийж багагүй ажиллаж байгаад Монголдоо ирсэн. Улмаар Монголдоо ирээд ноолуурын ууган, том компани болох “Говь” ХК-д дагалдан инженерээр 1995 онд ажилд орсон. “Говь” ХК бол тухайн үедээ Монголын эдийн засагт нөлөө бүхий томоохон үйлдвэрлэгч, тодорхой хэлбэл хоёр дахь том компани байлаа. Нэгдүгээрт нь Эрдэнэт үйлдвэр байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. “Говь” ХК тэр үедээ 2500 ажилтантай, Монголын экспортын нэлээд хувийг дангаараа эзэлдэг нөлөө бүхий компани байлаа. Тухайн үедээ л жилд 20 гаруй сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлодог байсан гэхээр жижиг компани биш л дээ. Тийм сайхан газрын ажилтан, инженер, удирдлагуудтай хамтарч ажилласан явдал нь намайг хувь хүний хувьд их сайн төлөвшүүлж өгсөн гэж боддог. Ер нь үйлдвэр гэдэг хүнийг төлөвшүүлэх, ялангуяа ярихаас илүү ажиллаж сурах, бодит амьдралыг ойлгох, ажилчин хүний зовлон жаргалыг хамгийн их мэдрүүлдэг, өөрийн үзэл бодлыг нь төлөвшүүлэхэд тусалдаг чухал газар. Энэ компанид би 2000 он хүртэл ажилласан. Дотоод борлуулалт, маркетинг, гадаад борлуулалтын тодорхой хэсгийг нь ч хариуцан ажиллаж байлаа.
Улмаар 2000 оноос “Эрдэнэт Хивс” компанид ажиллах завшаан тохиолдсон. Компанийн гүйцэтгэх захиралаар ажиллах саналыг миний найз “Номин холдинг”-ийн Ш.Уламбаяр захирал маань тавьж миний хувьд амьдралдаа нэгэн том өөрчлөлт хийх шалтгаан болсон. Одоогоос 14 жилийн өмнө гэсэн үг байх нь. “Эрдэнэт Хивс” компанид гүйцэтгэх захиралаар ажиллах тэр жилүүд надад мөн л их сайхан хамт олонтой учруулж, туршлага хуримтлуулах завшаан олгосон гэж үздэг. Тэр үед 1500 гаруй ажилтантай компани байсан гэхээр мөн л том компани гэж хэлж болно. Харин би гэдэг хүн тэнд 30 нас ч хүрээгүй залуу инженер, хамгийн залуу захиралд тооцогдож байлаа. Гэхдээ компани намайг залуу гэж голоогүйгээр үл барам маш эелдэг хүлээн авч, хамтарч ажилласан. Нэг хүний үнэ цэнэ гэхээс илүү шинэ удирдлагыг итгэл үнэмшилтэйгээр зөв хүлээн аваад, хамтдаа ажиллах уур амьсгалыг сайн бүрдүүлж намайг өсгөж хүмүүжүүлж сургасан үйл явдал болсон. Энэ бол маш чухал зүйл байсан юм аа миний хувьд. Би ч их зүйл сурсан.
Залуу хүний хувьд маш олон шинэлэг санаа гаргахыг эрмэлзэж байлаа. Ялангуяа компанийн засаглалын хэлбэрийг нь сайжруулах, ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжийг нь дээшлүүлэх тал дээр мэрийлттэй ажилласан. 2000 он гэхээр “Эрдэнэт Хивс” компани эдийн засгийн маш хүнд үед байсан. Тэр үед Австри улсын талд их хэмжээний өртэй. Тэр өр нь үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд хүндрэл учруулж байсан. Ийм үед нь миний бие орж, хамт олонтойгоо техникийн олон шинэчлэл хийж байлаа. Гэхдээ одоо бодоход тэнд тоног төхөөрөмж гэхээсээ илүү хүмүүсийн оюун санаа, хувь хүмүүсийн хөгжлийн шинэчлэлийг сайн хийсэн гэж бид боддог. Тэр ч үүднээсээ “Эрдэнэт Хивс” өнөөдөр салбартаа манлайлагч хэвээрээ байна. Дотооддоо хивснийхээ 90 гаруй хувийг дангаараа хангаж, олон оронд экспортлож, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийж байна. Энэ бол миний хувьд бахархаж явдаг зүйл л дээ. Өнөөдөр яагаад ингэж бахархаж ярьж байна вэ гэхээр, аль ч газар сайн захирал байна гэдэг утга учир бол тухайн үедээ сайн байх, сайн ажиллах тухай ойлголт биш, тэр захирал явлаа ч гэсэн дараачийн үе нь, дараагийн захирал нь сайн явж чадаж байвал энэ нь өөрөө залгамж чанарынхаа үүднээс, тухайн компанийхаа хувьд бахархам зүйл юм.
2007 оноос миний бие “АПУ” ХК-д компанид ажилласан. “АПУ” компанид ингэж ажиллах тохиол бас их сонин байдлаар надад олдсон л доо. Тэр нь юу вэ гэхээр, би 2001 оноос “JCI Монгол” төрийн бус байгууллагын гишүүнээр орж ажиллаж байлаа. Салбартаа шилдэг, мундаг залуустай хамтарч ажилласнаар олон сайхан найз нөхөдтэй болсон. Энэ найзууд дундаас нэг нь намайг “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан захиралд санал болгосон юм билээ. Эрдэнэтээс Эрдэнэбилэг захирал хот руу орж ирж байгаа юм байна, та нэг уулзаач гээд. Танилтай бол талын чинээ, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн ийм олон хүний нэгдэл явагдаж байж аливааг эерэг үйл ажиллагаа руу хөтөлдөг юм болов уу гэж би хардаг. Энэ ч утгаараа “JCI Монгол” байгууллага надад их зүйл өгч, олон юм сургасан. Ингээд 2007 оноос “АПУ” компанид ажилд орж, 2008 оноос нь гүйцэтгэх захирлаар нь томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
-Аль ч газар сайн захирал байна гэдэг утга учир бол тухайн үедээ сайн байх, сайн ажиллах тухай ойлголт биш, тэр захирал явлаа ч гэсэн дараачийн үе нь, дараагийн захирал нь сайн явж чадаж байвал энэ нь өөрөө залгамж чанарынхаа үүднээс, тухайн компанийхаа хувьд бахархам зүйл юм-
-“АПУ” ХК-д та шууд гүйцэтгэх захиралаар ирээгүй байх нь ээ?
-Эхний нэг жилийн хувьд П.Батсайхан захирал гүйцэтгэх, би дэд захирлын албыг хашиж байлаа. Гэхдээ энд хамгийн чухал нэг ойлголт бол бид хоёр анхнаасаа тоглоомынхоо дүрмийг хатуу тохирч чадсан. Өөрөөр хэлбэл, би Ц.Эрдэнэбилэг гэдэг хүн захирлаар ажиллах гэж байгаа бол тодорхой хэмжээний эрх мэдэлтэй, тэрийгээ дагасан хариуцлага үүрэх ёстой. Миний эрх мэдлийн хүрээнд бусад хүмүүс дундуур дайрч эсвэл шургаж орж ирэх ойлголт байхгүй гэдгийг би хувь нийлүүлэгчтэйгээ маш сайн тохирч чадсан. Энэ тохироо өнөөдрийг хүртэл үнэнчээр, маш нарийн мөрдөгдөж яваа гэж боддог. Хамгийн энгийнээр хэлэхэд, албан тушаалын хувьд “тэр хүнийг шууд тэнд тавь” гэдэг ч юм уу шахалт, ойлголт миний хувьд байхгүй. Яахав, надад санал болгож болно, гэхдээ шийдэх шийдвэрийн хувьд гүйцэтгэх захиралын л эрх мэдлийн асуудал. Гэхдээ эрх мэдэл гээд ингээд ярьж байгаа нь гоё сайхандаа ч биш юм. Зарчим нь нэг эрх мэдлийн цаана хоёр хариуцлага байдаг учраас энэ мэт зүйлийг хоёр талаасаа харж чадсан хэрэг. “АПУ” ХК сүүлийн хэдэн жилийн турш ямар амжилт гаргаж, ямар хөрөнгө оруулалт хийв гээд бодоод үзсэн ч тэр, хүний нөөцийн хувьд ч тэр, хамт олны хувьд төлөвшсөн ийм хамт олныг урагш нь яаж ахиулах вэ гээд маш олон асуудал бий. Мэдээж хүндрэлүүд ч байсан. Гэхдээ миний хувьд нийтлэг нэг давуу тал, боломж, амар зүйл нь юу байв гэхээр үйлдвэр бол өөрийн гэсэн менежмент, нэгдмэл онцлогтой. Ямар төрлийн үйлдвэр гэдгээсээ үл шалтгаалаад цаад талын загвар нь нэг байдаг юм. Жишээ нь, “АПУ” ХК дээр чанарын мэргэжилтэн байлаа гэж бодъё. Тэр хүн миний өмнө ажиллаж байсан газрын ижил мэргэжлийн хүнтэй ааш араншин, харц, үйл хөдлөл хүртэл адилхан байх жишээтэй. Тэгэхээр шууд ийм ойлголтоор менежментийг авч явахад харьцангуй туршлага, сурц надад байсан болохоор зарим талаар ажиллахад дөхөмтэй зүйл анзаарагдсан хэрэг.
-“Говь”-д та гадаадаас ирээд шууд ажиллаж байсан юм байна. Тэр үед хойно сурч ирсэн оюутнуудыг улс, яам нь шууд нэг тийш нь ажиллуулахаар томилж явуулдаг байв уу?
-1994-1995 оны үед тийм зүйл ерөнхийдөө үгүй болчихсон байсан. 1993 он хүртэл бол байсан байх. Тэр үед надад сонголт байлаа. Тухайн үед миний үеийн залуус үйлдвэр, компанид орж ажиллахыг нэг их боддоггүй байсан юмдаг. Яагаад гэхээр өөр байдлаар ажиллаж, амьдрах маш олон боломж байсан. Хувийн бизнес хийхээс эхлээд, хамгийн наад зах нь Бээжингээс Улаанбаатар, Улаанбаатараас Москва руу бараа зөөчихдөг алтан үе байсан юм. Олон ч хүн үүгээрээ дамжуулж амжилтад хүрсэн. Миний хувьд гэвэл би үүнийгээ бага зэрэг дундлаад, үйлдвэрт орж ажиллаж үзье, өөрийгөө хөгжүүлье гэж хүссэн. Тухайн үед Ёндонжамц гээд захирал “Говь”-д байсан. Тэр хүн намайг ажилд авч байлаа.
-“Эрдэнэт Хивс” рүү орох, мөн “АПУ” компани руу орох шалтгаануудыг харахад таны найз нөхөд, хүрээлж байсан хүмүүсийн нөлөө их байжээ. “JCI Монгол” ТББ-ын тухай та багагүй ярилаа. Хэзээнээс энэ байгууллагатай холбогдов? Та 2008 оны Үндэсний ерөнхийлөгчийн албан тушаалыг нь хүртэл хашиж явсан юм байна. Өөрөөр хэлбэл тултал нь явжээ. Олон улсад алба хашив уу?
Ц.Э: Олон улсад ч бас ганц, хоёр алба хашсан шүү. Гэхдээ тэр нь яах вэ, тийм том албан тушаал биш.
-Олон нийтэд танигдаж байна гээд навсаганаад байдаг нь ч тийм зөв зүйтэй алхам биш байх-
-Таныг төдийлөн мэддэггүй хүн харвал төв, төлөв буурь суурьтай, олон нийтийн ажилд идэвхтэй биш гэж дүгнэх юм болов уу гэж бодлоо. Ингээд хартал та ийм байгууллагад орж, ийм албан тушаалд хүртлээ ажилласан байна. Энэ талаар?
-Хэлж мэдэхгүй юм. Олон нийтэд танигдаж байна гээд навсаганаад байдаг нь ч тийм зөв зүйтэй алхам биш байх. Ер нь ч идэвхтэй байна гэдэг нь өөрөө олон нийтийн өмнө гарснаараа л идэвхтэй гээд хэлэгддэг ойлголт биш болов уу. Би “Эрдэнэт Хивс” компанид 2000 онд очиход залуу хүнд мэдээж амбиц, эго байж л байсан. Өөрийгөө захирал болчихлоо гээд том хардаг ч юм уу, зан авир нь өөрчлөгддөг ч юм уу. 28 настай залуу хүнд чинь байлгүй яахав дээ. “JCI Монгол” байгууллагын хувьд 2001 онд Улаанбаатар, Эрдэнэтийн найзууд маань энэ байгууллагад намайг оруулж байлаа. Анх орохдоо учир утгыг нь ойлгох биш үеийн залуустай хамт ажиллах сайхан гэж бодоод л гишүүн болж байлаа. Цааш цаашдаа явах тусам энэ байгууллагын үзэл санаа, тунхаг, итгэл үнэмшил юунд тулгуурладаг, хувь хүнд юу өгдөг, залуус, нийгэмдээ юу өгдөг вэ гэдгийг хараад байхаар тун ач холбогдолтой, миний ажил, амьдралтай харилцан шүтэлцээтэй байгууллага болж хувирсан. Зарим хүмүүс жишээ нь, “JCI” бол шоуны байгууллага гэж хэлдэг. Яахав дээ, шоу нь тэнд байж л байгаа. Шоу ч тэр, бусад нь ч тэр энэ бол амьдрал дээр бүх талаараа байдаг л зүйл. “JCI”-с төрсөн сайхан хос, гэр бүлүүд ч байж л байна. Гэхдээ хамгийн гол зүйл бол идэвхтэй иргэн гэдэг ойлголт өнөөдөр эрс багассан байна. Ялангуяа сүүлийн 20-30 жилд залуусын идэвх маш буурсан. Ерөөсөө л өөрийгөө боддог болчихлоо. Энэ өөрөө явсаар нийгэмдээ маш хортой үзэгдэл болдог. Тийм учраас залуустай хамт ажиллана гэдэг өөрийгөө хэн бэ, хаана яваа вэ гэж харж болдог өгөөжтэй газар юм. Салбар салбарт ажиллаж буй олон мундаг залуусаас туршлага хуримтлуулахаас гадна, алдаан дээр нь ч суралцаж таарна. Бид тухайн үедээ үнэхээр идэвхтэй ажилласан. “JCI Монгол” 2006 оноос хойш бүр ч идэвхтэй хөгжсөн. Энэ бол түүх. Гадаад орчиндоо ч тэр, дотооддоо ч залуусын итгэл үнэмшил дээшилсэн. Итгэл үнэмшил, тунхаг бол бидний хамгийн гол барьж байсан зүйл учраас үүнийгээ зөв ойлгоод явах юм бол хувь хүндээ цаашлаад нийгэмдээ хэрэгтэй. Нийгэмд зөв, эерэг залуус гарч ирэх нь юунаас ч илүү гэж би боддог.
-“JCI”-д орсон хүн болгон Үндэсний ерөнхийлөгч болох албагүй биз дээ. Та яагаад тултал нь явав?
-Яагаад явж болохгүй гэж. Гэхдээ мэдээж жилд нэг л ерөнхийлөгч төрдөг буюу ротацийн дүрэмтэй юм. Энэ нь юу вэ гэхээр сонгууль болно, бүх салбаруудын итгэл үнэмшлийг авах, тэдний дэмжлэгийг авах, бас тэдний өмнө хариуцлага хүлээдэг бүх процесийг дамжиж, бас давж гарах ёстой болдог. Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч нь ингэж байж сонгогддог албан тушаал. Үндэсний ерөнхийлөгчийн хувьд томилогддог албан тушаал. Өөрөөр хэлбэл 2008 оны Үндэсний ерөнхийлөгч болохын тулд 2006 онд сонгогдож хоёр жил явна. Тэр үед манай Эрдэнэтийн салбар “JCI Монгол” байгууллагын IX үндэсний чуулганыг зохион байгуулж байсан.
-Орон нутагт зохион байгуулсан байх нь ээ?
-Тийм. Би зохион байгуулах хорооных нь даргаар ажиллаж байсан. Тухайн үед би “JCI Эрдэнэт” салбарын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэр нь өөрөө өөрийгөө бусдад харуулах, урьд урьдын ерөнхийлөгчид Үндэсний ерөнхийлөгч болох бололцоотой кандидатуудын нэг гэж үзсний улмаас намайг сонгосон байх. Түүнээс биш би өөрөө болно гэж яваагүй. Угаасаа миний үндсэн нэг философи байдаг. Би заавал “Тийм болно, тэр болно” гэж дайрах бус тийм боломжийг үүсгэх хөрсийг нь бий болгоно гэж зүтгэдэг хүн.
-Та бас “YPO” гэдэг байгууллагын гишүүн юм байна. Хэзээнээс энэ байгууллагад хамаарах болов? “JCI”-аас ямар ялгаатай вэ?
-Жил гаруйн өмнөөс энэ байгууллагад явж байгаа. “YPO” буюу Young President Organization гээд байгууллага. Энд орсон шалтгаан гэвэл мөн л найз нөхдийн хүрээнд, хамтарч ажиллах шаардлага, хүсэл сонирхлын үр дүн гэж ойлгож болно. “JCI”-д олон жил идэвхтэй ажиллаад ирэхээр хүн ер нь идэвхтэй байхаас аргагүй болдог юм болов уу даа. Яг л тийм бодол мэдрэмж надад төрсөн. Үндэсний ерөнхийлөгч нь болсон. “JCI” бол 40 хүртэлх насны залуусын байгууллага. Тэгээд нас ахиад ирэхээр, насны хязгаарт нь хүрэхээр тэтгэвэртэй гарна гэдэг шиг л зүйл болдог. Хүн тэгээд удаан хугацаанд идэвхитэй байсан газраасаа гарахаар шоконд ордог ч юм уу, өөр зүйл хайж эхэлдэг юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл зүгээр сууж чаддаггүй юм.
-“YPO” болохоороо насны хязгаар байдаггүй байгууллага юм уу?
-“YPO” бол 50 хүртэлх насны хүмүүс байдаг газар гэж ойлгож болно. Гэхдээ нэг тийм хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, гишүүнчлэл хөөцөлддөггүй байгууллага. Дэлхий даяар энэ байгууллагын 20 гаруй мянган гишүүн байна. Гишүүн болох шалгуур нь ч өндөр. Удирдах албан тушаалтай, эргэлт нь 10 сая ам.доллараас дээш компанийн эзэн байх ёстой гэдэг ч юм уу. Ийм олон шалгалт, аудитууд явж байж гишүүнээр авдаг.
-Та одоо нас сүүдэр хэдтэй билээ?
-Би 1971 оных шүү дээ. Тэгэхээр 44 хүрлээ шүү. Яана даа нас явж өгч байна шүү. (Инээв)
-Яг миний үеийн залуусын хувьд нэг алдаа байдаг. Олон жил төрд ажилласан ч гэдэг юм уу, бизнест ч тэр хувиараа олж жил явж ирсээр хэтэрхий өмчирхөг, хувийн үзэлтэй болчихсон тал ажиглагддаг-
-Улстөрт ч тэр, бизнест ч тэр сонин хэвлэл харж байхаар их ярьж, бичдэг болжээ. Үе солигдож байна аа гэж. Эсвэл солигдох ёстой ч гэдэг юм уу. Та Монголын бизнесийн толгой компанийн удирдлагын хувьд төрийн ба бизнесийн бараг бүх л хүн, байгууллагатай харьцаж байгаа байх. Энэ хандлага, хүмүүсийн ярьж байгаа зүйл анзаарагдах юм уу? Ухаан нь дараагийн үеийн залуус гарч ирэх ёстой гэдэг ч юм уу?
-Угаасаа гарч ирэх ёстой!
-Гол нь гарч ирж чадаж байна уу тэд?
-Энэ бол маш харьцангуй ойлголт. Яг миний үеийн залуусын хувьд нэг алдаа байдаг. Олон жил төрд ажилласан ч гэдэг юм уу, бизнест ч тэр хувиараа олж жил явж ирсээр хэтэрхий өмчирхөг, хувийн үзэлтэй болчихсон тал ажиглагддаг. Одоо харин 30 орчим насны залуус бол шал өөр бодолтой болсон. Тэд өөрсдийгөө хөгжүүлье, сурч боловсрох ёстой юм байна гэж бодож байна. Ер нь бол залгамж халаа бол заавал байх ёстой. Харин энд нэг зүйлийг тодруулахад хууль тогтоох байгууллагад залуу хүн байхыг би дэмждэггүй. Хорь, гучин хэдхэн настай, ямар ч ажил сураагүй, байгууллага, хамт олон удирдаж үзээгүй, үйлдвэрт ажиллаж үзээгүй, хадаас ч хадаж үзээгүй хүн гэнэт гишүүн болчихоор юу болох билээ? Тэр хүмүүсийн чинь ертөнцийг харах үзэл ерөөсөө яриа төдийгөөр явж байгаа болохоор бодит амьдрал дээр нийцэж өгөхгүй харагддаг. Харин гүйцэтгэх засаглал, тэр тусмаа дунд шатанд залуус орж ажиллах хэрэгтэй. Тэр бол жинхэнэ залуу хүний язагнатал хийдэг ажил. Бодлогын шинж чанартай ажилд харин насны зааг, ялгаа байх нь зүйтэй болов уу би боддог юм.
-Компанийн захиралууд дундаас “Хүн компанийн хамгийн үнэт зүйл” юм гэж ярьдаг захиралууд эргээд харахад ч, уулзаад ярилцахад ч цөөхөн санагддаг. “Хүн хамгийн чухал юм” гэж ярьдаг захиралуудын нэг нь миний анзаарснаар бол та. Тэгэхээр одоо энэ ажиллаж байгаа “АПУ” гэдэг компанид хүний нөөцийн бодлогоо яаж тодорхойлж байна вэ? Одоо 20, 30, 40-тэй залуус гээд ялгаад харахад ертөнцийг харах өнцөг нь гурван өөр, туршлага нь ч өөр. Магадгүй зарим нь хоорондоо хоршоод ажиллачих байх. Зарим нь бүр таарахгүй байх. Ийм асуудлыг та яаж шийддэг вэ?
-Ер нь бизнес хийж байгаа захиралууд хүн гэж ярихгүй бол шууд утгаараа тэр хүн бизнесмэн хүн огтхон ч биш гээд ойлгочих хэрэгтэй. Хэрвээ тийм хүн байвал тодорхой хэмжээгээр гарын үсгээр юм уу, өөр маягаар орлого олж байна л гэсэн үг. Харин хүнийг ажиллуулж, хүний үнэ цэнээр баялаг бий болгож байгаа бол энэ хүн бизнесмэн, энэ бол аж ахуйн нэгж. Би ийм хатуу байр суурьтай байдаг. 2001 онд би “Эрдэнэт Хивс” компанийн захирал байхдаа нэг ярилцлага өгч байсан юм. Тэнд юу гэсэн гэхээр, ер нь удирдагч хүн гурван хэл дээр ярьдаг байх хэрэгтэй. Компанид тухайн үед 60-70 оны нэг үе, 70-80 оны мөн нэг үе, 80-90 оны нэг үе байлаа. 80-аад оныхон 2001 онд дөнгөж л 21 хүрэх гээд явж байсан залуус гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ гурван үеийн хэлээр ярина гэдэг маш чухал. 60, 70 оны хүмүүстэй тэдний сэтгэл, ертөнцийг харах үзлийг нь хүндэтгэж тэр хүмүүстэй ярихгүй бол 20-той хүнтэй ярьж байгаа юм шиг харьцаж болохгүй. Удирдагч хүн ажилчиддаа хүндлэгддэг байх ёстой. Түүнээс биш захирал гэдэг албан тушаалтай учраас ажилтнууд миний өмнө, байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэсэн байдлаар хүчилж, эс хүндэлж харьцаж болохгүй. Үүний дараа дунд үе. Тэд харьцангуй миний үеийн хүмүүс учраас өөрийнхөө хэлээр ярьчихаж болно. Гэтэл өнөөдөр миний хүүхдийн үе гараад ирчихлээ. Би тэдэнд аав ч юм уу, өвөөгийнх нь адилаар хандаад эхэлбэл сонирхлыг нь яагаад ч татахгүй. Тэд өөр юм хүсч байхад нь “Би ийм юм хүсэж байна. Чи зөвхөн ажлаа бод. Гэр бүлийн асуудлаа ажлаас хойш тавь” гэсэн байдлаар харьцаж болохгүй. Өнөөдөр гэр бүлийн амьдрал нь асуудалтай байвал яаж тэр хүнээс ажлын бүтээмж гарах вэ? Тийм учраас бид “Ажилчин хүн ажил дээрээ инээж ирээд, ажлаасаа инээгээд буцаж байх юм бол энэ компани бүтээмжтэй ажиллана” гэсэн концепци ярьж байсан юм. Хүн аз жаргалтай байх гэж ажил хийж байгаа болохоос, зовж, хэн нэгнээр дарамтлуулахын тулд ажил хийдэггүй. Тэгэхээр үзэл бодлын хувьд тэр чигтээ шинэ менежмент ярих ёстой гэсэн үг.
-Ер нь бизнес хийж байгаа захиралууд хүн гэж ярихгүй бол шууд утгаараа тэр хүн бизнесмэн хүн огтхон ч биш гээд ойлгочих хэрэгтэй-
-Ямар ч байгууллага, институци дээр хүн гээд ярихаар зайлшгүй дагалдаж яригддаг зүйл нь засаглал байх. Тэгэхээр энэ тал дээр магадгүй хувьцаат компанийн хувьд ХХК-иас өөр, илүү нээлттэй, магадгүй бүх юм нь, дүрэм журам нь бүртэл хатуу ч юм уу байдаг байх. Одоо ажиллаж байгаа компанидаа та энэ тал дээр юу хийж байна вэ?
-Засаглал гэдэг өөрөө маш том ойлголт л доо. Зөвхөн компанийн засаглал биш, ерөөсөө айл гэрийн засаглал, улмаар компанийн засаглал, улс орны засаглал тухай бүртээ сайн байхгүй бол үр дүн гарахгүй гэж үздэг. Хамгийн том жишээг нь аваад үзэхэд улс төрийн тогтолцоо, өнөөдрийн засгийн энэ байж байгааг харахаар нэг тийм мөнгөгүйдээ унаад байгаа гэсэн ядмагхан байдал огт биш юм байна аа гэж харагддаг. Хоёр жилийн өмнө би Блүүмбергт ярилцлага өгч байсан. “Яг үнэндээ мөнгөний хямрал гэхээс илүү засаглалын хямрал болж байна” гэж ярьж байсан юм. Зарим хүн үүнийг дэмждэг. Зарим нь үгүйсгэж харсан ч хүн байгаа биз. Аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн хувьд миний энэ байр суурийг сонсож байгаа ч тал байна. Тэгэхээр миний хамгийн их ярьж явсан зүйл бол засаглалын зарчмыг сайн байлгах. Засаглалыг би компанийн түвшинд хоёр, гурван ч түвшинд авч үзэх хэрэгтэй гэж үздэг. Нэгдүгээрт, ТУЗ ба Гүйцэтгэх захирал хоорондын засаглал. Энэ бол хамгийн чухал засаглал. ТУЗ гэдэг бол хувь нийлүүлэгчдийн төлөөлөл тэнд байж байгаа. Хувь нийлүүлэгчдийн төлөөлөл гүйцэтгэх захиралд ямар эрх мэдлийн хэмжээнд, ямар хязгаарт, ямар үед үүрэг даалгавар өгч, ямарт нь орж, ямарт оролцохгүй вэ гэдэг нь хязгаартай байх ёстой. Миний “АПУ” ХК-д орсон гол шалтгаан бол ерөөсөө л энэ. “Миний гүйцэтгэх шатны ажилд орох юм бол би энд байгаад, буг болоод байх хэрэггүй” гэсэн байр суурьтай байдаг. Нэгдүгээр засаглал нь ерөөсөө энэ. Харин хоёрдугаарт, компани доторх засаглалаа сайжруулах. Яагаад би үүнийг ярьж байна гэхээр жижиг компанийн хувьд захирал нь бүх юманд оролцдог, оролцож чаддаг. Харин том компанийн хувьд захирал нь автоматаар бүх юманд оролцох бололцоо, боломж байдаггүй. Тийм учраас үйлдвэрлэлийн аль ч шатанд нь эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгож өгөх ёстой. Үүнийг бид хийх гэж их оролдож байгаа. Мэдээж энэ нь өргөс авсан шиг хурдан болчихдог зүйл биш. Яагаад гэвэл энэ маань өөрөө хүний оюун санааг өөрчлөх гэж оролдож байгаа чухал асуудал. Тэгээд бидний хувьд оюун санаа өөрчлөх гээд хүний асуудал ярихаа мартаж болохгүй. Одоо бол тийм улсын шилдэг технологи оруулж ирлээ гээд рекламдаад байгаа болохоос түүний цаадах хүнээ ярихгүй байгаа тал бий. Энэ бол бидний нэг алдаа. Энэ алдааг бид олон давтахгүй байх үүднээс хүний хөгжлийн асуудлыг хүчтэй тавьж байгаа. Бидний зориод байгаа ажлыг хүн л хийх учраас сайн хийх боломжийг эрэлхийлж байх ёстой. Жишээлбэл, ажилчны түвшинд тэднийг дээр үед хар ажилчин гэж ярьдаг байсан. Одоо бол тэр ойлголт тэс өөр болсон. Мэргэжлийн оператор гэж хэлнэ. Ингээд хүний хөгжил гээд яриад ирэхээр маш их зовлонтой асуудал гарна аа. Яахав вэ дээ тоног төхөөрөмжийг бол банкнаас ч юм уу, янз бүрийн зээлийн эх үүсвэрээр авч болно. Гол нь түүнийг ажиллуулах хүнийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь байгууллаын үйл ажиллагаа, менежментийн амин асуудал.
-Та “АПУ” компанийг хүний нөөцийн хувьд хүн төвтэй компани гэж хэлж чадах уу?
-Бид өөрсдийгөө хамгийн сайн гэж булган дээл, малгай өмсгөөд байх шаардлагагүй. Энэ ажил өргөс авч байгаа юм шиг хялбар бүтчихдэг ч юм биш. Гэхдээ бидний хувьд нэгдсэн зохион байгуулалт, стратеги, төлөвлөлттэйгээр явж чадаж байгаа. Энэ ажлыг нэг компани шинээр гарч ирэнгүүтээ шууд хийдэг ч ажил биш.
-Өнөөдрийг хүртэл та “АПУ”-д долоон жил ажилласан байна. Анх ирэхэд “АПУ” ХК-ийн нөхцөл ямар байв. Өнөөдөртэй харьцуулаад нэг харвал?
-Би “АПУ”-д 2007 онд ирсэн. “АПУ” ХК 90 жилийн түүхтэй компани шүү дээ.
-Энэ жил 90 жил нь болж байгаа билүү?
-Тийм. Энэ компанид бүх сайн сайхан зүйлээс гадна болох бүтэхгүй асуудлууд ч бүгд байсан. 2000 онд “АПУ” компани хувьчлагдахад ирж үзэж байсан хүмүүс, манай хувь нийлүүлэгчид тэр үеийн компанийг хараад үнэхээр цочирдож айж байсан гэдэг. Тэр хүмүүс, удирдлага, хамт олон 2007 оныг хүртэл өдөр шөнөгүй ажилласан. Бүх үйлдвэрээ шинэчилсэн байсан. Тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл, суурь ажлууд маш сайн хийгдсэн. Тэгэхээр би маш сайхан, хүний хийсэн ажил дээр ирж байжээ. Харин засаглалын хувьд 2007 оноос хойш маш их өөрчлөлт гарсан. Өнөөдрийн түвшнээс харахад сүүлийн найман жилд тоног төхөөрөмжүүдийг нь шинэчлээгүй, хөрөнгө оруулаагүй үйлдвэр, хэсэг, нэгж гэж үлдээгүй. Ус ундаа, шар айраг, спиртийн зэрэг бүх үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийлээ. Дээр нь Монголд анх удаа автомат ложистик төвийг бүтээн байгууллаа. Энэ бол ойрын хэдэн жилдээ энэ салбарт Монгол улсад хийгдэхгүй хөрөнгө оруулалт байх аа. Бидний энэ хөдөлмөр, хөрөнгө оруулалт цэвэр стратегийн асуудал байсан. Дээр нь бид энэ жил сүүний салбарт томоохон хөрөнгө орууллаа. Ингээд тоочоод байвал бид маш их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийжээ. Одоо харин үүнийхээ өгөөжийг хүртэх ёстой. Үүний тулд бид хүний төлөө асуудлаа ярьж, хүнээ хөгжүүлж байж өгөөж хүртэнэ.
-Ойрын ирээдүйд хийгдэхгүй асар их хэмжээний хөрөнгө оруулалт гэж та хэллээ. Мөнгөн дүнгээр барагцаалвал хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний тухай ярьж байна вэ?
-За бид сүүлийн хэдэн жилийн хугацаанд 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол яг хүнсний үйлдвэрийн салбарт гэхэд том хөрөнгө оруулалт л даа.
-Төрийн дэмжлэг байхгүй юу. 100 хувь өөрсдөө?
-Төрийн ямар ч дэмжлэг байхгүй. Ер нь төрийн дэмжлэг гэж байдаг юм уу? Ямар салбарт байдаг юм бол? Би сайн мэддэггүй юм.
-Аливааг цаг хугацааны хувьд холыг харж хийх ёстой-
-Стратегийн хөрөнгө оруулалт хийлээ гэж та ярьж байна. Мөн сүүний томоохон үйлдвэрийг бүтээн байгууллаа гэж байна. Үүгээр зогсохгүй хуучин “АПУ”-г Архи, Пиво, Ундаа гэсэн үгийн товчлол гэж хардаг байсан бол одоо “APU” буюу "Absolute, Pure, Unique” гээд өөрчилсөн байна. Шингэн хүнсний бизнес групп гэж ярьдаг болсон байна. Энэ тал дээр барьж байгаа бодлого тань юу гэсэн үг болж байна вэ?
-Энэ тун чухал асуудал л даа. Аливааг цаг хугацааны хувьд холыг харж хийх ёстой. Зарим улстөрчид биднийг юу гэж харж байна гэхээр ерөөсөө архи үйлдвэрлэдэг, болохгүй, бүтэхгүй гэсэн сөрөг байдлаар дүгнэж байна. Гэтэл “АПУ” компани өнөөдөр шингэн хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, ус, ундаа, жүүс, цаашлаад шар айраг, архи ч гэдэг юм уу явж байна. Тэгэхээр яах аргагүй бид сэтгэлгээг өөрчлөх ёстой гэж бодож байгаа. Тийм ч учраас шингэн хүнсний бизнес группийн тухай ярьж байна. Мөн нөгөөтэйгүүр “АПУ” гэдгийг Архи, Пиво, Ундаа гэж ойлгож байсан бол одоо бид ирээдүйн арван жилийг харж шинэ имиж, брэндийг бүтээх гэж “APU” буюу латинаар "Absolute, Pure, Unique” гэсэн ухагдахуун оруулж байна. Үүнийгээ дахиад монголчилж “Төгс, Төгөлдөр, Тунгалаг” гэдэг энэ концепцийг гаргаж ирлээ. Магадгүй намайг ингээд ярихаар олон хүн сөргөөр цааш нь дамжуулж хэлэх байх. Муу муухайгаа дарах гэж ингэлээ гэдэг ч юм уу. Яах вэ тэр хүмүүс бол биднээр л дуусна. Дараагийн үе маань өөрчлөгдөнө, тэдгээр хүмүүс бол бидний хийж эхэлж буй ажлыг ойлгох болно. Бид шингэн хүнсний бүх төрлийг үйлдвэрлэж, нийгмийн хариуцлагаа хүлээж чадаж байгаа бол ярьж байгаа зүйл маань ч өөр байх ёстой. “Төгс, Төгөлдөр, Тунгалаг” гээд энэ гурав бол монголчуудын тулгын гурван чулуу гэдэг шиг ойлголт, тэгж л буудаг болох учиртай. Тулгын гурван чулуу бол аливаа зүйлийн орших үндэс. Тулгын хоёр чулуу гэж ярихыг лав сонсоогүй. Ер нь бид компанийнхаа брэндийг тэр чигт нь өөрчилж байгаа. Үүнийг бид шинээр бий болгохын тулд ирээдүйд бид юунд зорьж байгаагаа бусаддаа ойлгуулах нь чухал. Энэ хүрээнд бид нийгмийн хариуцлагын олон сангуудаар дамжуулж үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь соёл урлагийг дэмжих сан. Бид мартагдаж байгаа соёл, уламжлалыг сануулж, дэмжих үүднээс эхний ажлуудыг хийж эхэлсэн. Өөрөө харсан бол “АПУ” дээр бид “Хамаг Монгол” гээд урлагийн наадам санаачилсан. Өмнө нь бол группийн хэмжээнд урлагийн наадам нэрийн дор найрал дуу дуулаад, гоцлол дуу дуулж, шүлэг уншаад, хошин шог үзүүлдэг байсан бол бид энэ удаад үндэстэн ястаны хэмжээг хамруулж өргөн цар хүрээтэй наадам хийж байна. Жишээлбэл, Торгууд гэдэг ястаны үүсэл гарал, соёл, тоглоом наадгай, дуу хуур бүгдийг судлаад тоглолт хийж байгаа. Буриад, Казах, Дөрвөд өөр бусад ястны соёлыг ч бид дэмжиж байна. “АПУ” 1800 ажилтантай гээд үзвэл энэ олон хүнд бид соёлыг түгээж, танин мэдэхүйн шинж чанарын хувьд үр дүнтэй зүйл сэджээ гэж үзэж болно. Манай ажилчид, би ч мэдэхгүй маш олон уламжлал байна. Халх гээд аваад үзэхэд л бид юу ч мэддэгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрж байх жишээтэй. Энэ бол бидний үйл ажиллагаандаа үзэл санаагаа өөрчилж байгаа нэг л жишээ юм.
-Нэгэнт ийм зүйл ярьсных уншигч нар ч асуугаасай гэж хүсч байж магадгүй. “АПУ” ингээд нэг их сүрхий өв уламжлал, соёл гээд юм хийж байгаа царайлах. Гэтэл зарим сонин хэвлэлээр “Богдын музей”-н газрыг булаагаад авчихсан юм гэнэ лээ гээд бичиж харагддаг. Энэ ямар учиртай юм бэ? Миний анзаарснаар “АПУ” үүн дээр чимээгүй байсаар ирсэн?
-“Богдын музей”-н тухайд бид тэр мэдээллийг гаргаж байгаа хүмүүст нь тухай бүрт нь албан бичиг өгч байгаа. “АПУ” компанийн яг хажууд “Богдын музей” байгаа нь үнэн. Гэхдээ хариуцлагатайгаар хэлэхэд “АПУ” бол өөрөө хувьцаат компани. Хувьцаа эзэмшигч 4000 гаруй хүн энд яригдана. Хувьцаат компанийн баланс, хөрөнгөд тэр “Богдын музей”-н газар, үл хөдлөхийн нэг ч ширхэг юм байхгүй. Тиймээс үүнийг “АПУ”-тай хольж хутгаад байх ямар ч хэрэггүй. Магадгүй энэ бол асуудлыг улстөржүүлсэн, харлуулах гэсэн оролдлого төдий явуургүй зүйл гэж ойлгож байгаа. Юм болгонтой зууралдах, хэрүүл хийх, шүүх цагдаагаар яваад байх шаардлагагүй гэж боддог. Бидэнд тийм хэрэггүй зүйлс зарцуулах цаг ч байдаггүй. Тэрний оронд цагаа үйлдвэрийнхээ сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулж байсан нь хамаагүй дээр биз дээ.
-Сошиал медиа буюу жиргээгээр сүүлийн хэд хоног бас өөр нэг зүйл яваад байх шиг харагдсан. Өнгөрсөн жил хамгийн өндөр татвар төлсөн компаниуд гэсэн чинь үүрэн холбооны оператор “Мобиком”, “АПУ”, “Монгол тамхи Со”, дараа нь уул уурхайн нэг компани ч билүү нэрлэгдсэн байсан. Тэгсэн хүмүүс юу гэж хэлж байна гэхээр “Монголчууд ерөөсөө юу ч хийдэггүй ард түмэн байна. Газраа ухаж, архи ууж, тамхи татангаа утсаар л ярьдаг” гэж ярилцаж байсан. Яаж ч хэллээ гэсэн “АПУ” яах аргагүй тэргүүний татвар төлөгч мөн байх. Шингэн хүнсний зах зээлийн бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг та бүхэн одоо үйлдвэрлэж байгаа билээ?
-90 гаруй төрлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна.
-Нууц биш бол орлогын бүтэц талаасаа эдгээр олон төрлийн бүтээгдэхүүнүүд нь танай компани дээр ямар харьцаатай байдаг бол? Эсрэгээрээ та түрүүн хэлсэн 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж. Хөрөнгө оруулалт талаасаа аль төрлийн бүтээгдэхүүн дээр нь түлхүү хөрөнгө оруулалт хийж, казиногоор бол мөрийгөө тавьж байна вэ?
-Хоёр гурван чухал асуудал зэрэг асуулаа. Гэхдээ нэлээд том асуудлууд байна. Нэгдүгээрт, татвар төлөх. Ямар ч улсад аж ахуйн нэгж татвараа төлдөг. Энэ бол бидний үүрэг. Бид үүргийн дагуу, хуулийн дагуу татвараа төлж байна. 2013 уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсад манлай татвар төлөгч болж байсан бол хоёр дахь нь “АПУ” компани болж байлаа. Бид 180 гаруй тэрбум төгрөг татварт төлсөн. Үүнийг бид маш сайн хэрэг гэж бодож байгаа. Яагаад гэвэл бид засаглалынхаа ачаар нэгдсэн баланстай байгаа. Тэр дагуу татвараа шударгаар төлдөг ба бид давхар баланс гаргадаггүй. Бидэнд ч тийм ойлголт байдаггүй. Харин архийг их, бага ууж байна гэж хэлэхээсээ илүү архи бол хортой. Тийм учраас онцгой татвартай байдаг гэдгийг онцолмоор байна. Бид ийм их хэмжээний татвар төлж байгаа ч эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэл, долларын ханшийн огцом өсөлт зэрэг асуудлууд биднийг тойроогүй. Энэ онд, яг одоогийн байдлаар бид 18 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажиллаж байна. Ийм нөхцөлд байгаа ч гэсэн бид татвараа бүр илүү төлж явж байгаа. Ам нээхээр уушги нээ гэдэг шиг өнөөдөр хамгийн сонин ойлголт бол манай төр хийх ёстой ажлаа хийхгүй байна. Тодруулж хэлбэл, дуртай ажлаа хийгээд, дургүйгээ хийхгүй байна.
-За яаж байх юм. Та жишээгээр хэлээч?
-Онцгой татварын асуудлыг би хэлж байна. Бид хуулийн дагуу зөвшөөрөгдсөн бизнесийг хуулийн хүрээнд нь хийгээд л татвараа төлөөд явж байна. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа бүх худалдаа, арилжаа, татвар үндэсний мөнгөн тэмдэгт буюу Монгол төгрөгөөр төлөгдөх ёстой. Харамсалтай нь өнөөдөр тодорхой хэдэн бүтээгдэхүүн дээр онцгой татварыг ам.доллараар тавьсан. Сүүлийн 2 жилийн ам.долларын огцом өсөлт нь компани дээр хийж байгаа нийгмийн хариуцлагын ажлууд, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, засаглалын нөгөө дээр ярьсан ажлууд, бидний ирээдүйдээ хийнэ гэсэн итгэл, санаачилга бүгдийг нь байхгүй болгож байна.
-Холбогдох газарт нь санал тавиад солиулаад доллараар төлөхгүй, үндэсний мөнгөн тэмдэгтээр татвараа бодуулдаг болгож болдоггүй юм уу?
-Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд хэлж үзээгүй газар гэж байхгүй. Сангийн яам, засгийн газар, төсвийн байнгын хороо, УИХ-д асуудлаа хүргүүлсэн. Энэ бол ганцхан миний хүсэлт биш юм. Онцгой татвар нь доллараар тавигдсан бүх аж ахуйн нэгжид энэ хамаатай. Автомашин импортолж байгаа жирийн иргэнд ч энэ татвар, ханшийн зөрүү нөлөөлж байгаа. Ийм их ханшийн зөрүүтэй тохиолдолд бид үнээ өсгөхөөс аргагүй болдог тал бий. Гэхдээ тэр бүр үнээ өсгөхийг тэр бүр завдахгүй байгаа. Хамгийн том аюул нь юу гэхээр боломжоороо хөгжөөд явж байсан компаниуд нь эдийн засгийнхаа нөлөөгөөр унаад, эсрэгээрээ өнөөх саарал зах зээл гэж яриад байгаа хуурамч бүтээгдэхүүнүүд гарч ирэхэд л байгаа юм аа. Багануурт 2007 онд болж байсан үйл явдал дахиад давтагдахгүй гэх баталгаа байхгүй болчихлоо. Тиймээс ам.доллараар тооцож авдаг энэ татварыг төгрөг рүү шилжүүлэхгүй бол Монголын олон компани дампуурна гэж хэлэх байна. За нөгөө нэг асуултад нь хариулахад бидний орлогын бүтцэд архи, шар айраг жин дарж явж байгаа нь үнэн. Гэхдээ бид сүүлийн зургаан жилд архи, шар айрагнаас бусад үйлдвэрлэлдээ нийт хөрөнгө оруулалтынхаа 70-с дээш хувийг нь стратегийн зорилгоор хийсэн юм аа. Үүнд сүү, ус ундаа, жүүсний үйлдвэрээ барьж ашиглалтад оруулсан, бүрэн автомат ложистикийн төвөө ажилд оруулсан төслүүд багтана. Бид таван жилийн дараа эдгээрээс буюу согтууруулах ундаанаас бусад шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ багцаас компанийнхаа нийт орлогынхоо талаас илүү хувийг нь авдаг болно гэсэн хатуу зорилттой байгаа.
-Мэдээж хэрэг бид төртэй хүмүүс. Монголын төр зөвхөн дотооддоо биш гадны хууль эрхзүйг ч анхаарах, хүндлэх ёстой-
-Төртэй холбоотой бас нэг асуудал байна. “Чингис хаан”, “Соёмбо” гээд нэртэй бүтээгдэхүүн гаргаж болохгүй гэсэн асуудал нэг хэсэг яригдаж байсан. Үүний статус нь ямар байгаа вэ? Дэлхийн олон оронд trademark буюу худалдааны эрхийг нь “АПУ” эзэмшдэг гэж дуулсан. Тухайн үед хийсэн мэдэгдлээс тань харж байхад энэ хууль гадаадын эрхзүйтэй зөрчилдөх юм биш үү? Энэ нэрээ цаашид яах ёстой вэ?
-Популист улстөрчдийн үйлдлээс болж бид ийм байдалд орж байна.
-Хятадад, Өвөрмонголд Чингис хаан нэртэй архи, шар айраг гарсан байсан?
-Тийм. Байлгүй яах вэ! Зарим улстөрчдийн энэ үйлдэл бол зорилтот үйлдэл, тодорхой хүн рүү албаар хандаж байгаа үйлдэл гэж хараад байгаа. Энэ бол хийхээсээ өмнө нийгэмд сенсаци дэгдээдэг тийм нэг бодлогоор явсан болохоос биш өнөөдөр яг ийм хууль огт батлагдаагүй. Хэрвээ ийм хууль батлагдвал гадны маш олон хуультай шууд зөрчилдөнө. Мэдээж хэрэг бид төртэй хүмүүс. Монголын төр зөвхөн дотооддоо биш гадны хууль эрхзүйг ч анхаарах, хүндлэх ёстой гэж бодож байна. Тэр яриа гарахад Хууль зүйн яам судалж хариулт өгсөн гэсэн. Мэргэжлийн байгууллагууд нь ч дүгнэлт гаргаад өгчихсөн учраас ийм хууль гаргах үндэс байхгүй гэж бодож байна. Магадгүй ийм нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэвэл хэн нэгэн орос, хэн нэг хятад ч юм уу нөхөр “Чингис” нэртэй архи хийгээд гаргаж л таарна. Ер нь бид энэ тал дээр их хариуцлагатай хандах ёстой. Ямар ч байсан одоогоор хуулиар хориглосон зүйл байхгүй. Зүгээр л яриа төдий популизм бий болоод өнгөрсөн хэрэг.
-Согтууруулах ундаанаас бусад бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж, орлогоо ч нэмэгдүүлнэ гэж ярилаа. Энэ нь хувь нийлүүлэгчдийн санал санаачилга байв уу, эсвэл таны таны гаргасан чиглэл байсан уу?
-Аль аль талаасаа л гаргасан санаачилга.
-Хямралтай үед ингэж их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, өгөөж нь өнөө маргааш ирэх нь тодорхойгүй бизнесийг гүйцэтгэх удирдлага нь хэрэгжүүлэн явуулж, хувь нийлүүлэгчид дэмжиж байгаа нь магадгүй засаглалтай холбоотой байх. Тийм үү?
-Засаглалтай холбоотой гэж хэлж болно оо. Нөгөө талаас бид энэ том хөрөнгө оруулалтыг хийхдээ эдийн засаг ингэж хямарна гэж бодоогүй, тооцоолоогүй. Үнэнийг хэлэхэд бид хөрөнгө оруулалт хийхдээ долларын эх үүсвэрээс санхүүжигдсэн. Тэгэхээр бид эргээд зээлээ төлөх ёстой. Одоо энэ ханшийн байгаа царай нь гэтэл ямар байгаа билээ. Энэ бол маш хүнд асуудал. Зөвхөн бид ч биш валютын зээлээр бизнесдээ хөрөнгө оруулсан олон хүн ийм бэрхшээлтэй учирч байна. Эхнээсээ хэдэн арваараа дампуурч эхэлж байна, хэдэн зуун хүн нэг дор ажилгүй болж байна.
-Нууц биш бол та тоо хэлж чадах уу? “АПУ” өнөөдөр ам.долларын зээл, ханшийн зөрүүнээс болж хоногт хэдэн төгрөгийн алдагдалд ороод байгаа вэ?
-Өнгөрсөн 2013 онд бид 44 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалд орсон. Яг энэ ханшаас болж шүү дээ. Бизнесүүдийг ингэж дуусгаж нурааж байгаад үнэхээр харамсаж явдаг.
-Үйлдвэрүүдийг харж байхад сүүлийн жилүүдэд ISO гээд стандартын тухай их ярьдаг болсон байна. “АПУ” энэ тал дээр нэлээд түрүүлж, стандартуудыг хэрэгжүүлээд зарлаад байгаа харагдсан. Уншигчийн зүгээс хэлэхэд хүмүүс төдийлөн ойлгохгүй гурван гадаад үсэг хэмээн харж байх бий вий. Үүнийг энгийнээр тайлбарлаж өгнө үү?
Ц.Э: 2000 оны дунд үед ISO гэдэг стандартыг бүтээгдэхүүнийхээ шошгон дээр наачихвал илүү сайн борлогддог, рекламны зориулалттай байсан. Зарим нь бараг энэ гурван үсгийг худалдаж авч тавьж байсан.
В.Г: Огт лицензийг нь аваагүй байж уу?
Ц.Э: Тийм л байсан. Худлаа үнэн аудит хийлгээд л тэр стандартыг авдаг байсан. Харин бид өнгөрсөн хугацаанд энэ ISO гэдэг стандартыг яагаад их тавих болсон бэ гэхээр энэ бол олон улсын стандартын байгууллагын гаргасан стандарт дүрэм журам шүү дээ. Түүнийг нь л бид байх ёстой зарчмын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа. Энэ бол компанийн засаглал сайжирсантай маш нягт холбоотой асуудал. Харин стандарт нэвтэрснээр энгийн хэрэглэгчдэд ямар ач холбогдолтой вэ гэдэг ойлголт мөн чухал. Энгийн хэрэглэгчид үүнийг жишээ нь хүнсний аюулгүй байдал нь баталгаатай хангагдсан бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та элдэв хор, хөнөөл амсахгүй гэж баттай хэлнэ. Дээр нь бид бүтээгдэхүүнийхээ орц, гарцад өндөр хяналттай ажиллаж чадаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд мэдээж маш их ажил орж байгаа учраас бүтээгдэхүүний өртөгт ч нөлөөлж байгаа асуудал бий.
-Манай хүүхдүүд намайг “билгээ ах” гэж ярьж байгаа сураг ч сонсогдож байсан-
-Таны хувь хүний замналыг харахаар бараг 24 цаг утсаа унтрааж болдоггүй, унтаж болдоггүй үйлдвэрийг удирдахын хажуугаар “JCI”, “YPO” гэдэг ч юм уу нийгмийн ажил хийдэг юм байна. Гэр бүл хувийн амьдралынхаа балансыг яаж авч явдаг вэ гэдэг их сонин байна?
-Миний хамгийн их алдаж байгаа зүйл энэ байх аа. Тэр байтугай манай хүүхдүүд “Билгээ ах” гэж ярьж байгаа сураг ч сонсогдож байсан шүү (Инээв). Ер нь бидний төрлийн хүмүүсийн том алдаа нь энэ л дээ. Магадгүй миний буруу ч байх гэж боддог. Хүний амьдралын хамгийн чухал зүйл ажил гэхээсээ илүү уг нь гэр бүл, үр хүүхдүүд юм. Энэ баланс, тэнцвэрийг барих, тэднийгээ ирээдүйд улс орондоо зөв хүн болгож төлөвшүүлэхийг хүсдэг. Эцэг хүний хувьд миний үүрэг. Гэр бүлдээ их цаг гаргаж чаддаггүй. Гэхдээ сүүлийн үед энэ тал дээр хичээх болсон, хүчээр цаг гаргадаг болж байгаа. Тэгэхгүй бол угаасаа болохгүй юм байна гэдэг нь мэдэгдээд, мэдрэгдээд ирсэн.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн хүүхэд гэдэг бол бас их ажил шүү. Хүүхэдтэй байна гэдэг их аз жаргал, инээд хөөр, баяр баясал, бас их нерв, уйлаан майлаан ч гарна. Хүний сайн явах, гэрийн эзний ажил урагштай байна гэдэг зөвхөн түүнтэй холбоотой юм биш. Энэ бол гэрийн эзэнд хань болж байгаа, дутууг нь нөхдөг гэр бүлийн хүний хамгийн том үүрэг. Хүн болгон ингэж хэлдэг байх. Гэхдээ би яг үүнийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсэж байна. Миний ханийг Эрдэнэчимэг гэдэг. Ер нь энэ олон жил маш завгүй ажиллаж ирэхэд үргэлж намайг ойлгож ирсэн хүн бол миний гэргий. Гэргий маань олон хүүхэд хүмүүжүүлэх, хичээл сургууль, тэдний өвдөх зовоход нь эмчилж бүх л юмыг нь өдөржин хийж явдаг. Би ганц хоёр хоног түүний оронд гэртээ байхад л үнхэлцэг хагарах шахаад ажил руугаа бушуухан явахын түүс болдог юм үнэндээ. Гэр бүлийн аз жаргал хамгийн чухал. Гэр бүл, найз нөхөдөө хэзээ ч орхиж болохгүй. Цагаа заавал зарцуулж байх ёстой шүү гэж залуустаа хэлмээр байна.
-Хүн дуртай ажлаа хийвэл насаараа ажил хийгээгүй юм шиг байдаг. Дургүй ажлаа хийвэл тэр хүнд нэг цаг ч гэсэн тэр хүнд ял юм шиг санагдана-
-Таны хүүхдүүд яг аавынхаа хэлсэн мэргэжлийг шууд сонгоно гэвэл та юу гэж зөвлөх байсан бэ?
-Яг миний үгээр явна ч гэж юу байх вэ. 50:50 хувь байх ёстой байх л даа. Ээжийн талын хувь бас байх ёстой шүү дээ. Аав ээжийн үгээр бол хүүхдүүдийн хүмүүжил л илүү тогтох байх. Ажил мэргэжлийн сонголтын хувьд өөрсдийнх нь сонголт байвал зүгээр, аав ээжийн үг бараг өдгөө илүүц болов уу. Миний том хүү бол АНУ-д сургуулиа төгсөж ирээд жинхэнэ хоббигоороо бизнесээ хийж байна. Би хүмүүст хэлдэг юм. Хүн дуртай ажлаа хийвэл насаараа ажил хийгээгүй юм шиг байдаг. Дургүй ажлаа хийвэл тэр хүнд нэг цаг ч гэсэн тэр хүнд ял юм шиг санагдана. Тийм учраас хүүгээ дуртай ажлаа хийгээд явж байгааг нь харах сайхан байдаг. Дараагийн охиноо харин үйлчилгээний салбарын менежментээр сураасай гэж бодож байгаа. Монголд ирэх жилүүдэд хамгийн үнэ цэнэтэй мэргэжил энэ байхыг үгүйсгэхгүй. Хүний өмнөөс инээгээд хардаг, маш сайхан үйлчилгээ үзүүлдэг тийм соёл бидэнд хэрэгтэй. Монголын хаана ч гэсэн үйлчилгээний байгууллагад ороход ярвайсан, зандарсан хүмүүс л их байдаг. Энэ соёл, хандлагыг эвдэх мэргэжилтэн бэлдэх, соёлыг нь өөрчлөх нь өөрөө маш их үнэ цэнэтэй ажил болох болов уу.
-Таны хобби юу вэ. Энэ их стресс, ачаалалтай ажлаа та яаж тэнцвэржүүлдэг вэ амралт, хоббигоороо?
-Би өөрөө хөдөө өссөн хүн болоод ч тэр үү Монгол нутгаараа бахархах, аялж, амрах дуртай. Бидний энэ сайхан орны агаар нь тунгалаг, үгүй ядахад хөдөөний тэр шороо, тоос нь ч амттай гэж боддог. Энэ бараг үнэн байх. Зав гарвал аялаж амрахыг, эх орноо бахдан харж явахыг хүсдэг. Мөн загасчлах дуртай. Яагаад үүнд дуртай вэ гэхээр нэгдүгээрт, хөдөлж, алхаж явдаг учраас эрүүл мэндэд сайн дасгал болдог юм. Хоёрдугаарт загасчлахын хамгийн сайхан зүйл нь хүн өнгөрсөн ба ирээдүйн тухай бодол санаагаа төвлөрүүлж чаддаг.
-Загас бариагүй ч гэсэн агаар нь хаачих вэ гэдэг шиг эрүүл мэндийн талаасаа ч энэ бол сайхан хобби-
-Дэгээгээ шидээд, загас баригдахыг хүлээнэ гэдэг талаасаа юу?
-Зарим хүн бол гайхдаг байх. Энэ жаахан мангар байхаа гэж боддог ч байж мэднэ. Мань мэт бол очоод шидээд зогсож байхдаа өөрийгөө төрснөөсөө эхлээд өдийг хүртэл яаж амьдарч байснаа багцлаад дүгнээд сууж байдаг. Энэ бол хамгийн том үр дүн. Түүнээс биш амьтан алах гээд яваад байгаа ч юм биш. Яахав загас бариагүй ч гэсэн агаар нь хаачих вэ гэдэг шиг эрүүл мэндийн талаасаа ч энэ бол сайхан хобби.
-Хамгийн сүүлд хэзээ явав?
-Дөрөв, тав хоногийн өмнө Сэлэнгэ рүү явсан.
-Хүний нас, намба яваад ирэхээр нутаг нуга их бодогддог юм гэсэн. Та Өмнөговь аймгийнх. Нутаг тань бодогддог болсон уу?
-Ямар зорилгоор асууж байна (Инээв)?
-Нутгийн зөвлөл гэж тийм нэг төрлийн байгууллага байдаг, цагаан сараар золгодог, найр наадам хийдэг дээ?
-Ер нь би нутаг амьтай. Гэхдээ үүнийг битгий улс төртэй холбоорой Ганзориг оо! Манайхан одоо арай л эсрэг яваад байдаг юм болов уу. Нутаг нуга гэж явж байж нэр хүндээ өсгөдөг ч юм уу. Би бол үүн дээр арай өөр үзэл бодолтой. Ер нь бол өссөн төрсөн нутаг гэдэг бол тэр хүний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Би жишээ нь, Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн гэхэд Манлай сумынхаа сургуулийн хажууд байгаа Гурван хадтай толгой гэдэг ч гэдэг юм уу, Нанзадбаатарын хөшөө гэхэд л миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл. Тэнд хүүхэд насаа өнгөрөөж, нусаа гоожуулан тоглож наадаж явснаа бодоход ч тэр үнэ цэнэ нь улам тодордог. Яг хөдөө өсөж төрсөн хүмүүс бол үүнийг маш сайн мэднэ, бас мэдэрнэ. Би нутгийн зөвлөлийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцдог. Би Манлай сумынхаа Улаанбаатар дахь салбар зөвлөлийн даргаар нь сүүлийн 10-аад жил ажиллаж байгаа.
-
Нутгийн зөвлөлийн ажлаа нэлээд дээрээс эхлүүлж, багагүй удаан хугацаанд урирдан ажиллаж байгаа юм байна?
-Ер нь манай сумын нутгийн зөвлөл хамгийн анхны төрийн бус байгууллага гэсэн статусаа авч байсан нутгийн зөвлөл. Ер нь Манлай сум бол сэхээтнүүд, төрийн болон спортын олон мундаг хүмүүстэй. Нанзадбаатар гэж сонссон бол Ардын хувьсгалд яаж нөлөө оруулж байсан гээд л өөр бусад маш олон нөлөө бүхий хүмүүс байна. Нутгийн хүмүүс итгээд салбар зөвлөлийн даргаар ажиллахыг урьж байхад би яаж татгалзах билээ дээ. Гэхдээ энэ бол чухал ойлголт гэж боддог. Улс төржүүлж нутгархах үзлийн эсрэг байдаг болохоор үүнийг зөв талаас нь хүмүүсийг ойлгоосой гэж хүсдэг.
-Амжилтын талаар олон зүйл ярилаа. “Говь”, “Эрдэнэт хивс”, “АПУ” гээд олон компанид ажиллаж байхдаа таны одоо болтол гаргасан хамгийн том алдаа, эсвэл дотроо харамсаж явдаг зүйл бий юү?
-Харамсдаг зүйл байлгүй яах вэ. Аль ч компанид тэр. Бид ажилчдынхаа гар дээр нь очиж байгаа мөнгийг бодитойгоор өсгөөд өгч чаддаг, зориг, боломжийг хангалтгүй ашигласан юм болов уу гэж боддог. Яах аргагүй бүтээн байгуулалт дэндүү их хийлээ. Нөгөө талдаа бид хүнээ урамшуулдаг, хүнийхээ мотивацыг сайжруулдаг материаллаг зүйлийг нь бодолцох ёстой гэж боддог. Өдөржин шөнөжин ажилчихаад банкны зээлэндээ хамаг юмаа өгнө гэдэг бол харамсалтай. Ийм асуудалд дэм болчихоор зүйл сэтгэлдээ хүртэл хийж чадахгүй байгаадаа эмзэглэж, дотроо харамсаж явдаг.
-Өдөржин шөнөжин ажиллаад байна гэж байгаа ч тухайн хүнээс гарч байгаа бүтээмж, үнэ цэнэ хангалттай байж чадахгүй байна-
-Сэтгэлдээ хүртэл хийхийн тулд яах ёстой юм вэ?
-Дахиад л энд бүтээмжтэй холбоотой асуудал гарч ирнэ. Мөн л дахиад засаглалаа сайжруулах асуудал ярина. Жишээ нь, өнөөдөр бүтээмж тийм ч сайнгүй байгаа. Өдөржин шөнөжин ажиллаад байна гэж байгаа ч тухайн хүнээс гарч байгаа бүтээмж, үнэ цэнэ хангалттай байж чадахгүй байна. Тухайлбал, энд мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байлаа гэхэд тэрийг гурван цагт хийх үү, найман цагт хийх үү гэдэг нь чухал. Хэрвээ гурван цагт хийж чадвал үлдсэн цагийнхаа цалинг өгчихье. Тэгж байж л өрсөлдөх чадвар дээшилнэ. Тэгэхгүйгээр шууд цалин нэмдэг ойлголт бол харамсалтай нь байж боломгүй зүйл. Энэ бол өнөөдрөө л бодож байгаа болохоос, алсыг хараагүй алхам. Бараа бүтээгдэхүүний нийт өртөгт хэдэн хувь нь цалин урамшууллын сан багтаж явах ёстой вэ гэдгийг сайн тооцож байж бүтээгдэхүүн маань өрсөлдөх чадвартай болно. Бүтээмж болон засаглалтай холбоотойгоор би хангалттай цалин хүмүүстээ сэтгэлдээ тултал өгч чадахгүй байна аа л гэсэн үг.
-Нэгэнт цалин хөлс ярьсных Монголын тэргүүлэх зэрэглэлийн компаниудын гүйцэтгэх захиралын цалин таныхаар хэд байгаасай гэж бодолтой явдаг вэ? Жилийн дунджаар багц хэд байх вэ. Одоо хэд байгаа вэ. Магадгүй бүтээмжтэй холбоотой асуудал гарч ирж байгаа байх. Эсвэл удирдах түвшин дээшлэх тусам бүтээмж сайжирч байгаа юу?
-Хуучнаа бодвол арай дээрдэж байгаа. Гэхдээ энэ бол надад тавих асуулт биш юм аа. Уг нь бол хувь нийлүүлэгчдэд тавих асуулт байна. Гэхдээ хувь нийлүүлэгч байна уу, хөрөнгийн эзэд байна уу хамаагүй нэг л юм байх ёстой. Хүнийг хөлсөлж ажиллуулж байгаа бол нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн л баялагийг бүтээх ёстой. Түүнд үнэ цэнэ байх ёстой. Хэрвээ танд зуун төгрөгийн ашиг олдвол хүндээ хамгийн наад зах нь арав хүртэлх төгрөгөө өгчихдөг, хүнийхээ төлөө зарцуулчихдаг байх ёстой л гэж хэлмээр байна.
-Тань шиг ийм мэдлэг, туршлагатай гүйцэтгэх захиралаас асууж байгаагийн хувьд уншигч залуустаа дэм болохоор зүйл лавламаар байна. Өнөөдөр 80, 90-ээд оны залуус гараад ирсэн байна. Ирээдүйн удирдах ажилтнуудад өгөх таны зөвлөгөө юу байх вэ?
-Хувь нийлүүлэх гэхээсээ илүү гүйцэтгэх захирлын карьерийн хөгжлийн тухай ярьсан нь дээр байх аа миний хувьд. Тэгэхээр одооны залуус үнэхээр хэл устай, чадвартай болж байна. Онолын хувьд ч боломжийн ойлголттой байна. Харамсалтай нь нэг л асуудал байгаа нь шуудхан уулын оройд гарах гээд байгаа юм уу даа. Уулын орой руу бэлээс нь алх, яарч байгаа бол гүй. Залуус амьдралд үзэх ёстой зовлон жаргалыг үзэж байж дээш явахгүй бол шууд уулын орой дээрээс унавал яах билээ? Доор нь өөрийг нь хүндэлдэггүй хамт олон байвал шууд доошоо маш хатуу бөгөөд хурдан унана. Тийм учраас би үүнийг залууст хамгийн их хэлмээр санагддаг. Бид сүүлийн 30 жилд маш сайн, ер нь бол гайхамшигтай ярьж сурсан байна. Сая нэг нэвтрүүлэг ТВ-р харлаа. “Улс төрийн манлайлал” гээд. Түрүүн би фитнест орж байхдаа үзлээ тэр нэвтрүүлгийг. Тэнд юу ярьж байна гэхээр 2040 онд өөрийгөө хэн болсон байх вэ гэж яриач гэтэл тэр залуусын бараг л ная, ерэн хувь нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дэлхийн банкны юу ч гэдэг юм албан тушаалын позици дээрээс ярьж байна. Гэхдээ уучлаарай! Монгол Улсад 2040 онд ч тэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бол хоёрхон хүний орон тоотой албан тушаал. 60, 70-уулаа дайраад байж болохгүй. Ер нь бол тэр албан тушаал, карьер нь ч онц биш. Хүн өөрөө өөртөө л жаргалтай байх ёстой. Хийж чаддаг юмаа л хийдэг байх ёстой.
-Хамгийн чухал зүйл бол энэ компани ирээдүйдээ яаж хөрөнгө оруулав, засаглалаа яаж өөрчилсөн гэдгийг л бодитоор харах хэрэгтэй-
-“АПУ” ХК-ийн хувьцааг хэн ч гэсэн аль ч брокерийн пүүсээр дамжуулан авах боломжтой. Тэгээд сая та ярилаа. 20 шахам тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа юм байна. Онцгой татвар, ам.долларын ханшаас болж алдагдал нэмэгдэж байгаа гэлээ. Гэхдээ ирээдүйгээ харсан асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хийж байгаа юм байна. Дээрээс нь орлогын бүтцээ өөрчилнө гэж байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээл сонирхдог хүмүүст хэлэхэд та “АПУ”-ийн хувьцааг ав гэж хэлэх үү, зар гэж хэлэх үү?
-Маш чухал асуулт. Гэхдээ би хувьцаат компанийн захирал хүн. Миний амнаас гарч байгаа үг тэр хувьцаа авах гэж байгаа хүнд маш чухал тусна. Мөн компанийн үнэлгээнд ч шууд нөлөөлнө. Гэхдээ шууд хэлэхэд “АПУ”-ийн хувьцааг ав гэж зөвлөнө. Өнөөдрийн ашиг алдагдал бол бизнест байдаг л юм. Хамгийн чухал зүйл бол энэ компани ирээдүйдээ яаж хөрөнгө оруулав, засаглалаа яаж өөрчилсөн гэдгийг л бодитоор харах хэрэгтэй. Тэнд л хувьцааны үнэ цэнэ нь оршиж байгаа. Түрүүн бид маш олон хөрөнгө оруулалтын тухай ярилаа. Ирээдүйд бид яг тэдгээрийнхээ үнэ цэнэ, өгөөжийг авна. Мэдээж эдийн засгийн ерөнхий байдал, төрийн бодлого зөв байна уу гэдгээс олон зүйл шалтгаалах байх. Гэхдээ ямар ч байсан үргэлж муу байна гэж ердөө бодохгүй байна. Ер нь бол Монголын эдийн засаг багтаамж нь жижигхэн шүү дээ. Ганцхан уурхайгаас болоод л дээшээ, доошоо явдаг болохоос бидний хувьд тэгтлээ байж ядаад байх асуудал алга. Тийм учраас төрийн зөв бодлого, татварын зөв бодлого явбал ашиг алдагдал бол дараагийн жижиг асуудал. Ер нь би хувьцаа авч байгаа хүмүүсийг өнөөдрийн ашиг харж авдаг гэж боддоггүй. Хувьцаа авах гэж байгаа хүмүүс, дилер, брокерууд бүгд маш их мэдээллийн дээр “Энэ компанийн ирээдүйн үнэ цэнэ өнөөдөр ямар байна вэ” гэдгийг харсан учраас хувьцаа арилжиж байгаа гэж харж байна. Тийм болохоор маш ойлгомжтой. Манай хувьцаа өснө.
-Хамгийн сүүлд танайх хэдэн төгрөгийн ногдол ашиг тараасан бэ?
-2013 онд бид цэвэр ашгийн хувьд нэлээд буурсан. Гэхдээ хувь нийлүүлэгчид маань компанийн 90 жилийн ой болж байгаа учраас нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашиг тараая гэж шийдвэрлэсэн. 75 сая хувьцаанд нэг бүрт нь 90 төгрөгийн ногдол ашиг тараасан гэхээр үндсэндээ бид 7 тэрбум гаруй төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа хуваарилан өгчээ. Ер нь ногдол ашиг хамгийн их тарааж байгаа компани бол Монголын Хөрөнгийн бирж дээр “АПУ” хувьцаат компани л байгаа шүү дээ.
-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа! Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье!
Уулын орой руу бэлээс нь алх, яарч байгаа бол гүй | ||
Үзсэн: 2180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.