Шууд Chart

Жавахарлал Неру жавхлант охин Индира Ганди

2015-01-19 08:31:18

Монголчууд шиг, эсвэл Македончууд шиг, Бат, Доголон төмөр хаан шиг хөрш зэргэлдээ хийгээд, алс холын улс гүрнүүдийг илдний ирээр цавчиж, жадны үзүүрээр чичиж эзлэн засаглахын оронд илүү чимээгүйгээр, нүдэнд үл харагдаж, гарт эс баригдах, аниргүйгээр, цаг хугацааны тусламжтайгаар бусдыг өөртөө урвуулж, эрх чөлөөг нь булаан авах хар хайрцагныхаа бодлогыг Англичууд Энэтхэгт хүчтэй хэрэгжүүлээд байсан 20 дугаар зууны эхэн үе билээ. Ганди, Неру зэрэг Тамилийн их хувьсгалчид алс холын европын гүнд боловсрол эзэмшээд ирчихсэн, төрсөн нутаг, зовсон ард түмнийхээ төлөө цусыг үл асгаруулан тэмцэх шинэ аргыг сэдэж олон, түүндээ хамаг л ач холбогдолоо өгч байсан 1917 юмдаг.

Энэтхэгийн хойд зүгийн нутаг их Британичууд илүү шигүү суурьших болсон Аллахабад хотын захыг тэнгис далайн догшин түрлэг үе үе дайрна. Цасыг хэзээ ч үзээгүй, хүйтэн жавар хүний орчлонгийн ямархан зовлон, гуниг байдаг тухай төсөөлөөч үгүй, эрх чөлөөгүй, аз жаргалгүй, эд баялаггүй Энэтхэгчүүд нэгэн хэвийн гунигтайгаар өдөр хоногийг өнгөрөөнө. Бяцхан охин 1917 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр аавынхаа төрсөн нутагт мэндэлсэн юм. Түүний аавыг Жавахарлал Неру гэдэг. Аллахабад хот болбоос эцэг Неругийн төрсөн нутаг төдийгүй, Энэтхэгийн хоёрдахь, Ази тивийн хамгийн эртний хотуудын тоонд зүй ёсоор орох эрхэм газар болой. Охиныг Индира Приядаршини Неру гэдэг. Тэр бол хувьсгалчийн охин. Индирагийн аав  Бүх Энэтхэгийн харах нүд, сонсох чиг, хэлэх үг, хийх үйлдэл, бас зүрх сэтгэл болсон хоёр хүмүүний нэг юм.

    Индирагийн өвөө чинээлэг нэгэн байсан тул амь нас нь хэзээд баталгаагүй, амьдрах өдөр хоног ч магад тоологдон байж мэдэх Жавахарлал Неругаас ач охиноо ангид байлгахдаа өөрийн өвөр, тэврээсээ огтхон ч салгаагүй. Бурхан шашины үнэнч шавь болсон буурал өвгөн хайртай ач охиноо хамаг зовлонгоос алсад  өсгөхийг мөн ч их хичээснийг энд онцгойлон дурьдах  хэрэгтэй байх. 

    Нөгөө л Англичуудын нөхөрсөг бус байдал Энэтхэг орныг улам эзэрхийлсэн 1920-иод он түүний сэтгэлийг зовоож эхэлсэн байдаг. Учир нь 3 жилийн дараа Үндэсний Конгрессийн нөлөө бүхий албан тушаалтан аав Неру нь хорвоо дээрх цорын ганц охин Индира даа шоронгоос захидал бичих болсон юм. Өвөө нь энэ тухай анхандаа түүнд хэлэхгүй гэж хичээж байсан ч, сохор засгийн харанхуй шоронд шаналж суугаа хүүгээ бодсон ч тэр, бас Неругийн захидал дандаа түүх, соён гэгээрлийн агуулгатай байсан болохоор эцэг үр хоёрын гүүр болжээ. Индира боловсролтой охидын нэг байлаа. Хайртай аавыгаа харанхуй гянданд суух болсон тэр шинэ зууны 23 дугаар онд Индира дөнгөж зургаан настай байсан ч гэлээ уншиж, бичээд сурчихсан байжээ. Гэхдээ тэр энэ гунигт явдлаас бүр өмнө буюу 1919 онд дорнын билэгт хүмүүн, орчин үеийн Энэтхэгийн загалмайлсан эцэг Махатма Гандитай танилцсан байсан нь балчир охины хувь заяанд хүчтэй нөлөөлсөн тухай судлаачид онцолсон байна. Неру, Ганди хоёр зэвсэг нэгт биш хүсэл, зорилго нэгтэй андууд байсан болохоор нэг нэгнийхээрээ ирж, очиж, орж гарч ингэхдээ үр хүүхдүүдээ гэгээрүүлэх ажлыг улсын хүнд, хүчир албаны хажуугаар амжуулж байсан нь биз. Аавыгаа шоронд байсан 10 шахам жил Индира түүнийхээ гэрэл гэгээ байсан юм.

Түүнд улиг болсон, эмх замбараагүй эзлэгдсэн Энэтхэгийн сургалтын тогтолцооноос илүүтэй, шоронгоос ирсэн захидлууд орчлонгийн түүхийг ярьж өгч байлаа. Охиныг найман нас хүрдэг тэр жил Махатма Ганди Индирад ажиллаж, хөдөлмөрлөх, өөрийгөө голохгүй хийж бүтээх тухай илүүтэй ярих болов. Индира ямар нэгэн зүйлийг 10 нас ч хүрээгүй байхдаа хийж эхэлсэн юм. Тэр нь “Аллахабаде Илахабаде хотын Гэр ахуйн оёдлыг хөгжүүлэх хүүхдийн холбоо”  гэдэг төрийн бус байгууллага байлаа. Хүүхдүүд түүнтэй нэгдэж, оёж, шидэж, ээж нар нь тэдэнд зааж зөвлөж, амьдралын ухаанд суралцаж эхэлсэн цаг мөчүүд иржээ. Наймхан настай охины ажил, амжилтын гараа тэгж ирсэн юм. Аав Неруг тийн эзгүй байх хугацаанд Махатма Ганди охиных нь гэнэн, гэгээн зүрх сэтгэлийг зөв зүгт хөтөлж байсан юм. Индирагийн өвөө мөн адил өөрийн үүргийг нэр төртэйгээр биелүүлж, хэдий бэлтэй нэгэн ч гэлээ биеэ дуусахын цагт өнчин ганц охиноо хүчтэй хүн болгон үлдээх гэж бүхий л цаг заваа түүнд зориулна.

1934 он болоход Индира 17-той өсвөр насны охин болчихсон байлаа. Гэхдээ тэр зарим нэг шилжилтийн насны хүүхдүүд шиг төөрсөн, ирэх он жилүүдэд хэн болохоо эс мэдсэн, алтан цаг хугацааг дэмий баахан үрсэн нэгэн байгаагүй юм. Мандхан наран зүгийн алтан сэтгэлтэй хүмүүн Жавахаралал Неру хайртай охиноо хамгийн аймшигтай газраас гийгүүлэн, гэрэлтүүлж, түүний мэдлэг боловсролыг түмэн жилийн учир шалтгаанаар цэцэглүүлжээ. Индира энэ онд аугаа их яруу найрагч Таагүрийн үүсгэн байгуулсан Ардын их сургуульд элсэн суралцах боллоо. Ардын их сургууль бол орхигдсон Энэтхэгийн боловсролын салбарт ассан цөөхөн хэдхэн гэрэлт дэнлүүний нэг байсан юм. Гэвч хоёр жилийн дараа түүний гэр бүлийг дараагийн зовлон нөмрөх ёстой байжээ. Хөөрхий ээжий, бүхий л амьдралынхаа тун цөөхөн өдрүүдэд аз жаргалыг амсаж эдэлсэн эмэгтэй Камала Неру 1936 онд таалал төгслөө. Хайртай ээжийнхээ халуун элгэнд бүжин шиг хярж өнгөрөөсөн он жилүүд түүх болж өнчин охин Индира төрөлх сургуулиа орхив. Эцэг Жавахарлал Неру гуниглан сууна. Тэр хайрт Камалаагаа хэрхэн яаж жаргаалаа... “Би түүнийг үнэхээр жаргааж чад луу” гэж Чингис хааны морин цэргийн матигар нум шиг саран доор шанална. Маргааш нь хайртай ээжий, амьдралын түшиг болсон хань ижил хоёроо аав Неру, охин Индира хоёр тэнгэрт үдсэн юм. Энэтхэгийн уламжлалт амар болоочийг сүүлчийн замд нь үдэх ёсон болбоос чандарлах арга билээ. Камалагийн сайхан сэтгэл, ариун бие будда руу хөөрч одлоо.

    Юу ч болоогүй, нөгөө л үлгэр домгийн тэнгэр алтан оддоо асгасан үдэш байлаа. Алдарт хувьсгалч Жавахарлал Неру хайрт охин харж суулаа. Зовлонг үзсэн, зовлонг бас таньсан эр тэр орой “ Миний охин эндээс яв. Аав нь ганцаараа алзахгүй. Намайг чи, миний ариун үйлсийг чи үргэлжлүүлж, Энэтхэгийн ард түмэнд эрх чөлөөг нь бүтээж өгөх ёстой болохоор, чи минь яв. Холын холд очиж ном үзэн, эрдэм сур” гэж хэлсэн юм. Индирагийн гэнэн алаг нүднээс урсах нулимс, түүнийг цээжиндээ тэвэрсэн аавынх нь энгэрийг чийгэлж билээ.

Охин явчихлаа. Тэр  Европын хамгийн анхны их сургуулиудын нэг болох бүр 12 дугаар зууны эхээр байгуулагдсан байж мэдэх их Британийн Оксфордын их сургуульд элсэн суралцаж эхэллээ. Индирагийн амьдралд нам гүм ноёлсон цаг хугацаа бол Англид оюутан байсан үе юм. Тэр энд хөөрхий аавыгаа санан, санан бэтгэрч, хайртай ээжийгээ зүүдлэн сэрэх ч дараагийн ширүүн он жилүүдэд бэлтгэгдэж байлаа. Англичууд мэдээгүй юу, эсвэл мэдсэн ч тоогоогүй юу Энэтхэгийг тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, тэдний колонийг унагахын төлөө юугаа ч үл хайрлагч хүмүүн Жавахарлал Неургийн охиныг бэлдэж байлаа.

    1942 онд Индира Фероз Ганди хэмээх эртэй хайр сэтгэлийн холбоотой болж, төдөлгүй түүнтэй амьдрал хэмээх их далайд хөтөлцөн ороод 2 жилийн дараа үрийн зулай үнэрлэсэн байдаг. Мөн тийн Ферозтай ханилан суусан нь Индираг Ганди гэдэг овогтой болгосон. Эр нөхрийнхөө овог нэрийг эхнэр хүн авах нь зүйн хэрэг билээ. Тэгээд хувьсгалчийн охиныг Индира Ганди гэдэг болсон байна. Индира Ганди 1944 онд ууган хүү Ражив, дараа нь удаахь хүү Санжаягаа  төрүүлж ээжий болсон билээ. Эр нөхөр Фероз Ганди өндөр боловсролтой, улс төрч бас сэтгүүлч хүн.

   

Ганга мөрний урсгал шиг он жил одсоор. Аав Неру, эрхэм хүмүүн Махатма Ганди хоёр нь Энэтхэг орныг чөлөөлж, 1947 онд Бүгд Найрамдах Энэтхэг улс байгуулагдлаа. Энэ улсын анхны ерөнхий сайд нь нөгөө л шоронгоос охиндоо захидал бичиж суусан эр Жавахарлал Неру байсан бөлгөө. Ерөнхий сайдын охин аавынхаа үйл хэргийг тууштай дэмжиж, түүний үнэнч хамтрагч, бас гэр бүлээс нь үлдсэн ганцхан хүн хэвээр байсаар. Неру охиныхоо нуруун дээрх ачааг сэм сэмээр нэмсээр. Ингэхгүй бол болохүй. Ирээдүйд тэр хамгийн их ачааг халуун биендээ тээж явах болно. Зуун зууны уртад уруудаж доройтсон улс эх орны дотоод уналтыг сэргээх тийм ч амар ажил байсангүй.

Аав Неру гэвч түүнээс зүрх эс үхэн тэмцсээр юуны түрүүнд Энэтхэгийн Батлан хамгаалахын салбарын хүчийг зузаатгаж, дургүй хүргэсэн хэнтэй ч үзэлцэхэд бэлэн болгочихлоо. Гэвч тэр ухаалаг нэгэн байсан болохоор эвийг эрхэмлэж, хөрш зэргэлдээ улс орнууд хийгээд холын Зөвлөлт, алсын Америктай тусгаар тогтносон улсын ерөнхий сайдын албан ёсны байр суйрнаас харилцаж чаддаг байвы. Индира Ганди энэ онуудад ааваасаа суралцаж байжээ. Жавахарлал Неру бүх насаараа охиндоо багшилсан байж.

    Өдөр ирэх тусам уруудаж, мөхөл хэмээх ангал руу мөд ойртож байсан Энэтхэг 1960 оныг үзэхдээ харин ч өөр болчихсон байлаа. Тэд өгсөж эхэлжээ. Эцэг Неру улс эх орноо зөв замаар удирдан жолоодож, хөгжил дэвшлийн хөх оргил руу хөтөлж чадсан байлаа. Харамсалтай нь Махатма Ганди байхгүй. Шашины хэт даврагсад хөөрхий тэр л бургасан таягтай, туримаг хэрнээ уул шиг ухаантай өвгөнийг түмэн олны дунд буудан хөнөөгөөд багагүй хугацаа өнгөрч байв. Зөвлөлт Америкийн харилцаа хурцдаж, Хятадын түрэмгийлэгчдээс оргосон Арван дөрөвдүгээр далай лам Данзанжамц Энэтхэг орныг зорьж ирээд, Дарамсалад суух болжээ. Мао даргын урдаас гэвч Неру сайд зөв хөдөлж чадсан.

“Миний өвөө хүмүүс хоёр хэсэгт хуваагддаг гэж хэлсэн. Нэг нь ажил хийдэг, нөгөө нь тэр ажлын үр дүнг өөрийн гавъяа болгодог гэдэг байсан. Өвөө надад эхний хэсэгт орохыг зөвшөөрсөн. Учир нь тэнд шудрага бус өрсөлдөөн бага байдаг гэсэн юм” Индира Ганди энэ үгийг хэзээ нэгэн цагт хэлсэн юм. Тэр шудрага ёсонд дуртай эмэгтэй байсан. Түүний амьдралын зарчим шудрага ёсон дээр тулгуурласан.

    Дөрвөн жил өнгөрлөө. 1964 оны 5 дугаар сарын 27-ны тэр цуст өдөр бол Энэтхэгийн залуу сэхээтэн эмэгтэй Индира Ганди бүтэн өнчин хүн болсон гунигтай өдөр. Алуурчид түүний хайрт аав, ард түмний эрхэм удирдагч Жавахарлал Неруг хэрцгийлэн хөнөөв. Зандалчид Энэтхэгийн гэрэл гэгээг үгүй хийв. Энэ аймшигт үйл явдлын дараа улс орон үймээд эхэллээ. Хүчтэй удирдагч нь нэгэнт үгүй болчихсон болохоор гадаад ертөнц Энэтхэгийн зүг гэтэж  байлаа. Шинэ удирдагчаа сонгох гэж тэд 2 оныг ардаа үдчихэв.

    1966 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр их удирдагч Жавахарлал Неругийн охин Индира Ганди засгийн эрхийг гартаа авлаа. Тэр улс эх орноо яг л аавынхаа дэг сургуулиар удирдаж, олон улстай бие даасан, хэнээс үл хамаарсан байдалтайгаар харилцаж эхлэв. Түүнээс өмнө Ази тивд Ардчилсан Социалист Бүгд Найрамдах Шри-Ланка улсын төрийн эрхийг Сиримаво Бандаранайке хэмээх эмэгтэй  тэргүүлж эхэлсэн нь бүсгүйчүүдийн улс төрийн үүрэг оролцооны оргилд хүрсэн ганцхан тохиолдол байсан юм. Индира Ганди тэр эмэгтэйн араас дорнын их гүрний түмэн хэргийг мэдэх хоёр дахь бүсгүй хүн боллоо.

Индира Ганди Энэтхэгийн төрийг барьж байсан он жилүүдэд аж үйлдвэржилт улам дэвжиж, үндэсний үйлдвэрлэл хурдацтайгаар хөгжөөд, газар тариалан анх удаа гаднаас импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийн оронд өөрийнхөө хэрэгцээ, шаардлагыг бүрэн биелүүлж эхлэв. Гэсэн ч ядуурал нэмэгдсээр. Энэтхэг орон дөрвөн Касттай. Энэ нь тус улс дөрвөн нийгмийн давхрагтай гэсэн үг юм. Тэдгээрийн хамгийн өндөр дээд нь Брахман бол удаахь нь Кшатрий, түүний дараах нь Вайшъя болно. Хамгийн дорд нь Шудра нар. Нийгэмд Шудра нарын тоо нэмэгдсээр байх. Бурхан багшийн хөлнөөс төрсөн тул бусад гурван кастдаа боол зарц мэт үйлчлэх ёстой гэх бичигдээгүй хуулинд захирагдах тэд Энэтхэгийг доройтуулсаар. Индира Ганди засгийн эрхийг 1966-1977, 1980-1984 оны хооронд 14 жил барихдаа зарим үед хатуу шийдвэрүүдийг гаргаж, амьдрал дээр шууд буулгаж байсан удаатай.

Түүний нэг бол хүн амын өсөлтийг зогсоох зорилгоор эрчүүдийн үрийн сувийг таслах явдал байлаа. Гэхдээ энэ ажил нь цэвэр ард иргэдийн сайн дурын үндсэн дээр хийгдсэн ч тийм ч их амжилтыг олж чадаагүй. Тэр хоёр дахь удаагаа төрийн эрхэнд гарч ирэхдээ Тамилийн ард түмнийг он удаан жилийн турш тарчлаан зовоосон шашны хэт даврагсадтай хатуухан тооцоо бодсон юм. Сүсэг бишрэлээр дамжуулан улс орны хөгжил дэвшил, цаашлаад тусгаар тогтнолд хортойгоор нөлөөлж, өөрсдийгөө Энэтхэгээс хараат бус бие даасан хүмүүс хэмээн зарласан нөхдүүд бол Пенжаб мужид байх Сикхүүд бөлгөө. Индира Ганди тэднийг өршөөлгүй зэвсэгийг хүчээр нухчин дарах үүргийг батлан хамгаалах яаманд өгснөөр их цэрэг хөдөлж, бурхан багшийн шавь нар буг чөтгөрийн хүүхдүүдийг  номхтгосон юм.

1984 оны 10 дугаар сарын 31-ны өдөр байлаа. Үүнээс өмнө ерөнхий сайдын амь насанд халдах гэсэн оролдлого нэг биш удаа гарсан байв. Тэр бүү хэл цэцэг барьсан жаахан охинд хүртэл тэсрэх бөмбөг зүүгээд Индира Ганди руу илгээсэн тохиолдол гарч байв. Индира Ганди энэ өдөр Английн алдарт зохиолч, жүжигчин Питер Устиновтай уулзахаар гэрээсээ гарлаа. Бие хамгаалагчид нь түүнийг хүрээлсээр. Хатагтай Ганди цэцэрлэг дундуур явж байтал нөхцөл байдал нэг л сэжигтэй болоод явчихав. Өтөл эмэгтэй тэдний санааг гадарласан даруйдаа мултрах гэсэн боловч гар буугаар түүнийг хоёр удаа буудаж, араас нь автоматаар шүршчихлээ. Амьд үлдэх ямар ч боломж байсангүй. Хөөрхий эмэгтэйг өөрийнх нь бие хамгаалагчид хөнөөлөө. Нөгөө л гутамшигт Сикхүүдийн хийсэн ажил... Ганга мөрөн хүний зовлон, нулимсаар урсана. Тэгэвч өвөөгийнхөө, ээжийнхээ ариун үйл хэргийг хүү Ражив Ганди үргэлжлүүлэхээр зориглон гарч ирлээ... 

Үргэлжлэл бий ... 

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Жавахарлал Неру жавхлант охин Индира Ганди  
Үзсэн: 6581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-24 09:02
Ашигласан сурвалж номоо бичээч.
202.55.183.xxx [202.55.183.xxx] 2015-01-20 10:06
mongold heregetei udirdagch baijdee ,minii mongold hatuu gar zov tor zov huuli zov udirdagch nar heregtei

Бидэнтэй нэгдээрэй