Шууд Chart

"Адгийн шаар" явлаа шүү дээ

2015-01-30 15:03:51

Өвөл гээч улирал урт байх тусам л зуныг улам их санаад байх шиг бодогдох юм даа. Учир нь би өвөлд ер нь л дургүй хүн. Хүйтэнд даарч, хөрөх дургүй ч юм уу нэг тиймэрхүү л хүн. Тэгээд л зуны тухай сайхан бодлуудаа гаргаж ирж санах гэхээр хамгийн түрүүнд хар бага насны минь хөгийн хөгийн дурсамжууд ийш тийшээ шуугилдаж гүйгээд болохгүй юм.

Том болсон хойноо олон л сайхан зуныг өнгөрүүлж байсан шиг санагдах юм. Гэтэл яахаараа тэр хэдэн дүрсгүй дурсамжууд түрүүлж орж ирээд байдаг юм бол. Магадгүй хиргүй цагаан цаас шиг тув тунгалаг сэтгэлтэй байхад минь бичигдсэн болохоор хамгийн том хамгийн сайхнаар үлдсэн юм болов уу даа.

Ингээд бас нэгэн багын дурсамжаа бичиж байна. Мэдээж өнөө хүсэн хүлээж байгаа зун л болсон явдал байж таарна. Би чинь хавар очоод намар буцдаг усны шувуу байсан юм чинь. Манай нутгийн зун гэж нар, хур нь тэгширсэн сайхан зун болно шүү дээ. Алдарт "ган, зуд болдоггүй" Эрдэнэцагаан сумын "баруун гол"-д буюу Хонгорын бригадын нутагт л дүрсгүй, гэнэн нас минь өнгөрсөн хэрэг. Ханын гол, Хадтын муруй, Могойн гол, Зүрх уул, Өргөн, Зээгийн тасаг, Харгилтай, Хулстай, Арбулаг, Цайдам, Дэмбэрэл, Хадат толгой, Хөөвөр энэ тэр гээд нэр нь хүртэл сайхан сонсогддог бороо орвол орсон шиг орж, нар гарвал гарсан шиг гардаг нутаг даа. Ай сайхан нутаг минь.

Хөдөө очихоороо хоёр өвөөгийн дунд амьдарна. Манай ээжийн аавынх буюу "Нагац аав"-ынх Хонгорын бригадын төвд байдаг байлаа. Өвөө маань бригадын агент, аж ахуй хийнгээ хэдэн хувийн малтай суурин байх. Харин аавын аав буюу "Өвгөн аав"-ынх маань малчин айл байсан тул зуны эргэлтэнд дээрх хэлсэн газар бүхнээр нутаг сэлгэн нүүдэллэн амьдардаг байлаа.

Нээрээ бага байхад нүүх болохоор нээх баярладаг байж билээ. Юундаа тэгж их баярладаг байсан юм бол. Одоо бодоход хар үүрээр босоод ачаа бараа боож баглах, гэрийн мод, дээвэр зөөх, эвхэх, мал хуй тууж хөөх, ачаа хөсөг хөтлөх барих гээд бөөн л ажил болдог байсан байх юм. Тэмээн тэрэг хөтлөөд юмуу? бог мал туугаад өдөржин наранд сажлуулах ч тийм хүсээд байхаар сайхан ажил биш шүү дээ. кккк

Тэгээд яахав хоёр өвөөгийн дунд тэлээ хурга шиг хүнээр хүргүүлж, хүнээр авахуулдаг нас өнгөрөөд өөрөө морь унаад айл хэсч чаддаг болсноос хойш ааш зан гэж ёстой нэг "чөтгөр" болчихож байгаа юм. хэ хэ. Нэг өвөөгийнхөнтэй муудлаа шууд морио унаад нөгөө өвөөгийхрүү давхилаа. Хэд хоногоос нөгөө өвөөгийнхний сураг ажиг сонслоо намайг санаж байгаа, хэрэг цагаадсан гэх мэт анир авснаас хойш бас л нэг өдөр өнөө байгаа өвөөгийнхөнтэйгээ муудлаа морио унаад пар хийтэл давхина шүү дээ. ккк

Зиа тэгээд адгийн шаар болсон хоёрхон пактаа л бичий. Нэгдүгээрхи нь бол морь унаж зугтаж чаддаг болохоос өмнө болсон явдал дөө. ккк. Зуны халуунд өглөө аргал хоргол түүх, хурга тугал эргүүлэх, усанд явах \2-5-ын битон бариад гэр орох 200м газар 4 амарч байсан бага нас шүү дээ\ гэх мэт асар хүнд ажлууд хийсэн би бээр эмээгийн эзэмшлийн буюу зүүн орон дээр хэвтээд баатар эрийн нойроор бөх гээчийн унтсан байлаа. Нэг мэдсэн толгойгоо дүйнгэттэл унтсан байв. Тэгээд год хийтэл үсэрч босдог цоглог гар болох гээд шовос хийтэл орны урдруу хөлөө буулгаадахсан амар хурдан босошгүй санагдаад жаахан нүдээ долийлгоод тоононы нарлуу ч нэг хараад тогоон дээр ямар нэг зүйл хийж байгаа эмээрүү ч нэг хараад сууж байтал хэрэг бишдээд эмээгийн шанагаа бариад орилж байгаа догшин дүр бүдэг бадаг харагдан, ямар нэгэн зүйл бувтнах дуу нь нилээд хол сонсогдохуйд юун тухайд эмээг уурлуулснаа ухаараагүй би гээч хүн хар хурдаараа гэрийн баруун талаар харайлган гарч одлоо.

Гарсан даруйд эмээд давуу байдал олгохгүйн тулд хар хурдаараа чавхадсаар урд толгойн оройд гараад жаал нэг юм сэхээ аван нойр сэргэсэн тул саяны байдалд дүгнэлт хийхээр доош суулаа. Доош суух үедээ л эмээгийн хувьд түмэн буруутнаар барахгүй гэрт эргэн очихуй дор хүнд бэрх шийтгэл хүлээх ТОМ нүгэл хийснээ ухаарлаа. Яасан байхнав гэхээр эмээ маань тараг ч бүрэх гэсэн үү? ээзгий ч ширгээх гэсэн үү? бяслаг ч шахах гэсэн үү? ямар ч байсан тарагны эхээр ээдүүлэх гээд миний унтаж байсан орны доороос түмпэнтэй таргаа татаж гаргачихаад магадгүй нэг шанагыг авч тогооруугаа хийчихээд эргээд харахад нь өнөөх Анжигай хампаан долийхоороо долийгоод бас нэг муу уруул энэ тэр ярвайлгаастай юу ч болсон царайгүй өнөөх төмпөнтэй тарганд нь хөлөө хээв нэг дүрчихээд сууж байхгүй яахав дээ. ха ха ха.

Тэгээд нөгөө толгойнхоо орой дээр суугаад л байлаа. Манайхруу хүмүүс орж гараад, ирж буцаад л байна. Хэн нэгэн нь намайг дуудах буюу ирж авах байх гээд хараад л суугаад байлаа. Хэн ч байдгүй. Их том нүгэл тул шийтгэл нь зуунаас ч урт байж билээ.

Тэгж тэгж муу өвөө минь нуруугаа үүрч хүрч ирээд ёсыг бодон бөгсөн дээр гурван удаа зөөлхөн алгадахчаан болоод зулай дээр минь удаан гэгч үнэрлэн "эмээгийх нь уур гарсаан өвөө нь чамайг сая шийтгэчихсэн юм чинь одоо харьж хоолоо ид" гээд дагуулаад харьж билээ.

Хожим сонсохнээ хамаг таргийн эхээ миний сайртай хөлөөр бузарлуулсан эмээ маань намайг "Гүндийн 6 хүүхдийн АДГИЙН ШААР халуун зунаар таргийн эхгүй болгосон" гээд үглэж байсан гэдэг. Тэр үед л шийтгэх, өршөөхийн учрыг ойлгосон шиг санагддаг.

Хоёрдугаархи нь:
Энэ бол том агаа болоод бас ч гэж өөрийн гэсэн эмээл, хазаар, морь малтай болчихсон байсан үе юм. "Нагац аав"-ынд байлаа. Тэнд манай нагац эгчийн хүү гээд нэг эрхийн мангар юм байдаг байсан юм. Галын зээ гээд нагац аав тэрэндээ амь гэж учиргүй.

Бригадын зүүн талд улаан эрэг гээд жаахан өндөрлөг газарт хуучин бригадын агент байж байгаад шатсан барилгын балгас байдаг байсан юм. Тэнд оройхон хэрд ямаагаа саана. Баахан ямаа хүзүүдэж зогсож, сайхан ааш хөдөлвөл ганц нэг ямаа саачихаад буцахдаа өнөө айлын эрх шар хүүхдийг усны тэргэн дээр суулган түрээд явж байлаа. Хэн ч харсан дүүгээ тоглуулж байгаа сайн ах харагдана.

Гэтэл гай газар дороос гэгчээр тэрэгний дугуй том чулуу дайрахын төдийд өнөө дэрчийсэн шар юм нь үсрээд ойччихлоо. Эрчээрээ явсан тэрэг чигээрээ яваад би гэдэг хүн байдгаараа чарлаж байгаа дүүгээ авах гээд ухасхийнгээ хартал өнөө балгасны гаднаас өвөө тэнзэн ташуураа бариастай хамаг байдгаараа "цус цус хүүхэд алчихлаа... бла бла хэмээн" хашгиччихсан морьлуугаа гүйж байна. Тэгмэгц нь шууд дүүгээ ч хаячихаад гэрийн гадаа байгаа морьлуугаа гүйчихсэн.
Арай гэж амжиж мордоод \өвөө замаараа дүүг аргадаагүй бол би амжихгүй л дээ ккк\ хар гүйхээр нь өвгөн аавын зүг давхилаа. Харих замдаа харанхуйд төөрөөд, нохойныхоо дуугаар баримжаалж байж харьсаныг бодоход тийм ч том эр болоогүй байсан шиг санагдана.

Тэр орой нагац аавынх сайхан бууз хийж байсныг орхиод давхисандаа гөө мөн их харамсаж билээ. ккк.  Тэгээд ямар уруул дордойхоос элэг дордойх бишдээ төд удалгүй л нагац эмээ минь "муу хүү минь буузаа ч идэлгүй айгаад чавхадсан эвий эвий" гэж ярьж байгаа чимээ сонсогдсон тул тэгс гээд очсон байх.

Нагац аав маань намайг аавынхаа сүнс гэж боддог, итгэдэг байсан тул намайг байнга л өршөөнө. "Би энийг их зовоодог байсан юм, тэгээд энэ намайг зовоох гэж ирсэн дээ" гээд сайхан ааштай үедээ үнсэж байдагсан. Би ч тэрэнд нь сагаж хөөрөөд ихээхэн зовоосондоо муу өвөөгөө.

Тэгэхдээ хааяа бас гар нийлээд ажиллавал бүтэн 200-ийн торх зоодой \таана даршилж хийдэг малын хүчит тэжээл\ хүртэл хийчихдэг байсан юм шүү.

За даа нэг иймэрхүү л АДГИЙН ШААР байсан юм шүү дээ.
Цамцаа дэрвүүлэн гүйж, харайж, давхиж, зугтаж явсан хүүхэд насныхаа зун цагийг дурссан чинь яг одоо л гадаа нар ээгээд подоолоктой алхаж болмоор болсон шиг санагдана. Айдаа хорвоогийн жам юм даа. Одоо Нагац эмээгээс минь бусад нь уулсаа түшээд одож дээ.

2012-02-09 16:44:34

Нийтэлсэн: Анжигай

"Адгийн шаар" явлаа шүү дээ  
Үзсэн: 3548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-02-02 21:22
saikhan bichjee
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2015-01-31 11:09
wow haaya iim um unshmaar bvgd l hvvhed baisan daa
84.129.153.xxx [84.129.153.xxx] 2015-01-31 00:46
nuguu hamaatnii ohib duugee yasan telee melee hezuuduuldeg ?
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-01-30 18:16
Үнэхээр адгийн шаар байжээ. сайхан бичлэг байна. Баярлалаа
202.127.78.xxx [202.127.78.xxx] 2015-01-30 17:06
tiimee adgiin shaar

Бидэнтэй нэгдээрэй