
-Хэрэглэдэг аргуудаа бичжээ-
Хүүхэд насны дурсамж гээд хэлчихээр багачуудад буруу үлгэр дууриалал үзүүлсэн болчих байх гэж айгаад байх юм. Ерөнхийдөө яргачин явсан үеийн тухай л бичлэг шүү дээ.
Бага байх үедээ зуныг хөдөө л өнгөрүүлнэ. Тэгээд яах вэ хурга, тугалны бэлчээр дээр, аргал түүх замдаа, голын эрэг дээр, сумын төвийн эргэн тойронд ер нь л хаа сайгүй байх нэг л анд нөхөр байна. Тэр бол үлийн цагаан оготно.
Сургууль соёлоор хүмүүжих явцад болоод телевизүүдийн мэдээ, үзэсгэлэнгийн танхим гээд бүхий л газраас "үлийн цагаан оготно бол бэлчээрийн дайсан бөгөөд малчин монголчуудын заналт дайсан мөөн" гэсэн суртал ухуулгыг цээжилтэл сонссон тул муу "дайсныг" ёстой нэг болгож тавьдаг байлаа.
Түүнийг нэгэн мөр болгон бөөгнүүлээд та бүхэнд хүргэх гэж байна. Алуурчны тэмдэглэл... этр гээд сүртэй нэртэй байна уу?
Манай тусгай албаныхан нөгөө хэн гуайг оймсыг нь гозолзуулж ирээд баривчилдгийн хажууд бол би чинь балын харандаа шиг өчүүхэн амьтан шүү дээ. За улс төрөөс ангид байя.
1-р арга: Урхи зүүж амьдаар нь барих. Цагаан утас сайн байдаг.... ясаар хүндрүүлэгч хийвэл сайн ордог... бла бла гээд бас баахан Фэнг Шү маягийн юмтай. Ухаандаа нөгөө юм оёдог утсаар урхи хийгээд хулганы гарч ирж магадгүй нүхний амсарт гурван хуруугаа ашиглан утсаа урхи болгон тавих арга. Мэдээж гарч ирмэгц утас чангарахаар бодож хүндрүүлэгч хийнэ. Нэгэнт баригдсан оготноо няслаж ухаан алдуулаад жаахан тоглож энэ тэр зовоодог байлаа. Сүүлдээ ч архаг анчин болоод ганцхан савчихдаг л болсон. Чогчиго мэтийн газар нүх ухан амьдардаг шувуу орох муу тал бий.
2-р арга: Чавхаар харвах. Энэ манай Бээст снайпэр энэ тэр бол балладаг байсан байх аа. Би нээх ч сайн байгаагүй. Түүнээс гадна чавх чинь хүйтэн зэвсэгт ордог тул томчууд дургүй байдаг байсан. Түүнээс гадна хөдөө газар хаймер энэ тэр олдохгүй хэцүү. Хэрэв нэг л чавхтай болсон бол хавь ойрыхноороо жижиг чулуу түүлгээд бас хажуудаа хараачаар \хулгана харж хэлж өгөх хүн\ суулгаж байгаад л харваж өгнө. Зарим тохиолдолд хулганыг шархадуулан алдах магадлалтай боловч ихэнх тохиолдолд газар дээр нь цааш харуулдаг нэг сууринаас хөдлөхгүйгээр хичнээнийг ч устгах, урхи мэт газар, шороотой хутгалдахгүй, аюул тохиолдсон үед биеэ хамгаалах зэвсэг ч болгож болох гэх мэт олон сайн талтай. Гэвч гэнэт дүрсгүйтмээр санагдаад хэн нэгнийг юм уу, шонгийн модны ваар, хааяа андуураад айлын цонх энэ тэр хагалдаг эвгүй зэвсэг байлаа.
3-р арга: Ус хийж алах. Ер нь бол их муухай арга л даа. Нүхийг нь дүүртэл ус хийгээд гарч ирсэн болгоныг цохих нь цохиод, гишгэх нь гишгэж ална гэсэн үг. Геноцит аллага маягтай. Хулганын нүх олон салаа байх тул бусад нүхийг нь бөглөж байгаад л ганц нүхээр нь цутгаж өгнө шүү дээ. Нэг их хувин сав энээ тэрээ гэхгүй ээ. Ус зөөж болох бүх л юмаар зөөнө шүү дээ. Будаг хийгээд хаясан хуучин 40-ийн битонтой бол тэр хавийн хулгануудад АСАР МУУ даа. Нээрээ энэ ээж, эгч, эмээ нар юм угаагаад усаа асгуулахдаа амьтны амь нас бүрэлгэж байснаа мэддэг болов уу?
4-р арга: Нүх бөглөн гүйлгэж алах арга. Энэ их муухай арга аа. Ухаандаа хөрш айл руугаа айлчлах гэсэн ч юм уу, хэн нэгнийхээр дайраад цаашаа өөр газар руу очих гэсэн, хажуу айлындаа орж жаал буу халж байгаад гэр рүүгээ очиж яваа хулгануудыг алах арга. Яг үнэндээ бол зэвсэг, техникгүй гар мухар болсон нөхдийн л ажил л даа. Яадаг вэ гэхээр нэг хэсэг газрын нүхнүүдийг хөлийн өсгийгөөр бөглөчихдөг юм. Тэгээд л хараад зогсож байтал яг тэр бүлэг битүү нүх рүү хулгана гүймэгц гүйж очоод дэвсэж алах арга. Хогийн байна уу? Одоо яаая гэхэв. Бэлчээрийн дайсныг зүгээр явуулаад байлтай биш.
5-р арга: Утах арга. Энэ аргыг тэр бүр хэрэглэдэггүй юм. Бактерлогийн зэвсэг л гэсэн үг. Түүнээс гадна их ур чадвар, цаг хугацаа шаарддаг лайтай ажил. Хомоол энэ тэр түлээд түүнийхээ утааг сэвж нүх рүү нь оруулах арга. Ингэснээр өнөөх бэлчээрийн дайсан угаартаж үхэхгүйн тулд амь зулбан гарч ирснээр дайчин этгээдүүдийн гарт орж ирж байгаа юм. Нөгөө америк кинон дээр бас Коонтор страйк дээр утаа шиддэгтэй л адил юм шүү дээ.
6-р арга: Чулуу шидэн алах арга. Энэ ч чавхдахтай их төстэй. Тэгэхдээ үр дүн нь арай бага. Аргагүй шүү дээ. Чулуун зэвсгийн үед л хэрэглэж байсан арга шүү дээ. Онохоосоо онохгүй нь их ч зугаатай гэдэг жигтэйхэн. Нэг хэсэг чулуу бөөгнүүлж байгаад л нэг зүг рүү голдуу шидчихнэ. Чулуугаа дуусмагц нөгөө талд нь гарч шидсэн чулуунуудаа цуглуулж байгаад дахиад шиднэ. Зиа зиа ийм хэдэн үндсэн арганаас гадна гэрт бол хавх тавих гэдэг арга байна. Бас уургадах гэж нэг арга байх. Хонинд явж байх үед хэрэглэнэ. Ухаандаа уурганыхаа бөгсийг яг нүхнийх нь ард бариад морио томоотой зогсоочихно. Тэгээд л хулгана гараад ирмэгц ганцхан түлхээд "няад" шүү дээ.
Хөөрхий харахад л саарал болохоос үнэндээ цагаан байдаг юм билээ. Шороон дунд амьдарсаар байгаад шорооны өнгө үсэнд нь орчихдог юм билээ. Нэг удаа манай нутагт аймаар үер болоод муусайн хулганууд нүх нь усаар дүүрсэн тул бүгд гарч ирээд дэрсний ёроолд бөөн бөөнөөрөө наалдаад ихэнх нь хүйтэн бороонд хөлдөж үхсэн юм. Тэгсэн маргааш, нөгөөдрөөс нь хаа нэг цав цагаан хулганууд гүйлдэж байсан. Тэгээд л хулганын жинхэнэ өнгийг мэдэрсэн дээ.
Байгаль дэлхий өөрөө хулгана ихсэхээр нэг тэгж үер энэ тэр болгож зохицуулдаг юм билээ. Яаж тэгж оготнын нүх сахиж байхдаа элдэв халдвар авчихаагүй юм. Байгалийн натурал амьтад тул тийм юмгүй байсан байх аа.
Сүүлд том болсон хойноо тарвага агнадаг болсон. Би буудаж байгаагүй. Ганц нэг удаа нохойгоор бариулсныг эс тооцвол зөвхөн хавхаар л барьдаг байлаа. Харин ч хамаатны ах анчин Батаа гэдэг хүнийг дагаж нэг жил хавх зүүснийх гайгүй сайн хавх тавьдаг болсон байсан юм. Ганц хавхтай ч өдөрт хоёр удаа ганзага мялаадаг л хүү байлаа. За нэг иймэрхүү л анчин байлаа даа.
Та нарт энэ мэт дурсамж байгаа бол доор сийрүүлнэ буй за.
Хар баасан гарагаас хойш нэг л ав хоморго эхэлчихсэн шиг санагдаад байгаа юм шүү дээ. За, за мартъя.
2012-04-16 18:16:26
"Алуурчны" тэмдэглэл | ||
Үзсэн: 2960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.