Шууд Chart

Туул голын сав газрын шувуудын төрх, аж байдал

2015-03-20 10:43:36

/Шувуу ажиглах аяллын тэмдэглэл/

2015 оны гуравдугаар сарын 14-ний өглөө тэнгэр бүрхэг бөгөөд цас хаялж байлаа. Энэ бол шувуу ажиглагчдын хувьд тэр тусмаа шувууны зураг авахыг зорьж буй бидний хувьд маш муу дохио байв. Гэвч хаврын тэнгэр өөрчлөмтгий гэдгийг гадарлах учраас үдээс хойш нар гарна гэсэн итгэл тээсээр шувуу харах хүсэлдээ хөтлөгдөн Сонгинохайрхан уулыг чиглэн хөдөлсөн юм. Энэ газар Улаанбаатар хотоос ойрхон, автобусаар ч хүрч болох шувуу ихтэй цөөн газруудын нэг.

Тэнд хүрмэгц баруун хойноосоо хүйтэн салхитай, түүнээс гадна тэнгэрийн царай улам л бүүдийж, орсон цас шагайгаар татаж байлаа. Үнэнийг хэлэхэд, яг тэр үед “Өнөөдөр дэмий ирлээ дээ” гэж бодогдож ч “Номин” гэж хашгирах чимээ сонссогдсоноор энэ өдөр ядрах чөлөөгүй, хөгжилтэй, үр өгөөжтэй болж өнгөрсөн юм. Бид нийтдээ 25 зүйл шувуу ажигласны 15 зүйлийн шувуудын зургийг авч чадсан.

Биокомбинатаас хойш Туул голыг гаталдаг модон гүүрийг даваад хамгийн ойр харагдах хэсэг бургасыг чиглэн очиход хамгийн эхний харагдсан шувуу бол "Номин хөхбух" (Parus cyanus) байлаа. Түүнд урамшин эргэн тойрныг нэгжиж эхлэхэд "Бага алаг тоншуул" (Dendrocopus minor), "Хондон ангир" (Tadorna ferruginea), мөн элбэг тохиолдох "Хар хэрээ" (Corvus corone), "Хөхвөр тагтаа" (Columba livia), "Алаг шаазгай" (Pica pica) зэрэг шувууд харагдав. 

Хондон ангир (Tadorna ferruginea). Монгол орны хахир хатуу өвлийг Туул голд цутгах бохир усанд түшин өнгөрөөдөг цөөн хэдэн усны шувуудын нэг юм. Цаана харагдаж буй том биетэй нь эр нь бөгөөд хар хүзүүвчтэй, том толгойтойгоор эмээс нь ялгаж таньж болно.

Тэндээс цааш "Монголика" зочид буудлын урдуур баруун зүг алхсаар хоосон шахам төмөр хашааг тулан зогстол "Дөлөн цэгцүүхэй" (Acanthis flammea)-н уянгалаг дуу биднийг урин дуудаж эхлэв. Тэр зүг дурандвал сүрэг "Дөлөн цэгцүүхэй" ургамлын үр түүн идэж байлаа. Ойр орчмыг сайтар шалган дурандвал, цэгцүүхэйн сүргийг сонирхон алсаас дууг нь сонсон ирсэн амьтад зөвхөн бид биш байв. Харин биднээс гадна, "Үүрэн сүүлт зана" (Uragus sibiricus), "Их хөхбух" (Parus major) зэрэг шувууд хүрэлцэн иржээ.  

"Дөлөн цэгцүүхэй"-н (Acanthis flammea) эр бодгаль нь цээжээрээ улаан-ягаан өнгөтэй. Өвлийн улиралд Улаанбаатар орчимд сүргээрээ элбэг тааралдах боломжтой.

"Үүрэн сүүлт зана" (Uragus sibiricus), эр бодгаль. Шувуу ажиглагчдын үргэлж харах дуртай шувуудын нэг бөгөөд түүнийг гол болон уулын өндөр бургасан дотор харах боломжтой. Мэдэгдэхүйц урт сүүл, нүүрний маск зэргээр нь төрлийн бусад шувуудаас ялгана.

Төмөр хашааны урдуур цааш алхаж явтал бидний нэг “Тэр ямар том алаг шаазгай вэ?” гэснийг нягтлан дурандвал "Саарал хэрээ" (Corvus cornix) шаазгай нөхрийн хамт модны ёроолд хүйтнээс хоргодсон янзтай сууж байх нь тэр. Түүний зургийг авахыг хичээн дөхөх гэтэл биднийг анзаарсан "Саарал хэрээ" гэнэт далавчаа дэвэн ум хумгүй зугтаан одов. Муухан зураг авсандаа харамсан зогстол "Монгол болжмор" (Melanocorypha mongolica) дэргэдүүр нисэн өнгөрөхөд Монголын тал хээр нутгийн илэрхийлэл энд юу хийж явна вэ гэсэн бодол харамссан бодлыг сарниулав.

Цааш алхаж явсаар голын салаа, хашаа хоёрт тулан явах замгүй болсон учраас бид хашаа руу орж шувуу ажиглахаар шийдэв. Энэ хашсан том талбай бол гольфын талбай ажээ. Зарим хүмүүсийг зугаацуулахын тулд энэ том талбайг хашсан нь нэг талаараа шувуудын амьдралд тустай мэт санагдсан. Учир нь энд цөөн хүн нэвтэрдэг болохоор шувуудын амьдрал эд буцалж байлаа. Энэн өдөр харсан шинэ зүйл гэвэл "Хартолгойт хөхбух" (Parus palustris), "Шархөмсөгт хөмрөг" (Emberiza cioides), "Улаангүеэт хөөндэй" (Turdus ruficollis), "Цэнхэр шаазгай" (Cyanopica cyanus) зэрэг байв.

Шархөмсөгт хөмрөг (Emberiza cioides). Энэ зурган дээр харагдаж буй эм бодгалийг харзны ус уучихаад нисэх агшинд амжиж зургийг нь авч чадлаа. Эм шувууны зураг оруулсан шалтгаан нь уг зүйл шувууны зөвхөн  эм нь  хүч хөдөлмөр гаргаж үүрээ засдаг ба үүр нь намхан сөөг, өвсөн дотор таардаг болохоор хавар үржлийн үед шувуу ажиглахдаа үүрэн дээр нь гишгэхгүйг хичээн болгоомжтой яваарай.

Намгийн хөх бух (Parus palustris) нь дээрээс дүүжлэгдэн ургамлын үр түүн идэх чадвартай хүчирхэг атгалттай шувуу юм. Түүсэн үрээ нуун нөөцлөөд дараа нь эргэж олохдоо гаргууд санах ой сайн хөгжсөн шувуу ажээ. Бид хашаанаас хойш гаран Сонгинохайрхан уулын энгэрээр төмөр зам даган алхаж явтал хажуу талаас "Сибирийн хайруулдай"-н (Prunella montanella) цангинасан дуу сонсогдож тэр зүг анхаарал төвлөрөхөд дотны анд "Шарга хайруулдай"-н (Prunella fulvescens) хамт сүрэг үүсгэн идээшилж байлаа. Мөн Сонгинохайрхан уулын оройгоор "Улаанхушуут жунгаа" (Pyrrhocorax pyrrhocorax) сүрэглэн нисэлдэв.

Сибирийн харуулдай (Prunella montanella). Хавар, намрын улиралд маш олноороо тааралддаг. Учир нь Монголын орныг дайрч үржлийн болон өвөлжих нутаг руугаа нүүдэллэдэг шувуу юм. Төмөр зам даган алхсаар явтал "Монголика" зочид буудлын ардхан талд нэг хүн ус савлаж байхыг харахад тэнд харзны ус байгаа нь илэрхий. Тэнд бидний харахыг эртнээс хүссэн "Гялааномруут харзлай" (Cinclus cinclus) байхыг үгүйсгэхгүй. Учир нь энэ шувуу харзны усны гүнээс хоол тэжээл түүн иддэг учраас харзтай газар тааралдах боломжтой. Харамсалтай нь бараг 200 метр орчим урссан харзны усанд бидний хайсан шувуу нэг ч олдоогүй боловч бид ойр орчмын бургасан дотроос хэд хэдэн сонирхолтой шувуу олж зургийг дарж амжив. Энэ үед тэнгэр цэлмэж, гэрлийн хэмжээ зураг авахад тохиромжтой болсон байв. Энд таарсан шинэ зүйл шувууд гэвэл "Эгэл зана" (Pyrrhula pyrrhula), "Бор зана" (Pyrrhula cineracea), ивэр энхэтбялзуухай" (Bombycilla garrulus), "Дуулгат хөөндэй" (Turdus pilaris), "Дуулгат бужирга" (Fringilla coelebs), "Наран шаршуу" (Eophona migratoria), "Банхар булжуухай" (Coccothraustes coccothraustes) зэрэг байлаа.

Дуулгат хөөндэй (Turdus pilaris). Уг зүйл нь Монгол оронд үрждэг, өвөлждөг, мөн дайран өнгөрдөг. Хүнс тэжээлийн нөөцөөс шалтгаалж тавдугаар сарын сүүлчээс эхлэн үржилд ордог аж.

Банхар булжуухай (Coccothraustes coccothraustes). Монгол оронд үржихээр зочилдог, зарим бодгаль нь өвөлждөг. Том бахим хушуу нь том хэмжээтэй үрийг хагалж идэхэд зохицсон байдаг.

Цэнхэр цанцаахай (Azure-winged Magpie).

Саарал хэрээ (Hooded Crow). Бидний нэг өдрийн  шувуучлах аялал ийнхүү өндөрлөлөө. Цастай, устай, шалбаагтай, хүйтэн байсан ч энэ бүхнийг умартан ядрах, даарах, өлсөх, цангах чөлөөгүй өнгөрсөн хөгжилтэй, сайхан аялал боллоо.

Тэмдэглэл бичсэн: Д.Баянмөнх
Гэрэл зургийг: Д.Баянмөнх, Г.Хүдэрчулуун

Нийтэлсэн: Д.Баянмөнх

Туул голын сав газрын шувуудын төрх, аж байдал  
Үзсэн: 3516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-03-23 09:10
гоё юмаа. Танин мэдэхүйн нэг толь. ийм олон төрлийн гоё гоё шувуу хот орчимд байна гэж санасангүй. Хүүхдүүдээ харуулах сан...
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-03-21 00:06
Tun saihan temdeglel boljeee. amjilt
84.132.30.xxx [84.132.30.xxx] 2015-03-20 22:06
yanziin goyo bolj bayarlalaa... yostoi bayarlalaa... mundag baina .
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-03-20 21:47
Наран шаршууны зураг байгаа юу!!!!
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-03-20 18:34
mundag ah ymaa ooshoo ulvv suraarai ahaa amijlilt
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-03-20 16:21
яасан мундаг бүтээлч юм вэ, амжилт

Бидэнтэй нэгдээрэй