Шууд Chart

Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй

2015-04-28 10:54:08

Байгалийн голомтот, зоонозын өвчний дамжуулагч гэдэгт халдварт өвчний үүсгэгчийг нэг амьтнаас нөгөөд зөөвөрлөн хүргэдэг үе хөлтөн, цус сорогч шимэгчдийг хамааруулдаг. Байгаль дээр бүүрэг, бөөс, шумуул, хачиг, хөхтүрүү зэрэг олон төрлийн дамжуулагчид бичил биетнийг зөөвөрлөж халдварыг тараадаг. Эдгээрээс хачгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Хачиг

Дэлхий дээр 30000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Argas, Ixodes, Haemophysalis, Aponemma, Ambyolomma, Dermacentor, Woophilus, Rhiphicephalus төрлийн хачгууд анагаах ухааны ач холбогдолтой байдаг. Эдгээрээс манай оронд Ixodes, Dermacentor төрлийн хачгийн тархалт, тархвар судлалын холбогдлыг тогтоосон байдаг.

Хачгийн хөгжлийн үе шат нь өндөг, авгалдай, нимф, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагддаг.

Хачигны хөгжлийн үе шатууд

Хөгжлийн үе шат бүртээ өвчин үүсгэгчийг дамжуулдаг. Хөгжлийн үе шат нь 2-4 жил үргэлжилдэг. Биеийн хэмжээ нь ерөнхийдөө эм 0.5-8.3 мм, эр хачиг 0.2-5.8 мм байдаг.
Хаврын урь орсон IV сараас идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба V-VI сард хамгийн ихээр тохиолдоно. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг. Нартай дулаан өдрийн 8-12, 17-20 цагуудад ихээр гардаг.

Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй гагцхүү өвчин үүсгэгчийг агуулсан хачигт хазуулвал халдвар авна.



Бэлчээр, ой мод, мал, амьтнаас болон мэрэгч амьтны нүх ноохойноос хачгийг түүж цуглуулан, төрөл, зүйл, хүйс, хөгжлийн үе шат болон тоошлын үзүүлэлтийг тодорхойлж, лабораторийн шинжилгээгээр халдвартай эсэхийг тогтооно. Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.

Цөл, цөлөрхөг хээрт тохиолддог хачиг:
Монгол Алтай, говийн Алтайн хаяа уулс, цөл, цөлийн хээрийн бүсийн заг, бударгана, харгана бүхий нутгаар тархсан. Крым Конгын цусархаг чичрэг өвчнийг дамжуулдаг байж болохыг Казакстан, Киргизстан, Туркменистан улсын судлаачид тэмдэглэсэн. Монгол оронд ку чичрэг, хачигт риккетсиоз өвчний үүсгэгчийг дамжуулдагболохыг мал эмнэлгийн судлаачид тэмдэглэсэн байдаг.

Бэлчээрийн хачиг:
Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай, Говь-Алтайн нуруу зэрэг Монгол орны бүхий л бүс бүслүүрээр тархсан. Хачигт риккетсиоз өвчний үндсэн дамжуулагч болдог ба ку чичрэг, хачигт энцефалит өвчнийг дамжуулдаг болохыг лабораторийн шинжилгээгээр илрүүлсэн.

Тайгын хачиг:
Ойт хээрийн бүсийн навчит болон шилмүүст ой бүхий Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар тархсан. Хачигт энцефалит, хачигт боррелиоз, ку чичрэг, анаплазмоз, эрлихиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг. Сэлэнгэ, Булган аймгийн нутгаас цуглуулсан хачигнаас хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчний үүсгэгчийг ялгаж авсан.

 

 


Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй   
Үзсэн: 7489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-30 15:44
hachig muuhai sh dee. shigdeed huwalj boldog gej bodohoor l dotor arzaigaad bdag yum

Бидэнтэй нэгдээрэй