
"Сүүлчийн дусал ус ширгэх цагт хүмүүс та нар алтыг ууж болохгүйг мэднэ..." гэсэн гашуун үг байдаг. Энэ үгийг ой тойндоо оруулж, эргэцүүлэн бодож, ирээдүйд болох эмгэнэлийг төсөөлдөг хүн цөөхөн байх л даа. Гэвч дэлхийн усны нөөцийн дөнгөж 2,5 хувийг эзэлдэг унданд хэрэглэж болох усны нөөц өдөр өдрөөр хомсдон нэг л өдөр бидний үр хойч алтаа ууж болохгүйг ойлгох нь дамжиггүй болоод байна.
Өнөөдөр ч дэлхий дээр жилд цэвэр усны дутагдлаас болж 2,6 сая хүн нас барж байгаагаас 1,5 сая нь хүүхэд байна гэсэн зүрх зүсэм статистик ч нэг зүйлийг хэлэх.
Өнөө цагт амьдарч байгаа та бид үүний эсрэг ямар нэг зүйл хийж чадаж байна уу? Үхэхийн цагт би ядаж тэдэн литр ус хэмнэсэн шүү дээ хэмээн бодох бодитой ажил хийв үү? Хэлэхэд хэцүү л байгаа байх.
Би өмнө нь “Дэлхийн дулаарлаас болоод хүний мөс хайлсан уу?”, “Нэг л өдөр дэлхий толгойгоо маажих вий”, “Бүтэн өдрийн хэрэглээгээр нь шүдээ угаачихдаг” гэх мэт байгаль орчноо тэр тусмаа усаа хайрлах сэдэвтэй нийтлэлүүд бичиж байсан.
Олон хүн уншиж зарим нь түүнээс санаа аван хэрэглээндээ өөрчлөлт хийсэн байх гэж найдаж байгаа. Харин өнөөдөр илүү бодитой, илүү мэдэгдэхүйц нэгэн аргыг өрх бүр, албан байгууллага бүр, аймаг бүр, болж өгвөл улсын хэмжээнд ажил болоосой гэдэг үүднээс бичиж байна.
Та 4 удаа 1,5 литр ус хэмнэж чадвал өдөрт 6 литр ус хэмнэнэ. Сард 180 литр, жилд 2 тонн 160 литр ус хэмнэх юм байна. Их тоо байгаа биз. Магадгүй жаахан дэгсдүүлээд ярьвал багахан хүн амтай сууринг хагас жил ундны усаар хангах байх.
Тэгээд би энэ их усыг хэзээ яаж хэмнэх юм бэ? гэж асуух байх.
Энийг та бие засч байх үедээ л хэмнэх юм. Амархан байгаа биз дээ.
Учир нь бидний хэрэглэдэг орчин үеийн жорлонгуудын ус хураагуур ихэвчлэн 25 л-ээс дээш хэмжээтэй байдаг. Гэтэл хөнгөхөн бие зассан үед ч энэ ус саррр гээд л гараад явчихдаг шүү дээ. Энэ их цэвэр усыг бид зүгээр л асгачихаж байна гэсэн үг.
Тэр тусмаа Монгол Улсад гал тогооны гоожуураар ирж байгаа ус, жорлонд ирж байгаа ус хоёр ижилхэн ундны цэвэр ус байдаг нь бүүр харамсалтай. Зарим улсад жорлонгоор дахин цэвэршүүлсэн буюу “саарал ус” ирдэг.
Харин бидний дор өгөх зөвлөгөөг та гэртээ, ажил дээрээ хэвшүүлснээр нэг удаа бие засах бүрдээ дор хаяж 1,5 л ус хэмнэнэ.
Анхаарлаа хандуулна уу?
Дэлхийн олон оронд өрнөөд байгаа. “Нэг жорлон-Нэг тоосго” хөдөлгөөн нь ус хэмнэх шилдэг, үр дүнтэй аргуудын нэг болсон бөгөөд та өөрийнхөө хэрэглэдэг жорлонгийн ус хураагуур бүрт нэг ширхэг тоосго хийснээр ус татах болгондоо тоосгоны эзэлхүүний хэмжээтэй буюу 1,5 литр усыг шууд хэмнэх юм.
Ирээдүйн иргэдэд өгөх бэлгийг хэрхэн илгээх талаар зургаар үзүүлэв.
Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл бохирын асуудлаа шийдэж чадахгүй Туул гол руугаа урсгаж байгаа, урсгах гэж байгаа, урсгасаар ч байх болно гэх мэт хэрүүлтэй байна.
Хөөрхий муу хотын даргаа л хэмлэцгээх юм. Тэр амьтан болвол аль аль талд нь хохирол багатайгаар асуудлыг шийдэх гээд л үзэж байгаа байлгүй дээ.
Харин бид тэр бохирыг багасгах тухай юу хийсэн бэ гэдэг асуулт эргээд гарч ирнэ ээ дээ. Тэрхүү асуултанд ч та "Би жорлондоо тоосготой хүн" хэмээн бардам хариулах нь байна.
Анжигайг бус ирээдүйн иргэдийг бодон ШЭЭР хийж илүү олон хүмүүст түгээгээрэй.
"Нэг жорлонд-Нэг тоосго" хөтөлбөрийг дэмжээрэй | ||
Үзсэн: 7998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.