
“Майн 47 жил”, “Октъябрийн 19 жилийн ойн баяр” нэртэй тус бүр нэг бүлэг дуугүй киног 1936 онд хийж байсан нь Монголын үндэсний кино урлагийн эхлэл байжээ. Монгол кино урлагийн түүхийг бичилцсэн үе үеийн уран бүтээлчдийн дурсамж дурдатгалаар бүтсэн “Сэтгэлд мөнхөрсөн Монгол кино” номыг кино урлагийн 80 жилийн ойд зориулан гаргасан байна.
Монголын кино урлагт хүндтэй байр суурь эзэлдэг олны танил уран бүтээлчид төдийгүй кино үйлдвэрлэлийн арын албанд зүтгэдэг үе үеийн ажилтнуудын амьдрал уран бүтээлийн тухай "Сэтгэлд шингэсэн Монгол кино" номонд оруулжээ. Бэгзийн Балжинням, Дэчинравдангийн Балчинпүрэв, Дэлгэрийн Баттулга, Жигжидийн Биндэр тэргүүтэй гэрэл сүүдрийн эзэд, Жамъяангийн Бунтар, Халтарын Дамдингаар удирдуулсан найруулагчид гээд дурдаад барахгүй олон уран бүтээлчдийн ур ухаан шингэсэн бүтээлийг 80 жил дэлгэцээр дамжуулан үзэгч олонд хүргэжээ. Тэдний түүхэн гавъяа зүтгэл, ажил хөдөлмөрийн үнэ цэнэ энэхүү номонд шингэсэн гэж УГЗ, кино зураглаач Н.Зундуй дурслаа.
Кино урлагт нэг насныхаа хүч хөдөлмөрөө зориулсан ч олны дунд алдаршдаггүй нуугдмал бөгөөд чухал ажилчид бол арын албаныхан. Зургийн дарга, дууны найруулагч, зураач, жолооч, техникч, монтажчин, инженер, гэрэлтүүлэгч, эд шалгагч гээд асар олон хүний хүч хөдөлмөр киноны уран бүтээлд шингэдэг. Монгол кино бүрийн түүхийг дурсамжаар сэргээсэн ийм ном олон байгаасай гэж кино найруулагч Дашдоржийн Баярхүү сэтгэгдлээ хуваалцлаа.
"Сэтгэлд мөнхөрсөн Монгол кино" ном нь Монголын уран сайхны кино, Гэрэл сүүдрийн эзэд, он цагийн түүхийг бүтээгчид, орчин үеийн Монгол кино, зургийн цомог гэсэн таван бүлэгтэй. Нийт 190-ээд уран бүтээлчдийн амьдрал бүтээлийг багтаасан байна. Монголын үндэсний кино урлагийн академиас Кино каталогийн номыг эмхэтгэн гаргаснаа энэ үеэр мөн танилцуулсан юм.
“Сэтгэлд мөнхөрсөн Монгол кино” ном хэвлэгдлээ | ||
Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.