Цахим ертөнцөд Ц.Галбадрахын гэх хаягтай цаасан барын бүтээлээр гоёсон алдартнууд ихсэж байна. Энэ бол яруу найрагч Ц.Галбадрахын төрмөл нэгэн авьяас билээ. Тэрбээр хэдэн зуун хүний хөрөг дүрийг тус тусын донж маяг, дүр төрх, зан араншинтайгаар "фото" мэт илэрхийлж байгаа нь өнөө цагт гайхагдаж байна.
Тиймдээ ч олон хүн өөрсдийг нь гар аргаар дүрсэлсэн хөргийг үзээд дуу алдсан гэдэг. Хөрөг зураг ч биш цаасаар хүний дүрийг бүтээнэ гэдэг яах аргагүй авьяас юм. Энэ бол түүний нэг хэсэг бүтээл. Өөр нэг хэсэг нь Монгол ахуйн сэтгэлд зурсан олон арван аж байдлын бүтээл бий. Түүний зэрэгцээ "Галаа"-гийн шүлгүүд гэгээлэг, уянгатай.
Өнөөдөр тэрбээр "Цаасан хөрөг" хайчилбарын альбомоо нээж, түүндээ зориулан бяцхан үзэсгэлэн дэлгэлээ. Энд олон арван алдартны дүрийг цаасан барын урлагаар мөнхжүүлжээ. Тэд ирж баяр хүргэн, хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа харагдлаа. Түүний эрхэм багш Төрийн шагналт зохиолч Д.Цоодол, "Болор цом"-ын эзэн А.Эрдэнэ-Очир гээд утга зохиолын хүрээнийхэн их байв.
Яруу найрагч Ц.Галбадрах цаасан бар хэмээх уран хайчилбарын төрлийг 1990-ээд оноос сонирхон урлаж "Хар, цагааны дэнс", "Хангарьдт сүлдэн дор" зэрэг нэг сэдэвт бүтээлийн үзэсгэлэн гаргаж байв. Мөн "Задгай тэнгэр", "Би багадаа" төгсөшгүй цуврал, "Нартай хамт" уран бүтээлийн номуудаа туурвиж байлаа.
Энэ удаад нээж буй "Цаасан хөрөг"-ийнхөө талаар тэрбээр "Үзэсгэлэнт байгаль, ан амьтан, адуу мал, аж байдлын сэдвээс гадна олон зуун хүний хөргийг урласнаасаа захчилж ном болгон баринтаглав" хэмээлээ.
Ц.Галбадрахын "Цаасан хөрөг" цомог, үзэсгэлэнгийн нээлт боллоо | ||
Үзсэн: 15209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.