
МҮОНТ “Энэ бол дуурь” баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын 1-нээс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа. Аугаа хөгжмийн зохиолч Вердигээс Бернстайн хүртэлх дэлхийд алдар нь түгсэн шилдэг 30 дуурийг 30 ангит цуврал нэвтрүүлгээр хөгжим судлаач, хөтлөгч Рамон Жэнер танилцуулж, үзэгчдийг ер бусын ертөнцөөр хөтөлж буй.
Гарч эхэлсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхлээд буй “Энэ бол дуурь” цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт /12 дугаар сарын 9/ алдарт “Чио чио сан” дуурийг танилцуулах болно.
Xатагтай Эрвээхэй буюу Чио чио сан
Пуччинийн хамгийн алдартай, мөн дэлхий дээр хамгийн олон хүнд хүрсэн дууриудын нэг. Хатагтай Эрвээхэй дуурь бүхэлдээ харьж няцахгүйгээр, хариу нэхэлгүйгээр, хамгаа зориулах хайр гэж юу байдгийг хамгийн яруугаар өгүүлсэн хачин гайхамшигт бүтээл. Мөн энэ дуурь өргөж явах нэр төр, үнэнчээр хүлээх тангараг гэж юу болох, хамгийн гол нь харь хоёр орон болох Америк, Япон хоёр үндэстний соёлын гүн ялгааг хамгийн тодоор дүрслэн гаргадаг юм. Цувралын энэ дугаарт Японы сопрано дуучин Мики Моригийн тусламжтайгаар бид баатрынхаа ертөнцөд гүн нэвтэрч, хүсэл шунал, зовнил зовиур, мөрөөдлийг нь уудлах болно. Моригийн хоолой таны сэтгэлийг булааж, харин амиа егүүтгэх зан үйл болох Харакирийн тухай түүний дүрслэл цочирдом санагдана. Пуччини болон түүний гайхамшигт хөгжмийн талаар бидний ярилцах бас нэг хүн бол Даниел Каллегари. Дуурийн түүхэнд алдар суу нь хамгийн их түгсэн зохиолчдын нэг болох Пуччинийн энэ их амжилтын цаана ямар шалтгаан байна вэ. Түүнчлэн бид дэлбээлж гүйцсэн интоорын модны үзэсгэлэнт талбайгаар зочилж, Японы соёл уламжлалд, тэр тусмаа Эрвээхий Хатагтай дуурьт энэ модоор юуг бэлгэдэн дүрсэлдгийг мэдэж авах юм. Хатагтай Эрвээхий дуурь бол сүсэг төрж, сүрдэн биширмээр уянга төгс дуурь. Гэхдээ хамгийн чухал нь бүсгүйн түүхээр өнөөгийн бидэнд үгүйлэгддэг хүний гайхам чанаруудыг тод томруун үзүүлсэнд байгаа юм. Тэр өгснийхөө оронд авахыг завддаггүй үнэнч сэтгэлийн тод илэрхийлэл билээ.
Xатагтай Эрвээхэй буюу Чио чио сан | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.