
МҮОНТ “Энэ бол дуурь” баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын 1-нээс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа. Аугаа хөгжмийн зохиолч Вердигээс Бернстайн хүртэлх дэлхийд алдар нь түгсэн шилдэг 30 дуурийг 30 ангит цуврал нэвтрүүлгээр хөгжим судлаач, хөтлөгч Рамон Жэнер танилцуулж, үзэгчдийг ер бусын ертөнцөөр хөтөлж буй.
Гарч эхэлсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхлээд буй “Энэ бол дуурь” цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт бид өөрийн амьдралыг бүтээн туурвихын орь их хүсэл, шаналан дунд элээсэн хамгийн анхны романтик хөгжимчин Бетховений тухай ярилцах болно.
Фиделио
Бетховен "Фиделио" дууриараа өөрийн амьдралын жолоодогч хүчин зүйлс болж байсан хайр сэтгэл, шударга бус явдал мөн эрх чөлөөний үнэ цэнийг тод томруунаар илэрхийлсэн юм. Өнөөдрийн нэвтрүүлэгт бид 70-аад онд Бетховений хөгжмүүдийг эгшиглүүлэн сансарт хөөрсөн НАСА-гийн Вояажер хөлгийн тухай эргэн дурсаж, ярилцах болно. Мөн зохиолчийн хайр дурлалыг нь мөнхөд булаасан бүсгүйдээ зориулан бичсэн шүлгийг маш өвөрмөц байдлаар унших болно.
Мадрид хотын зүрхэн хэсэгт Театро Реалын гадаах Плаза Де Ориент-д байрлуулсан төгөлдөр хуураар Бетховений хэд хэдэн бүтээлийг тоглох ба Мадридчуудтай хамт түүний хөгжмийг чухам юу ингэж алдарт хүргэснийг ойлгох гэж оролдоно. Бетховений бүтээлүүдэд шингэсэн түүний хүсэл шаналлыг илүүтэй ойлгохын тулд бид Бонн хотын суут энэ эрхмийн Фиделиод зориулан бичсэн удиртгал хөгжмүүдийг Ретиро хүрээлэн дэх Кристал Паласын гадаа сонсох хэрэг ч гарсан юм. Театро Реал дахь Фиделио дуурийн сургуулилтын үеэр энэхүү дуурийн дуучид болох Канадын сопрано дуучин Адрианне Пичонка, Германы тенор дуучин Михаил Кюуних нартай ярилцаж, хамт дуулах завшаан бидэнд тохиосон юм. Мөн удирдаач Хартмут Хенхентэй хамтран Бетховений зан араншин, мөн чанарыг илэрхийлэхээр нэгэн хөгжилтэй туршилтыг хийлээ. Нэвтрүүлгийн төгсгөлд дуурийн хамгийн алдартай хэсэг болох “Хоригдогсдын дуу”-г (“Prisoners’ Chorus”) сонсгох нь олон хүнийг гайхширалд хөтлөх болно.
Романтик хөгжимчин Бетховений "Фиделио" дуурь | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.