
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 6, 7-нд “Даншиг наадам-хүрээ цамыг” дахин зохион байгуулахаар болсон байна. Наадмын үеэр 500 лам хувраг сүсэгтэн олонд зориулан ном хурахаас гадна анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд зохион байгуулна.
Даншиг наадмаас гадна жуулчдын сонирхлыг татах олон хөтөлбөрийн цаг хугацааг тодорхой болгон зарласан юм. Ингэж мэдээллийг урьдчилж олон нийтэд хүргэснээр Монгол орныг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид нь харж байна.
Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөн Долоон хошууны Даншиг наадмыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Монголчуудын Шашин-Төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь харийн эрхшээлд орсон хүнд жилүүдэд ч тасраагүй. Даншгийн үеэр гардаг хүрээ цам нь сүсэгтэн олны буяныг арвитгаж, нүгэлт муу үйлийг нухчин дарах агуулга бүхий нууц тарнийн ёсыг бүжгийн урлагтай хослуулсан Монголчуудын өвөрмөц өв соёл юм. Тиймээс уламжлалт шашин соёлоор дамжуулан гадны жуулчдыг нийслэлдээ татаж, валютын урсгалыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох юм.
Мөн өнгөрсөн жилийн адил Хүй долоон худагт эрийн гурван наадам хийнэ. Хүрээ цам Даншиг наадмын цол, зэргийг харгалзахгүйгээр даваа бүрт барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж, оноолтоор барилдуулахаар болсон байна.
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил нийт 3.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил ч бас энэ хэмжээний мөнгийг 30 гаруй үйл ажиллагаа зохион байгуулахад зарцуулахаар болжээ. Наймдугаар сарын 6, 7-нд болох Даншиг наадамд гэхэд 500 сая төгрөг зарцуулахаар болсон. Гэхдээ зарцуулж байгаа мөнгөнөөс хэд дахин илүү валют Монгол Улсад үлдэж байгаа гэж Үндэсний статистикийн хорооноос тогтоожээ.
Гадны жуулчид Монголд зөвхөн наадам үзэх гэж долоодугаар сард л олноороо ирдэг. Наймдугаар сард үзүүлж харуулах арга хэмжээ ховорхон. Бид Монголд төрсөн суут Өндөр Гэгээн Занабазар, баялаг түүхээрээ гадны жуулчдыг татаж, бүс нутагтаа үлгэр жишээ аялал жуулчлалын хот болох зорилгын нэгэн том эхлэл нь Хүрээ цам Даншиг наадам гэж зохион байгуулагчид нь хэлж байна.
Ирэх наймдугаар сард болох Даншиг наадамд 500 сая төгрөг зарцуулна | ||
Үзсэн: 322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.