
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины редакцаас санаачлан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монгол цэргийн музейтэй хамтран тус сонины гэрэл зургийн сурвалжлагч, ахлагч А.Алтанхуягийн “Ирээд л үз” гэрэл зургийн хоёр дахь бие даасан үзэсгэлэнг толилуулж байна.
Энэ сарын 10-18-ны өдрүүдэд Монгол цэргийн музейд дэлгэгдэж буй үзэсгэлэнд цэргийн сэтгүүлчдийн сүүлийн жилүүдэд гэрэл зургийн хальснаа буулгасан 100 гаруй гэрэл зураг багтаж байгаа юм. Эдгээр бүтээлээр дамжуулан цэргийн албаны өвөрмөц онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, тэдний ажил, амьдралын эгэл атлаа гайхалтай агшинг харуулахад үзэсгэлэнгийн зорилго оршиж байна.
Цэргийн сэтгүүлчдийн гэрэл зургийн хальсанд буулгасан олон мянган гэрэл зургаас шилэгдсэн эдгээр бүтээл “Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд”, “Цэргийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэл”, “Иргэн цэргийн харилцаа” гэсэн хэсгүүдэд ангилан дэлгэж үзэгчдийн хүртээл болгож байна.
Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр цэргийн гэрэл зурагчин, ахлагч А.Алтанхуяг “Зохиомж”, Их Засаг их сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, гэрэл зурагчны тэр тусмаа цэргийн гэрэл зурагчин хэмээх мэргэжлийн онцлог хийгээд дэлхийн халуун цэгт буулгасан зургуудаа тайлбарлаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Дашрамд дурдахад, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины гэрэл зургийн сурвалжлагч, ахлагч А.Алтанхуяг 2012 онд анхны үзэсгэлэнгээ дэлгэж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Тэрбээр 2014-2015 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг дэмжих “UNMISS” ажиллагаанд хэвлэлийн төлөөлөгчөөр үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгатан цэргийн сэтгүүлчдийн нэг юм.
Зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтаж “Ирээд л үз” үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 418 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.