
“Монголын мэдээ” сувгийн “Төл таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг бэлтгэхээр манай сурвалжлах хэсэг Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг зорилоо.
Энэ томилолтыг сонгосондоо би туйлын их баяртай байв. Миний төрж, өссөн нутаг Ховд аймгийн Дарви сум. Алтайтай залгаа Дарвийн нурууны хоёр сумын Хүйсийн говь тал нь миний унаж, өндийсөн нутаг. Алс хол амьдран суугаа хэдий ч албан ажлынхаа энэ удаагийн томилолтоор төрсөн нутаг орноо зорьж яваадаа сэтгэл ихэд догдолно.
Цагаан сараар ээж, аавдаа очиж золгож амжаагүйн учир уулзахын хүсэлд улам бүр автана. Тэр тусмаа “Үндэсний телевиз”-ийн цагаан машин хөлөглөөд аав, ээж рүүгээ яарч явна гэдэг миний хувьд жаргал юм. Өсч торнисон нутагтаа ажил, албаа “танилцуулж” яваа мэт санагдаад омогших сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Манай багийн зураглаач Д.Ванчинцогзол, жолооч Н.Болдбаатар хоёр олон жил хөдөө томилолтоор явсан, Монгол орныг жилдээ нэг удаа тойрдог улс. Харин найруулагч Б.Бөхчулуун бид хоёр тэдэнтэй харьцуулахад жаахан шинэдэнэ.
Сурвалжлагч Д.Сүхбаатар, найруулагч Б.Бөхчулуун, зураглаач Д.Ванчинцогзол, жолооч Н.Болдбаатар
Манай найруулагчийн хувьд анх удаагаа баруун аймгууд руу явж байгаа нь энэ. Бид өглөө 06:00 цагт хотоос гарсан. Миний хувьд өдөртөө нутагтаа хүрэх санаатай яарна. 1400 орчим км газрыг туулаад шүү дээ. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өргөн уудам талыг ардаа орхиж, Дарвийн нурууны хойд үзүүрт хүрнэ гэдэг бэрх. Зам харгуй барагтайхан байхад манай сумаас гарсан “Зил 30” машин 7 дахь хоног дээрээ хот ордог байсныг дээр үеийн жолооч нар мэднэ дээ. Ийм урт замыг өдөртөө туулчих юм шиг санаж би жолооч Болдыг яаруулна. Торох саадгүй алтан шар зам намайг улам бүр “уруу татна”. Хүний сэтгэлээ гэж...
Увс аймгийн Өмнөговь сум. Малчин Н.Юмсүрэнгийн хотонд
МҮОНРТ-д насаараа жолооч хийсэн ах маань “Зам саадгүй бол гайгүй дээ” гэж сэтгэлийг минь зассаар өглөө эрт гарсан бид 15:00 цаг гэхэд Баянхонгор аймаг хүрч, цаашаа хөдөллөө. Надад “Хөх эргийн гарам”-ыг гарчихвал шөнөдөө Дарви сумын нутаг Хүйсийн говь руу ороод хоночихож болмоор санагдаад байдаг. Зам хорох тусам би гэртээ харихын бөөн мөрөөс. Ингэж явсаар бид орой нар жаргахын үест “Хөх эргийн гарам”-ыг гарч, Дэлгэрийн талтай золголоо. “Үнээн усны гуанз”-аас 10 гаруй км яваад засмал зам залгаж цаашаа 100 гаруй км давхиад Говь-Алтай аймаг. Аймгийн төвөөс 200 яваад манайх бий л дээ. 4000 орчим км замыг өөрөө барьсаар туулсан. Хотоос 1000 орчим км-ийн цаана байгаа Дэлгэрийн талын ганц нугачааг мэдэж байгаа жолооч энэ битгий хэл явсан биз.
Төрийн тахилгатай Алтанхөхий хайрханы ар хөндийд
Газрын зураг харуулаад “Одоо ийм сумын нутгаар явж байна” гэхэд өөдөөс “Одоо энэ хотгорын цаана ийм нэртэй уул бий. Цаашаа 20 гаруй км яваад сумын төв орно доо” гээд ярих жишээтэй. Олон жил тээвэр хийсэн, тэр тусмаа манай телевизийн жолооч нарын тархинд Монголын газрын зураг бичээстэй байдаг юм билээ. Бид “4000 гаруй км замыг томилолтын хэдэн хоногтоо багтааж хэрхэн туулах вэ” гээд жолооч руугаа л харна. Болдоо ах маань замын бартаа саад, өдөртөө хэдэн км явах боломжтойг яг л хэлнэ. Хэрвээ жолооч муу бол өдөржин сэгсэлзүүлээд, шөнө орой хүрэх газартаа очиж чадахгүй балрах юм билээ. Харин Болдоо ах маань миний яг хүсч байснаар аав, ээжид минь хүргэж золгуулсан даа.
Мөрөөсөж туулсан харгуй | ||
Үзсэн: 3189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.