Шууд Chart

“Nomadic Ballet” продакшны анхны тоглолт болно

2016-04-18 12:26:45

УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид “Nomadic Ballet production” байгуулснаа албан ёсоор зарлаж анхны уран бүтээлээ жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд болдог Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан үзэгчдэдээ өргөн барих гэж байна.

Монгол Улсад балет буюу бүжгэн жүжгийн урлаг үүсч, хөгжсөн 60 жилийн хугацаанд эх орондоо төдийгүй дэлхийд нэр хүндтэй олон бүжигчид төрсөн билээ. Харин анхны мэргэжлийн балетын продакшн байгуулагдлаа хэмээн тодотгож байгаагийн учир нь театрын сонгодог уран бүтээлээсээ давж, өөрсдийгөө сорьж, илүү ихийг бүтээн туурвих зорилготой, эрч хүчтэй, авъяаслаг залуус нэгдэн балетын урлагийн Монгол улсад хөгжиж ирсэн түүхэн сонгодог замналд шинэ уур амьсгал, орчин үеийн хэмнэл нэмэхээр нэгджээ.

“Nomadic Ballet production” нь дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготой бөгөөд анхны тоглолтоо “Sentiment” буюу “Мэдрэхүй” хэмээн нэрийдсэн нь Монголын балетын түүхэнд оруулж буй шинэ салхи, шинэ өнгө төрхөө илэрхийлсэн хэрэг юм.

“Мэдрэхүй” тоглолт нь неоклассик, сонгодог болон модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд авъяаслаг залуу уран бүтээлчид маань орчин үеийн бүжгийн хэлээр үзэгчдэд юу хэлэхийг, юу ойлгуулахыг хүсэж байгааг, түүнчлэн монголын балетын бүжигчдийн чансаа ямархан зэрэгт хүрснийг Дэлхийн бүжгийн өдрөөр мэдэрч болох нь ээ.


“Nomadic Ballet” продакшны анхны тоглолт болно  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй