Шууд Chart

Миний төсөөлж байгаа Сүхбаатар аймаг

2016-05-05 14:54:52

Оршил

Эртний түүхт Монгол улсын зүүн хязгаар нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн өчүүхэн бичээч миний бие өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоос болохын учир Сэцэнхан аймаг, Жавхлант шарга аймаг, Сүхбаатар аймгийн тухай өөрийн уншиж байсан, харж байсан, төсөөлж байгаагаа нэгтгэн нэгэн бичвэрийг тэрлэж байна.

Богдын барьсан тавих ёроолгүй халуун цайтай аягыг эрхээ дунгуйлан дээр нь эвтэйхэн тавьж түлэгдэх аюулыг гэтлэж чадсан тул манайхныг Сэцэнханыхан гэдэг болсон юм гэнэ билээ. Тэгэхээр бид эртнээс л сэцэн цэлмэг ухаантай, амьдрах арга сайтай хүмүүс байжээ. 

Миний ухаан орсон цагаас л аймаг маань ирэх болгонд бүлээн салхиараа хацар илбэн, бүхий л байгалийн сайхнаа дэлгэн угтдаг байлаа. Хотд сургуультай тул намартаа яваад, хавар нь ирдэг нүүдлийн шувуу мэт бидний нутагтаа өнгөрөөдөг амралтын хугацаа хамгийн сайхан дурсамжууд, хамгийн их ухаарал хүмүүжил, хамгийн төгс амьдралын хэмнэл байсан нь гайхалтай. Тиймээс ч бид хурга, тугалын бэлчээр, цөлх өвгөдийн сургааль, эгэл боргил хөдөөгийн амьдралаасаа төрсөн нутгаа хайрлах хэн ч салгашгүй дархлаатай болсон бизээ.

Өнөө цагийн нүүрэнд дөрвөн ч удаа улсын тэргүүний аймгаар шалгараад байгаа энэхүү аймгийн иргэн хэмээн омогшихоос гадна энэхүү их үйлсэд өчүүхэн ч атугай хувь нэмрээ оруулах юмсан гэсэн чин эрмэлзэлтэй явж ирлээ. Яг энэ үед “Сүхбаатар аймгийн Өнгөрсөн-Одоо-Ирээдүй” гэсэн сайхан уралдаан зарлагдсанд баахан олзуурхаж өөрийн бодож санаж, ирээдүйд аймаг орон нутагт минь ийм л зүйл хийгдээсэй гэж мөрөөдөж битүүхэн тооцоолж суудаг зүйлсээ бичих гэж байгаагаа өгүүлэн, оршил хэсгийг өндөрлөе.


Өрнөл

Монгол улсын хөгжлийн хандлагаас харахад манай аймаг нь зүүн бүсийн босоо болон хөндлөн чиглэлийн авто, төмөр замын нэгэн том зангилаа болж, ирээдүйн Монгол улсын эдийн засгийн бас нэгэн томоохон тулгуур болох нь тодорхой байна. Нэг үгээр бол бид Азийг Европтой, Монголыг дэлхийтэй холбосон гүүрний нэгээхэн хэсэгт оршихнээ. 

Бид энэ давуу талаа ашиглан аймгийнхаа хэмжээнд бус дэлхийн хэмжээнд харсан хөгжлийн чиг хандлагатай болох нь зүйтэй хэмээн бодно. 

Миний төсөөлж байгаа Сүхбаатар аймаг дэд бүтцийн давуу талаа ашиглахдаа нүүдэлчин соёлыг хадгалан үлдэж, малчин ардын амьжиргаа болсон уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, олон ястны өв соёл, байгалийн давтагдашгүй унаган төрх, дорнод Монголын тал хээрийн бүсийн эко системийг хамгаалж, түүн дээрээ тулгуурласан эдийн засгийн бодлого баримтлах байх. 

Бидэнд Эрдэнэцагаан сумын талын буга бэлчин байдаг Лхачинвандад уулыг зүүн, баруун Арат уултай нь хамгаалалтанд аваад Хустайн нуруу шиг байгалын цогцолбор болгон хөгжүүлэх /нэг ёсны байгаль дээрх зоопарк/, нэгэнт дотоодын жуулчдын хөлийн газар болсон Шилийн Богд, Ганга нуур, хилийн цаана орших Өвөр Монгол ахан дүүсээ түшиглэсэн зүүн бүсийн /хил орчмын/ аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж дүүрэн байна. 

Мөн бэлчээрийн мал аж ахуйн зэрэгцээ, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжиж /дэд бүтцийн өсөн нэмэгдэлт эерэг хамааралтай байдаг сайн талтай/ түүнээс гарах түүхий эдийг боловсруулах үйлдвэр, аж ахуйн цогцолборуудаар дамжуулан хөрөнгө босгож, улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулдаг аймаг болох байх. 

Эрчимжсэн хөдөө аж ахуй гэдэгт сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хүнсний болон тэжээлийн ургамал зэргийг оруулан тооцохоос гадна хамгийн гол нь эмийн ургамал тариалахад хамгийн зохимжтой бүс билээ. 
Мэдээж энэ их бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах эрчим хүчний эх үүсвэр, хот суурин хэрэгтэй болно. Дэд бүтцийг дагасан хөгжил явдагийн адил бид ч түүнийг бүтээн байгуулна. Нутагтаа байрлах нүүрс болон газрын тосны ордууд дээр байрлах нийгмийн хариуцлагатай уурхайнуудыг түшиглэсэн байгальд ээлтэй эрчим хүчний болон дулааны станцуудыг сум бүрд байгуулснаар сум бүр хөгжин цэцэглэж, хүн бүрд “Нутагтаа сайхан амьдрах” боломж бүрдэх юм. 

Бас Монголын бусад аймгуудаас ирж байгаа боловсруулагдаагүй байгалийн баялагуудад нэмүү өртөг шингээх, боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох аж үйлдвэрийн цогцолборуудыг ч төмөр замаа дагуулан бий болгоно. 

Орон нутгаар дамжих зорчигч, ачаа тээвэрлэлт, орон нутгийнханд ойрхон дэд бүтцийг ашиглан нутгийн иргэд өөр өөрийн бизнесийг хөгжүүлж, Монголдоо төдийгүй дэлхийд таалагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэнэ. 

Зам дагасан үйлчилгээний байгууллагууд, зам түшиглэн боссон аж ахуйг түшин аймгийн ажил хийхийг хүссэн хүн бүр ажлын байртай болно. 

Энэ их хөрөнгө оруулалтыг даган аймгаас хүнд чиглэсэн үйлчилгээнүүд ч сэргэн хөгжиж. Хүн эмнэлэг бүр орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй болж, сургууль, цэцэрлэг бүр дэлхийн стандартын орчныг бүрдүүлж, сум бүр нэгдсэн халаалт, инженерингийн сүлжээнд холбогдож, нийтийн үйлчилгээний байгууллагуудаар хотд очиж үйлчлүүлэх шаардлагагүй болж, зүүн бүсийн нэрийг гаргасан шилдэг их сургууль, коллеж, МСҮТ-үүд аймагт минь байгуулагдах болно. 

Энэ их хөгжлийг даган үндэсний болон үндэстэн дамжсан томоохон компаниуд ч манай нутагт салбараа нээж орон нутгийн соёл, хот байгуулалт, хөрөнгө босголтонд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.


Тайлал

За миний төсөөлөл ийм л байна. Та бүхэн өрнөл хэсэгт өгүүлэгдсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт бүрийг зүгээр байгуулаад орхих бус төгс төгөлдрөөр буюу анхан шатны үйлдвэрлэлээс, бэлэн бүтэгдэхүүн болох хэмжээнд хүртэл Монгол улсын хуулийн хүрээнд хийгдэнэ гэж ойлгоорой. Нэг бүрд задлан бичвэл уйдах байх хэмээн товчхон өгүүлэв.

Энэ бүхнийг бий болгож, ийм хэмжээнд хөгжих боломж бидэнд бүрэн байна. 

Бид дотроо эв нэгтэй байж, аймаг сумдын удирдлагаар, мэдлэг, боловсролтой, нутгаа гэсэн чин сэтгэлтэй, ирээдүйгээ бодсон урт хугацааны бодлого боловсруулж чаддаг, шургуу хөдөлмөрч хүмүүсийг оновчтой сонгож чадвал энэ бүхэн амьдралд их ойрхон юм. 

Нэгэнт даяаршиж байгаа ертөнцөд, дархлаагаа бий болгож чадвал гадна, дотны эрдэмтэн мэргэд, инженер техникчдийг урин авчирч өөрсдийн хөгжлийн төлөө ажиллуулах нь ч хөгжлийг түргэсгэж, хүн бүрд сайхан амьдралыг илүү хурдан авчрахад дөхөмтэй байх нь дамжиггүй. 

Тун удахгүй, хамгийн багаар бодоход 10 жилийн дотор бид ийм амжилтанд хүрэх боломжтой байгааг өчүүхэн ухаандаа хүлхэн байж өгүүлснийг минь уншсанд гялайлаа. 
Эх орны хөгжлийн төв болсон гайхалтай сайхан Сүхбаатар аймгийг бий болгохын төлөө иргэн бүр хичээнгүйлэн зүтгэе!

Та бүхнийг хүндэтгэсэн:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Хавхчин овогт Гүндсамбуугийн Ариунчулуун үнэн.

2016 оны 03-р сарын 16

Нийтэлсэн: Анжигай

Миний төсөөлж байгаа Сүхбаатар аймаг  
Үзсэн: 4504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.109.xxx [183.177.109.xxx] 2016-05-06 09:09
Миний төрсөн нутаг өргөжин хөгжиж бгааг харж бна. Нутгийн хүүгийн бүтээсэн бүтээлийг үнэлэх хэрэгтэй нутгийн удирдлагадаа амжилт хүсье. Бахархах зүйл хийсэн шүү та нар. Зөв зохион байгуулалт амжилт дагуулна.
202.131.247.xxx [202.131.247.xxx] 2016-05-05 16:29
Аавын минь нутаг сайхан хөгжиж сайн бүхний жишээ болж байгаад маш их баярлаж явдаг.Улам илүү амжилтанд,хөгжилд хүрээсэй.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-05-05 15:45
Энэ аймгийг удирдаж байгаа залуучууд зүгээр л хүсвэл болдогийг харуулсан. Цаашдаа ч илүү ихийг хийх байх. Доор байгаа хоёр сэтгэгдлийн эздэд хэлэхэд сайн сайхныг харах нүдгүй сохор төрсөндөө гутарч яв ккк
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-05-05 15:28
ЗАСАГ ДАРГА НЬ ЭХНЭРЭЭСЭЭ ӨӨР ХҮХЭНТЭЙ ЯВАЛДАЖ ХҮҮХЭД ХИЙГЭЭД ТӨРИЙН САНГИЙН ДАРГА АВГАЙ НЬ ЗАСАГ ДАРГЫНХАА ОРЛОГЧИЙН ААВ БОЛОХ ӨӨРӨӨСӨӨ ҮЛ МУЛТАРСАН ӨВГӨНТЭЙ ЯВАЛДАЖ ХҮҮХДИЙГ НЬ ГАРГАЖ САДАР САМУУН СУРТАЛЧИЛДАГ ҮҮР УУРХАЙ БОЛСОН ГЭХ ЧИНЬ БИЛЭЭ
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-05-05 15:23
Сүхбаатар аймгийн Коммунист намын их хурал удахгүй хуралдаж Батсуурийгаа сонгуульд нэр дэвшүүлэх юм шиг байгаа юм. хойд солонгос бас ХН ын их хурлаа хийыж байгаа

Бидэнтэй нэгдээрэй