
МҮОНРТ-ээс санаачлан БСШУЯ, Дэлхийн банктай хамтран зохион байгуулсан хүүхдийн дууны шилдэг бүтээл шалгаруулах “Алтанзул-2016” наадмын шилдгүүдийн шагналыг өнөөдөр МҮОНРТ-ийн “600”-гийн студид гардууллаа.
Хөгжмийн зохиолч С.Ганчимэгийн бүтээл, яруу найрагч Н.Баярын шүлэг “Миний тал” дуу шилдгээр шалгарав. Тус наадмын цом, өргөмжлөл, 10 сая төгрөгийг зохиогчид гардан авсан юм. Энэ дууг Монголын Хүүхдийн ордны “Квинт” хамтлаг дуулж, олон нийтэд хүргэсэн билээ.
Харин анхлах насны ангилалд түрүүлсэн “Монгол охин” дууны хөгжмийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, шүлгийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, хүүхдийн зохиолч О.Сундуй бичсэн байна. Дууг нийслэлийн 111 дүгээр дунд сургуулийн сурагч Намуунаа, Бадмаараг, Амгалансайхан нар эгшиглүүлэв.
Дунд насны ангилалд хөгжмийн зохиолч Г.Эрдэнэбаатарын хөгжим “Шаазгай”, бага насны ангилалд хөгжмийн зохиолч У.Мөнхжаргалын хөгжим, яруу найрагч Д.Дашдондовын шүлэг “Гүүг гүүг” шалгарсан. "Гүүг гүүг" дууг МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгынхан дуулж, дээрх бүтээлүүд тус бүр гурван сая төгрөгөөр шагнууллаа.
Тусгай байрт:
Б.Хүрэлбаатарын хөгжим, Н.Баасанжавын шүлэг “Гурвуулаа” Ховд аймаг
Б.Мөнхцэцэгийн хөгжим, Э.Пагмаагийн шүлэг “Туулайхан би” Завхан аймаг
Г.Жанцансамбуугийн хөгжим, Б.Дашгомбо шүлэг “Дөрвөн бэрх” Баянхонгор аймаг
Б.Цэвээнсүрэнгийн хөгжим, О.Сундуйн шүлэг “Хөгжмийн хичээл” Улаанбаатар
Б.Мөнгөн-Өлзийгийн хөгжим, Н.Лантуугийн шүлэг “Нисдэг навчхан” Дорноговь
В.Болордойн хөгжим, Э.Чинхүслэнгийн шүлэг “Эрхэм нэр” Дорнод аймгийн сурагчид дуулж, тус бүр 100 мянган төгрөг гардан авав.
Шилдэг дууны шүлгээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюуны “Амьтан бүхэн өөрийн гэртэй” бүтээл шалгарсан бол шилдэг хөгжмийн зохиолчоор С.Батболдын “Цаатан хүүхдийн дуу”, шилдэг дуулаач хүүхдээр нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн сурагч Г.Цэцэнбилэгт шалгарч сая төгрөг гардсан юм.
Байр эзэлсэн сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний газрын “Авьяас” алтан медаль, өргөмжлөлийн хамт гардуулсан.
"Алтанзул-2016" наадмын шүүгчээр МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Б.Баяр, хөгжмийн зохиолч П.Ганбат, хөгжим судлаач С.Энхбулга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Шинэ-Эрин” дунд сургуулийн багш Г.Ариунчимэг нар ажилласан юм.
“Алтанзул-2016” наадмын шилдгээр “Миний тал” бүтээл шалгарлаа | ||
Үзсэн: 3077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.