Шууд Chart

Өнөөдөр бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй Мэрилин Монро мэндэлжээ

2016-06-01 16:34:48

Бүх цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Мэрилин Монро 1926 оны энэ өдөр хорвоод мэндэлсэн юм. АНУ-ын Лос-Анжелес хотод төрсөн гайхамшигт жүжигчин Мэрилин Монрогийн төрөлх нэр нь Норма Жин Мортенсен. Тэрээр сүүлд өөрийн нэрийг өөрчилж Норма Жин Бэйкэр болгосон юм. Тэрээр 1950 оны үед ихээхэн алдаршиж “Америкийн секс билэг тэмдэг" болж байв. Өдгөө ч түүнийг дэлхийн бүх цаг үеийн гоо үзэсгэлэнгийн оргилуудын нэгт зүй ёсоор тооцдог билээ.

Дайны бэлтгэл ажилд туслаж байгаа залуу бүсгүйчүүдийн зургийг авах даалгавартай явсан зурагчин Дэвид Коновер түүнийг олж харан, сэтгүүлд зургаа авахуулах санал тавьсанаар жирийн нэг бор үст, үйлдвэрийн ажилчин бүсгүй үсээ шаргал өнгөөр будуулан, нэрээ өөрчилж өөрийгөө түүхэнд мөнхлөх шийдэмгий алхмыг хийсэн юм. Түүний нэр нь ч дүр нь ч, авьяас чадвар нь ч домог адил дуурсагдан үлджээ. Түүний талаар тархсан олон худал ярианы нэг бол Монрог хөлөндөө зургаан хуруутай байсан тухай юм. Мэрилин Монрогийн багын зураг энэ цуу яриаг үгүйсгэсэн юм.

Түүний талаар тархсан олон худал ярианы нэг бол Монрог хөлөндөө зургаан хуруутай байсан тухай юм.

Монро гэдэг нь түүний ээжийн хуучин овог ажээ. Түүний хувийн амьдрал од болохоос нь өмнө ч хүссэн шиг нь дардан зөөлөн байгаагүй юм. Монро нь 1926 онд айлын 3 дахь хүүхдээр мэндэлжээ. Тэрээр өөрийн төрсөн эцгийг хэн гэдэгт эргэлздэг байж. Түүний тухай “Мерилин Монротой өнгөрөөсөн долоон хоног” кинонд тэрээр өөрийн эцгийг мэддэгүй учир Абраам Линколиныг аавыгаа байлгахыг хүсдэг байсан тухай гардаг. Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссаны улмаас ээжийх нь дотны анд Грэйс эгч нь Монрог асрамжиндаа авах болжээ. Гэвч Грейс эгч нь хүнтэй гэрлээд Монрог асрамжийн газрын хяналтад шилжүүлсэн аж.

Сайхан амьдралын биелээгүй мөрөөдөл

Монро гурван удаа гэрлэсэн ч бүгд гунигт салалтаар төгсжээ. Монро анх 16-тайдаа хөрш хүү Жим Догертитэй гэрлэж байсан. Гэвч Монрогийн алдар нэр болон нүүдлийн шувуу шиг нэг газраас нөгөө рүү байнга явдаг ажил нь нөхөрт нь үл таалагдаснаас болж залуу хосын амьдрал 4 жилийн дараа дуусчээ. Дараа нь тэрээр өөрөөсөө 48 насаар ах Жое Ди Маггиотой гэрлэсэн ч ахиад л салалтаар төгсчээ. Эцэст нь тэрээр өөрөөсөө 47 насаар ахмад Артур Миллертэй хувь заяагаа холбосон ч түүнийг дахиад л салалт хүлээж байв.

Амжилтын оргил

1951 онд түүнийг хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсний дараа, карьерынх нь хамгийн чухал шат тавигдав. 1952-1953 оны хооронд тэрээр анхны гол дүрийн саналуудаа хүлээн авсанаар алдар нэр, зурагчны дуран дагасан амьдрал нь эхэлжээ. “Эрчүүд шаргал үст эмэгтэйчүүдэд дуртай”, “Яаж саятантай гэрлэх вэ?”, “Долоо дахь жилийн урвалт” зэрэг кинонд тоглосноороо тэр үеийн алдартнуудын эгнээнд зүй ёсоор тооцогдох болжээ. Гялалзсан шар үс , ихэмсэг харц, сээтэгнүүр хоолой нь тэр үеийн чинээлэг, сурвалжит эрчүүдийг соронзон адил татаж, түүнийг өөрийн болгох ширүүн өрсөлдөөнд оролцох нь, ядаж түүнтэй нэр холбогдох нь л тэдний хувьд мөрөөдөл боллоо. Мэрилиний тэнэгдүү гэмээр хүүхэд шиг зан, эрх танхи байдал нь гэнэн итгэмтгий байдлыг нь харуулдаг байж. Түүнийг хамгийн ухаан муутай эмэгтэй гэсэн атаархагчдын яриа ч тэр үед байдаг байв. Гэхдээ түүний хэлсэн үгс хэр зэрэг ухааантай байсныг нь батлан харуулж чадсан. Алдарт найруулагчид Мэрилинийг хэзээ ч жүжиглэдэггүй харин өөрийн амьдралыг жүжигтээ хувиргаж давтагдашгүй гайхалтай уран бүтээлийг төрүүлдөг хэмээн үнэлдэг байжээ.

Гайхамшигт бүсгүйн гунигт төгсгөл ...Хэзээ ч тодроогүй далд үнэн.

Тэрээр 1962 оны наймдугаар сард 36-хан насандаа нас барсан юм. Гялалзаж явсан амьдралаа нэгэл өдөр дуусгавар болгохоор шийдсэн тухай олон цуурхалууд байдаг ч, өнөөг хүртэл үхлийн шалтгааныг нь тогтоогоогүй байдаг.

Хэвлэл мэдээллээр Монрог нойрны эмний тунг хэтрүүлэн хэрэглэснээс нас барсан гэдэгч зарим эх сурвалжууд болон ойр дотны хүмүүс нь хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн ярих болжээ. Эм уухдаа даруулж уусан усны сав ба шингэний хаягдал огт олдоогүй аж. Тэр нас барахдаа харилцуураа барин хэвтэж байсан боловч огт хүнтэй яриагүй, ямар ч ярианы тэмдэглээл бүртгэгдээгүй болох нь нотлогдсон ба түүний өөртэйгөө дотно харьцаатай байсан хүмүүсийн тухай мэдээллийг бичдэг байсан улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр нь сэжиг бүхий байдлаар алга болжээ.

Эдгээр шалтгаанаас түүний үхлийг улс төрийн албан тушаалтнууд ба тэр үеийн чинээлэг эрчүүдтэй ч холбон тайлбарласан хэд хэдэн баримт байдаг.

Түүний бунхан одоогоор Лос-Анжелос хотын Вэствүүд Мемориал Паркт байдаг. Булш нь одоог хүртэл гуниг дүүрэн шүтэн бишрэгчдийнх нь захиа, асаасан лаа, баглаа цэцэгсээр тасардаггүй юм. Мөнхийн залуу Мэрилин өөрийн насны сүүдэр жаахан ч гэсэн дайраагүй төрхөөрөө л кино урлагийн түүхэнд мөнхөрсөн юм. Гэхдээ үхэл хүртэл энэ гайхамшигт хатагтайн авьяасыг булшилж үл чаджээ.

 






































Өнөөдөр бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй Мэрилин Монро мэндэлжээ  
Үзсэн: 2021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй