
"Оскар", "Мөнгөн баавгай" шагналын эзэн Австралийн жүжигчин, дуучин, продюсер Николь Кидман 1967 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр өнөөдөр 49 насыг зооглож байгаа юм.
Тэрээр Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич) болон Жанелль Энн Макнэйл (асрагч) нарын Австрали гэр бүлд төрсөн тул Австрали болон Америкийн Нэгдсэн Улсын давхар харьяалалтай юм. Харин өвөг нь Шотланд, Ирланд хүмүүс байжээ. Кидман 1983 оноос кино урлагт хөл тавьсан юм. Австралийн телевизийн хэд хэдэн алдартай олон ангит кино болон уран сайхны кинонуудад тоглож улмаар 1990 оны эхэн үеэс дэлхий дахинд өөрийгөө таниулсан “Аянгат өдрүүд” (1990), “Холын хол нутаг” (1992) болон “Бэтмэн үүрд” (1995) кинонуудад Том Круз, Томми Ли Жонс болон Жим Керри нарын алдартай жүжигчидтэй хамтран тоглож Холливудын замналаа эхлүүлсэн байдаг билээ. Түүний тоглосон бүтээлүүд маш их амжилт олдог юм. Оргил бүтээлүүдээс дурдвал хөгжимт төрлийн “Мулен Руж!” (2001) киногоор хоёр дахь удаагаа Алтан бөмбөрцөгт анхны удаагаа Оскарын шагналд “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр нэр дэвшиж улмаар байсан Британий нэрт зохиолч Виржиния Вулфийн амьдрал уран бүтээлийг харуулсан “Цаг хугацаа” (2002) киногоор магтаал сайшаалын дээдийг хүртэж хоёр дахь удаагаа Оскарт нэр дэвшиж Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ.
1994 оны НҮБ-ын Сайн санааны элч Кидман 2003 оны БАФТА, 1996, 2002 болон 2003 оны Алтан бөмбөрцөг шагналын эзэн болж байв. Түүнийг холливудын хамгийн өндөр ханштай жүжигчин гэхээс гадна хамгийн сайхан хөлтэй одуудын нэг хэмээн шар хэвлэлүүдэд бичдэг байна.
Николь Кидман хоёр удаа гэрлэсэн ба анхны нөхөр нь жүжигчин Том Круз (1990-2001), одоогийн нөхөр нь дуучин Кэйт Урбан (2006-одоо) юм. Тэд дөрвөн хүүхэдтэй билээ.
Николь Кидман “Аянгат өдрүүд” кинонд тоглох үеэрээ Том Крузтэй дотно харилцаатай болсон ба 1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд гэрлэж Рон Ховардын 1992 оны бүтээл “Буйд холын газар”, Стэнли Кубрикийн 1999 оны “Нүдээ ань” кинонуудад тоглосон билээ. Тэд Изабелл Жэйн (1992 оны арванхоёрдугаар сард төрсөн) болон Коннор Антони (1995 оны тавдугаар сард төрсөн) нарын хоёр хүүхэд үрчилж байв. Харин тэд 2001 оны хоёрдугаар сард гэр бүлээ цуцлуулсан бөгөөд энэ үед Кидман гурван сартай жирэмсэн байсан ч зулбасан гэдэг.













Холливудын хамгийн сайхан хөлтэй жүжигчин Николь Кидман 49 нас хүрлээ | ||
Үзсэн: 2012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.