
Дэлхийн 2-р дайны дараа Герман улс хоёр хуваагдаж, нэг хэсэг нь АНУ тэргүүтэй барууны орнуудын мэдэлд баруун Герман нэртэйгээр үлдсэн бол нөгөө хэсэг нь ЗХУ тэргүүтэй социалист орнуудын захиргаанд зүүн Герман нэртэй үлдэж байсан түүхтэй. Тэгвэл Берлин хотод зүүн Германы уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдсэн байна. 1990 онд Баруун Зүүн хоёр Герман нэгдэж, ХБНГУ бий болсон ч социалист нийгмийн үеийн уран бүтээлүүдийг сонирхогчдын тоо буураагүй юм.
Хоёр туйлт ертөнцийн үеийн түүхэн дурсгал, уран зохиол, хувцас хэрэглэл одоог хүртэл соёлын нэг чухал өв байсаар байна. Тиймээс Германы хэсэг уран бүтээлчид 1976-1989 оны хооронд зүүн Германд туурвисан уран бүтээлүүдээр үзэсгэлэн гаргахаар шийдсэн нь ийнхүү олон нийтийн хүртээл болжээ. Үзэсгэлэнг сонирхох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг зохион байгуулагчид нь онцоллоо. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэнд зүүн Германд амьдарч байсан социалист нийгмийг эсэргүүцэгчдийн бүтээлүүд харьцангуй их тавигдсан байгааг үзэгчид цохон тэмдэглэжээ.
Үзэл суртлын өндөр шалгууртай, социалист нийгмийг эсэргүүцэгчдийг ширүүнээр шийтгэдэг байсан үед иймэрхүү уран бүтээл туурвих нь уран бүтээлчээс эр зориг, тэсвэр хатуужил шаардсан амь өрссөн алхам байсныг урлагийн мэргэжилтнүүд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр мэдэгдсэн байна. Социалист нийгмийн үед үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, намын бодлогыг шүүмжилсэн, үзэл сурталд нийцээгүй уран бүтээл туурвисан хэргээр ял эдэлж, хавчигдан гадуурхагдаж байсан дэлхийн олон орны шилдэг сэхээтнүүдийн дурсгалд энэ үзэсгэлэнг зориулж байгааг Германы төлөөлөгчид онцлов. Үзэсгэлэн 9 дүгээр сард өндөрлөнө.
Хуучин зүүн Германы уран бүтээлчдийн үзэсгэлэн Берлинд нээгдлээ | ||
Үзсэн: 355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.