Шууд Chart

“Би эхнэрийнхээ нууц амраг” кино нээлтээ хийлээ

2016-08-19 09:31:57

“Ebenezer”  продакшн, “Эрдэнэчулуут” компанийн хамтын бүтээл “Би эхнэрийнхээ нууц амраг” Монголын уран сайхны кино энэ сарын 22-ны өдрөөс эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг, продюссерээр Р.Лхагвадорж, кино төслийн зөвлөхөөр МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид  нар ажиллажээ.

Тус кино нь Монголын болон олон улсын кино жүжигчдийн хамтарсан төсөл бөгөөд гол дүрд Швейцари улсын циркийн болон театр киноны жүжигчин Констанс Хелен Бугнон, ХБНГУ-ын театр киноны жүжигчин  Марк Кубин,  жүжигчин Н.Ариунномч нар тогложээ.

Киноны туслах дүрүүдэд МУГЖ З.Жарантав,  МУСТА Ц.Төмөрхуяг,  С.Лхагвадорж, Фармазанова Давид,  Фармазанова Юлья Ивановна,  Пилл Стовер, Маркус Д, Кен Давидсон, Л.Эрдэнэбулган, Э.Энхжин нар оролцон тоглосон байна.

“Би эхнэрийнхээ нууц амраг”  бүрэн хэмжээний уран сайхны кино нь сэтгэлзүйн романтик драмын бүтээл юм. Эрдэмтэн Брайн туршилтын явцад өөр хүний биед орчихдог. Тэр өөрөөсөө залуу царайлаг хүний биед байхдаа эхнэртэйгээ таарах бөгөөд улмаар эхнэрээ өөрийн нууц амрагаа болгож үзэхээр шийднэ. Түүний энэ шийдэл өөрийнх нь сүүдэртэй амьдралын үнэн дүр төрхийг харуулдаг.

Хүний танин мэдэхүйгээс хальсан агуу тансаг бас гайхалтай уран яруу мөн тааж тааварлашгүй ер бусын аварга ертөнц бол хүний сэтгэл юм. Сэтгэлээс хүний ертөнцийн гэрэл гэгээ амь амьдрал ундардаг. Ийм агуу ертөнцийн тухай өгүүлнэ гэдэг өөрөө үнэхээр гүн гүнзгий бясалгал гүнзгий сэтгэлгээ агуу их эрчим шаарддаг. Хамгийн гол нь энэ агуу ертөнц агуу том шигээ тогтвортой биш юм гэдэгт энэхүү киноны өвөрмөц тал нуугдах аж. Бид аливаа цагийн байдлыг шинжиж чаддаг ч сэтгэлийг шинжих чадахгүй бөгөөд үүний адил хэмжих боломжгүй юм.

Хүний амьдрал сэтгэхүйн хоорондын харилцаа хамаарал, зөрчлийг өгүүлэх “Би эхнэрийнхээ нууц амраг” бүтээл үзэгчдэдээ хүрэхэд бэлэн боллоо. Нээлтийн арга хэмжээ "Ногоон тагт" рестранд болсон бөгөөд энэ үеэр “Глоб интернейшнль” Төрийн бус байгууллагын тэргүүн, сэтгүүлч зохиолч Д.Наранжаргал “Энэ бол маш сайн зохиолоор хийсэн сайн кино. Хүний амьдралын бүхий л үйл явц, сэтгэл хөдлөлийг энэ кинонд багтааж чадсан. Монголын анхны сэтгэл зүйн драмын кино” хэмээн онцолж байсан юм.

Таван орны уран бүтээлчдийн хамтран тоглосон “Би эхнэрийнхээ нууц амраг” өнөөдөр буюу 2016 оны наймдугаар сарын 19-нд Тэнгис, Өргөө-1, 2,  Соёмбо кино театрын дэлгэцнээ гарч эхэлнэ.


“Би эхнэрийнхээ нууц амраг” кино нээлтээ хийлээ  
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй