Шууд Chart

Франц бүсгүй "Лимбэ" нэртэй дууныхаа клипийг Хөвсгөлд хийжээ

2016-08-23 14:10:11

Францын залуу дуучин Петит Меллер “The Flute” нэртэй дууныхаа зураг авалтыг Монголд хийж, хэдхэн хоногийн өмнө олон нийтэд шинэхэн клипээ толилуулсан нь анхаарал татаад байна. Гадаад төрх, хувцаслалтаараа Лэди Гага, харин хоолойгоороо Кайли Миноугтай адилхан гэгддэг Петит Меллер уг клипнийхээ зургийг Хөвсгөл аймагт авсан бөгөөд энэ талаараа "Би багадаа монгол нүүдэлчдийн зургийг их харж байсан. Энэ маань Монголыг зорих хүсэл тэмүүлэлд хөтөлсөн байх" хэмээн ярьжээ.



Петит Меллер үргэлж сонин содонд тэмүүлж байдаг нэгэн. Түүний бүтээлүүдэд элдэв хачин шийдэл, хэний ч санаанд оромгүй бүхэнд илт шингэсэн байдаг билээ.

Хөвсгөлд авсан энэхүү гэрэл зургууд нь мөн л өвөрмөц сонин шийдэл гэж хэлж болно. Харин үүнийг үзсэн Монголын үзэгчдийн сэтгэгдлийн тухайд яривал хоёр талд хуваагдсан байна гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь зарим хүмүүс энэхүү клипэнд гарч буй монгол ахуй, үзэсгэлэнт байгаль, өвөрмөц шийдлийг гайхан биширч байгаа бол зарим сонсогчид хэтэрхий задгай, монгол ахуйд тохирохгүй клип болжээ хэмээн шүүмжилж байна.



Энэхүү бүтээлийн продюссерээр Жонни Инкосиати, стилистээр Нао Кояабу, найруулагчаар Асаф Т.Мэнн, Мексикийн нэрт гэрэл зурагчин Наполеон Хабейка, туслах найруулагчаар Уилл Жэспер, зураглаачаар Кейвн Хэйдн, бүжиг дэглээчээр Хагар Офир нар ажиллаж нүүр хувиргалт болон үс заслыг Адам Ливермор гүйцэтгэсэн байна.

"Лимбэ" нэртэй энэ бүтээлд Петит өөрийн тосгоноос хөөгдөж  өргөн уудам нутгаар хэсүүчлэн явсны эцэст улаан хацартай Туяа охиныг олж буй тухай өгүүлнэ. Улаан хацар бол Петитийн нэрийн хуудас гэж хэлэхэд болно. Учир нь тэр бүх дүрс бичлэгтээ, бүр тайзан дээр гарахдаа хүртэл улаан хацартай байдаг нь түүнийг олонд таниулах гол имиж гэж хэлж болох юм.


Франц бүсгүй "Лимбэ" нэртэй дууныхаа клипийг Хөвсгөлд хийжээ   
Үзсэн: 2544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй