
Хэн нэгний амжилтыг би тэр хүний хэр их аз жаргалтай байгаагаар хэмждэг. Та өөрийгөө аз жаргалтай гэж бодож байна уу. Хэрэв үгүй бол ямар нэг өөрчлөлт танд хэрэгтэй байна гэсэн үг. Ингээд танд амьдралаа гэрэл гэгээтэй, эрч хүчтэй, нийгэмд эзлэх байр суурьтай байхад тань тус дэм болох 10 зөвлөгөөг хүргэж байна.
Хийх дуртай зүйлтэй байх хэрэгтэй
Та ямар нэгэн зүйлд шунан дурладаг уу. “Надад шунаж дурлаад байх тийм зүйл амьдралд байхгүй” гэж хэлдэг хүмүүс байдаг л даа. Энэ бол буруу. Яагаад гэхээр танд заавал таны дур сонирхлыг төрүүлдэг зүйл байх ёстой. Тиймээс таны сэтгэлийг юу тэгж их хөдөлгөж байна, юу хийвэл та жаргалтай болж, баярлаж байна гэдгээ олж нээ. Тэгээд түүнээ байнга хийж түүнээсээ аз жаргалыг мэдрэх хэрэгтэй.
Хэт их гомдоллох хэрэггүй
Амьдралын олон асуудлаар байнга л зовж шаналснаа ярьж байдаг, ярихаа больдоггүй хүмүүс байдаг. Та харин тэдний нэг юм биш биз. Та ажлынхаа талаар, даргынхаа тухай, цалингийнхаа тухай, эсвэл хөрш бүр эхнэр /нөхрийхөө талаар “Ингээд байна, тэгээд байна” гэж гомдоллодог уу. Хэрэв тийм бол сөрөг хандлагатай энергийг л өөртөө бий болгож байгаагаас бус өөр юу ч хийхгүй байгаа хэрэг. Сөрөг хандлага гэдэг бол аливаа зүйлийг өөрчлөх шийдэл биш юм. Энэ нь харин ч таныг нэг газраа гацааж, арга мухардуулах болно. Тиймээс бодол санаагаа өөрчилж, юунд дургүй, юуг үзэн яддагаа бодож, ярьж явахаас илүүтэйгээр амьдралд юунд талархаж, юуг хайрлаж яваагаа ярьж байх хэрэгтэй.
Хийх ёсгүй зүйл хийж, цагаа дэмий битгий үр
Видео тоглоом тоглож, реалити шоу үзэж, интернэт ухаж суух гээд л ямар ч хэрэгцээгүй зүйлд цагаа гарздах хэрэггүй. Харин оронд нь өөрийгөө хөгжүүл.
Ухаанаа цэнэглэ
Хэрэв өөрөө өөрийгөө байнга хөгжүүлж, хувь хүнийхээ хувьд ч суралцахгүй байх юм бол зүгээр л нэг энгийн тогтмол, сул дорой нэгэн болж хувирах болно. Аль болох идэвхтэй, шинэлэг бүхнийг суралцах хэрэгтэй. Эерэг хүчин чармайлт шаардсан зүйл хийх нь таны оюун ухааныг тэлж, хөгжүүлэх болно гэдэгт итгээрэй.
Сөрөг шинж чанартай зүйлийн талаар их ярих хэрэггүй
Өөртэйгөө сөргөөр ярилцана гэдэг амьдралыг тань сүйтгэж мэдэх юм. Хэнри Форд хэлэхдээ “Чи өөрийгөө чадна эсвэл чадахгүй гэж бодож байгаа аль нь ч хамаагүй чиний л зөв” гэж хэлсэн байдаг. Түүнчлэн хэрэв та ямар нэг ахиц, урамшуулалд хүрэх, эсвэл шинэ бизнес эхлүүлэхэд тийм ч хангалттай ухаантай биш гэж өөртөө хэлэх юм бол таны зөв. Та амьдралаа өөрчлөхөд дэндүү ядарсан, зутарсан гэж өөрийгөө бодож байгаа бол бас л таны зөв. Өөртөө чухам юу хэлж байна, тэр чинь бодит амьдрал дээр биеллээ олж байдаг. Бодсон, санасан чинь бодит амьдрал чинь болж хувирдаг учраас юу бодож байгаагаа сайтар ажиглаж байх хэрэтэй.
Ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй
Та ямар нэг зүйлийг мөрөөдөж байна уу. Яг өнөөдрөөрөө амьдраад байгаа юм биш биз. Та яг хаашаа явмаар байна, юунд хүрмээр байна бүгдийг нь эргэцүүлж үзээд бичих хэрэгтэй. Хэрэв танд ямар нэг зорилго, амьдралын төлөвлөгөө мөрөөдөл байхгүй бол далайд хөвж яваа эзэнгүй завьтай л адилхан байна гэж хэлж болно. Тиймээс та хаана хүрмээр байна, түүндээ алхам алхмаар урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Та үнэхээр их мөрөөдөж түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал мөрөөдөлдөө хүрэх болно.
Таныг хөгжүүлэхэд саад болоод байгаа хүмүүстэй хэт их зууралдах хэрэггүй
Хамт байхад сайхан санагдахгүй байгаа хүмүүстэйгээ байнга хамт байгаад байвал асуудал бүр хүндэрнэ. Тэдгээр хүнийг “Энергийн цус сорогч” гэж нэрлэдэг. Тэд таны амьдралын бүхий л эрч хүч, чадлыг чинь сорж, эргүүлээд танд эерэг зүйл юу ч өгөхгүй. Түүний оронд өөдөө хөгжихөд дэм болох хүмүүсийг олж, тэднээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Зорилготой эрч хүчтэй хүмүүстэй нөхөрлө. Тэд чиний замыг гэрэлтүүлэх болно.
Утсандаа бүү донт
Гар утас гэдэг бол нэг орохоороо гарч чаддаггүй тийм “гоё” зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэхдээ утастайгаа өнгөрүүлж байгаа цаг хугацаагаа нэг бодоод үз дээ. Дор хаяж л эхнэр, нөхөр, хүүхэдтэйгээ хамт оройн хоолонд орж байхдаа утсаа оролдсоор тэдэнтэйгээ харилцаагаа улам муутгаж, нэг их сайн үр дагавар авчрахгүй л болов уу. Утастайгаа зууралдсаар байтал хайртай дотны хүнээ “алдах”-ыг та хүсэхгүй л биз дээ.
Хэрэгцээгүй зүйлд мөнгөө битгий үр
“Надад энэ хэрэгтэй байна”, “Би үүнийг хүсэж байна” гэдэг хоёрын хооронд их ялгаа бий. Өнөөгийн нийгэмд өч төчнөөн зээлтэй байж гоё ганган, үнэтэй цэнэтэй эд зүйл эдэлж хэрэглэх сонирхолтой хүмүүс байна. Ер нь бодоод үзвэл бидэнд “хэрэгтэй” зүйл тийм ч их биш. Хоол хүнс, ус, гэр орон болон хайр. Тиймээс арай гэж олсон мөнгөө яг юунд үрж байгаагаа сайтар бодож үзээд, ирээдүйдээ хөрөнгө оруулахад багахан ч атугай хадгалж байх нь танд хэрэгтэй.
Хангалттай сайн унтаж, зөв хоолло
Хэрэв унтаж амрахад танд цаг зав гардаггүй, шөнө орой болтол суудаг зуршилтай бол энэ зуршлаа засах хэрэгтэй. Мөн зөв хооллодог байх хэрэгтэй. Ядаж л та өглөө босоод ус ууж заншаарай. Японд тарган хүнийг удирдах албан тушаалд томилдоггүй гэсэн яриа байдаг. Учир нь өөрийгөө удирдаж чадахгүй байгаа хүн бусдыг удирдаж чадахгүй гэж үздэг байна. Иймд үргэлж хөдөлгөөтэй, зөв хооллож, зөв амьдралын хэв маягтай байж бусдын үлгэр дууриалал болсон гэрэлтсэн амьдралаар амьдраарай.
Аз жаргалтай амьдрахад туслах 10 зөвлөмж | ||
Үзсэн: 1181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.