
Дэлхийн хүүхэд багачуудын шимтэн үзэх дуртай "Харри Поттер" зохиолын нэмэлт гурван ном ирэх долоо хоногоос эхлэн худалдаанд гарахад бэлэн болсон болохыг "Ассошиэтед Пресс" агентлаг уламжиллаа.
Ирэх долоо хоногоос худалдаанд гарах номууд нь Харри Поттерийн суралцан төгссөн илбэ шидийн “Хогвардс” сургуульд болсон сонирхолтой үйл явдлуудын талаар байх аж. Харри Поттерийн шүтэн бишрэгчид кино зураг авалт болсон мянган жилийн түүхтэй Английн Алнвик цайзад зочлох туйлын дуртай байдаг. Тиймээс цайзын захиргаа гуравдугаар сараас 12 дугаар сарыг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллаж, жуулчдыг хүлээн авдаг байна. Гэхдээ энэ цайзад олны мэдэхгүй нэгэн үхлийн аюултай нууц бий.
Дэлхийн хамгийн хортой 100 гаруй ургамлын цэцэрлэг энэ цайзын хананы цаана байдаг байна. Алнвик цайзын хортой ургамлын цэцэрлэгийг хариуцан ажилладаг Тревор Жонес ийм олон хортой ургамал бүхий цэцэрлэг дэлхий дээр тун цөөхөн байдаг болохыг цохон тэмдэглээд, гаднаасаа өнгө алаглан харагдах эдгээр ургамал хүчтэй хордуулах чадвартай учраас хүнийг үхэлд хүргэх чадалтай болохыг сануулжээ. Тиймээс цайзыг үзэж сонирхохоор ирсэн хүмүүст хортой ургамлын цэцэрлэгийг танилцуулахаасаа өмнө зохих сэрэмжлүүлгийг хүргэдэг байна. Энд байгаа зарим ургамлын хорны ерөндгийг одоо хүртэл гарган авч чадаагүй байгаа тул ялихгүй алдаа үхэлд хүргэх боломжтой гэнэ.
Цайзын захиргаа хортой ургамлын хүрээлэнг 24 цагийн турш хамгаалалтад байлгадаг бөгөөд нэг дор 20-иос дээш тооны хүнийг цэцэрлэгт хүрээлэнд оруулахыг хориглодог байна. Түүнээс гадна үйлчлүүлэгч нартаа мэргэжлийн ургамал судлаач, тайлбарлагчийн зааврыг ягштал дагахыг сануулдаг юм. Алдарт "Харри Поттер" цувралын шинэ гурван ном худалдаанд гарсны дараа цайзыг үзэж сонирхох хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэнэ гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.
"Харри Поттер" зохиолын нэмэлт гурван ном худалдаанд гарна | ||
Үзсэн: 1928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.