Шууд Chart

Барын дуу авианаас нас, хүйс, хүндийн жинг нь мэдэж болно

2016-09-01 16:57:49

АНУ-ын амьтан судлаачдын нэг хэсэг барын дуу хоолойг нарийн судалсны үр дүнд нэгэн сонирхолтой нээлтийг хийсэн байна. Прустен нэртэй энэ судалгааны төслөөр бар болгон өөрийн гэсэн онцгой дуу авиа гаргадаг болох нь нотлогджээ.

Хүнийг бусдаас ялгах гол онцлог нь хуруу болон хэлний хээ байдаг бол барын хувьд энэ нь архирах дуу хоолой нь байх боломжтой гэдгийг эрдэмтэд нотолсон байна. Байгаль дээр адилхан дуу явиа гаргадаг хоёр бар байх бололцоо тун бага ажээ. Энэ судалгааны ажлыг удирдан зохион байгуулсан Кортни Дунн сэтгүүлчдэд хэлэхдээ тэдний судалгааны баг дэлхийн олон орны амьтны хүрээлэнд амьдарч буй баруудын дуу хоолойг орчин үеийн дэвшилтэт технологиор харьцуулан судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн гэдгээ мэдэгдлээ. Бар нь маш олон төрлийн дуу авиа гаргадаг бөгөөд үүгээрээ дамжуулан тодорхой утга санаануудыг илэрхийлдэг болох нь мөн батлагджээ.

Түүнээс гадна барын дуу авиагаар түүний нас, хүйс, хүндийн жингийн талаар нарийн мэдээлэл авах бололцоотойг тогтоосон байна. Энэ шинэ аргачлалыг нэн ховордож буй барыг хамгаалах ажилд ашиглахаар төлөвлөж байгаа юм. Олон улсын зэрлэг амьтан хамгаалах байгууллагуудад дэлхий дээр яг хэдэн ширхэг, ямар нас, хүйсийн бар амьдарч байгаа талаар тодорхой, нарийн судалгаа байдаггүй. Багцаагаар тэд орчим гэж таамаглаж хэлэхээс өөр аргагүй байдаг. Тэгвэл энэ шинэ аргыг ашиглан тухайн газар оронд яг хэдий хэмжээний ямар нас, хүйстэй бар амьдарч байгааг тогтоож чадсан тохиолдолд эдгээр гайхалтай амьтдыг хамгаалах ажилд том тусламж болох юм.

Судалгааны багийнхан дэлхий нийтэд хандан барын гаралтай эд зүйл худалдан авч хулгайн анчдын хууль бус үйл ажиллагааг дэмжихгүй байхыг уриалсан байна. Дэлхийд нийт 4000 орчим бар үлдсэн гэсэн харамсалтай тооцоо судалгаа байдаг. Дашрамд дурдахад, араатны хааныг Арслан гэдэг ч, тэрээр хүч чадлын хувьд барнаас харьцангуй дутуу болохыг судлаачид сануулжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Барын дуу авианаас нас, хүйс, хүндийн жинг нь мэдэж болно  
Үзсэн: 2604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй