Шууд Chart

Дубай хотод дэлхийн хамгийн том битүү амралт зугаалгын төв нээгджээ

2016-09-01 17:16:11

Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотод дэлхийн хамгийн том битүү амралт зугаалгын төв нээгджээ. 140 мянган метр, квадрат талбайтай энэ төвийг орчин үеийн агааржуулалтын системээр тоногложээ.

Дубай хот жилийн ихэнх улиралд аагим халуун байдаг учраас ил задгай талбайд амралт зугаалгын төв байгуулсан тохиолдолд хүмүүс барагтай бол үйлчлүүлэхгүй байх магадлалтай учраас илүү зардал гаргаж, амралтын төвийг битүүлэх шийдвэр гаргасан гэдгээ хотын захиргаа мэдэгдсэн байна. Нээлтийн эхний өдөр гэхэд гурван мянга гаруй хүн тус төвөөр үйлчлүүлсэн нь нэг төрлийн рекорд амжилт болжээ. Амралт зугаалгын төв хэд хэдэн хэсэгт хуваагддаг байна.

Марвелийн баатруудаас санаа авч хийсэн хэсэг хамгийн олон үйлчлүүлэгчтэй байгаа бол үлэг гүрвэлийн төвийг сонирхох хүмүүсийн тоо цөөрөхгүй байгааг зохион байгуулагчид нь онцолжээ.

Түүнээс гадна Картүүн Нетворк сувгийн хүүхэлдэйн киноны баатруудын хэсэг бас байгаа юм. Ямар ч амралт зугаалгын төвийг нэрийн хуудас болсон галзуу хулганагүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл тус төвийн галзуу хулгана дэлхийд алдартай Диснейлендийнхээс дутахгүй гэдгийг амралтын төвийн захирал Леонард Отто цохон тэмдэглэсэн байна. Амралтын төвд тогтмол 22 градусын дулаантай байдгаас гадна дэлхийн бусад орны ийм үйлчилгээ үзүүлдэг газруудаас ялгаатай нь байгаль, цаг уурын ямар ч үзэгдэл тэдний үйл ажиллагаанд барагтай бол нөлөөлөхгүй гэдгийг сануулжээ.

Дубай хотод тун удахгүй дахин нэг ийм төрлийн амралтын төв нээгдэхэд ойрхон байгаа юм. Учир нь хотын удирдлага 2020 он гэхэд жил бүр 20 сая жуулчин хүлээж авах чадвартай хоёр амралт зугаалгын төвийг байгуулах төлөвлөгөөтэй байна.

Дэлхийн амралт зугаалгын төвүүд ерөнхийдөө ижилхэн байдаг бол Дубай хотод шинээр баригдах амралтын төвүүд хоорондоо эрс ялгаатай байх гэнэ. Шинээр баригдах төв ямар байх талаар мэргэжилтнүүдээс асуухад үйлчлүүлэгч нартаа гэнэтийн бэлэг болгох үүднээс хэлэхээс татгалзжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубай хотод дэлхийн хамгийн том битүү амралт зугаалгын төв нээгджээ  
Үзсэн: 1535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
m [202.131.249.xxx] 2016-09-02 10:19
goy ymoo ataarhaj bn shuu

Бидэнтэй нэгдээрэй