
Та бидний олонх нь Холливуудын алдарт “Музейд өнгөрүүлсэн шөнө” киног үзэж байсан нь лавтай. Эртний ид шидийн хүчээр шөнө болгон музейн үзмэрүүд амилдаг уг кино амьдралд биелэхэд ойрхон байгааг Германд саяхан нээлтээ хийсэн цахим орчны музей батлан харууллаа.
Берлиний үндэсний байгалийн түүхийн музей орчин үед үйлчлүүлэгчдээ хэрхэн татах талаар нарийн судалгаа хийсний үр дүнд цахим орчин ашиглан өөрийн үзмэрүүдээ хөдөлгөөнтэй, ярих чадвартай болгож байгаа юм. Одоохондоо энэ төсөл туршилтын шатанд явж байгаа бөгөөд эхний ээлжинд үлэг гүрвэлийн үеийн танхимаа цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Энэ танхимд орж ирсэн үйлчлүүлэгч Гүүгл компанийн үйлдвэрлэсэн цахим орчинд нэвтрэх тусгай нүдний шилийг зүүснээр эрт дээр үед мөхсөн динозавруудыг бодит амьдрал дээр байгаа мэтээр харах, сонсох боломжтой болох юм.
Тэдний энэ шинэ төсөл үзэгчдэд, тэр дундаа хүүхэд багачуудад тун их таалагдаж байгаа болохыг төслийг хэрэгжүүлэгчдийн нэг болох Гүүгл компанийн Мюнхен дэх төвийн дарга Виеланд Холфендер цохон тэмдэглэлээ. Зүгээр нэг зогсож байсан үлэг гүрвэлийн араг яс гэнэт амь орон хөдлөж, удалгүй булчин шөрмөсөөр хучигдан бодит төрхөө олохыг харах нь сэтгэл хөдөлгөсөн сайхан үзүүлбэр гэдэгтэй үйлчлүүлэгчид санал нийлжээ. Тун удахгүй тусгай зориулалтын нүдний шилтэй байхад дэлхийн аль ч музейг интернет ашиглан үзэх боломжтой болно гэдэгт технологийн компаниуд сануулж байна. Зөвхөн энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа энэ шинэ төсөлд одоогоор 300 гаруй музей хамрагдаад байгаа гэнэ. Орчин үед олон хүн энгийн музей үзэх сонирхолгүй байдаг бол шинэ төрлийн цахим музей нээгдсэнээр энэ салбарт хувьсгал хийж магадгүй байна. Учир нь музей үзнэ гэдэг нь энгийн нэг шилэн хоргон дахь зүйлийг үзэх уйтгартай аялал байхаа больж, дэлхийн түүхээр аялсан адал явдалт цахим тоглоомтой улам төстэй болно гэдгийг технологийн мэргэжилтнүүд онцоллоо.
“Музейд өнгөрүүлсэн шөнө” амилна | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.