
Сансар судлалын хамгийн чухал салбаруудын нэг нь солир судлал байдаг. Олон хүн яагаад солир судлал ийм чухал үүрэгтэй болохыг төдийлэн сайн ойлгодоггүй бол мэргэжлийн хүмүүс энэ талаар огт өөр бодолтой байна.
Саяхан Аргентин улсаас 30 тоннын жинтэй асар том солир олдсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Энэ нь манай дэлхий дээр усталгүй орж ирсэн хамгийн том солирын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Анх том хэмжээний солир Аргентины Чако бүс нутагт унасан байж болзошгүй хэмээн таамагласан олон улсын хайгуулын баг эрлийн ажиллагааг эхэлжээ. Тэгээд энэ сарын 10-ны өдөр газар доороос кран ашиглан солирыг гаргаж ирсэн байна. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар одоогоос 4 мянган жилийн өмнө энэ солир манай гараг дээр унасан байж болзошгүй юм. Солирыг судласнаар сансар огторгуйн гарал үүсэл, бусад гарагуудын химийн найрлага, нарны системийн нэн эртний түүхийн талаар маш их мэдээлэл авах бололцоотой байдаг учраас олон орны сансар судлаачид шинээр олдсон солир нь таамаглал төдий байсан цөөнгүй асуултад хариулна гэж найдаж байна.
Дашрамд дурдахад, манай дэлхий дээрээс олдсон хамгийн том солир нь Африк тивийн Намибиа улсаас олдсон 66 тоннын жинтэй төмөрлөг солир байдаг юм. Дэлхий дээр жилд дунджаар 80 хүртэлх тооны мянган солир унадаг гэсэн тооцоо бий. Гэхдээ тэдний ихэнх нь агаар мандалд хүрэх үедээ хэт халж, үрэгдсэний улмаас тоос болон хувирдаг байна. Тиймээс томоохон хэмжээний солир олдох бололцоо тун бага байдаг. Эрдэмтэд солирыг мэргэжлийн судалгааны төвд авчирсан бөгөөд одоо нарийн шинжилгээ хийнэ гэж мэдэгджээ.
Аргентин улсаас 4 мянган жилийн өмнөх солир олдлоо | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.