Шууд Chart

Номын хуудсыг нээхгүйгээр уншдаг төхөөрөмж бүтээжээ

2016-09-16 16:02:01

Орчин үеийн хүүхэд, багачуудыг ном унших дуртай болгохын тулд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар янз бүрийн арга хэрэглэж байгаа ч үр дүн муутай байна. Тэгвэл АНУ-ын Массачусеттсийн технологийн их сургуулийнхан, Жоржийн технологийн сургуультай хамтран нэгэн гайхалтай шийдэл олжээ. 

Аливаа номыг нээхгүйгээр гаднаас нь унших боломжийг тэдний зохион бүтээсэн шинэ төхөөрөмж олгох гэнэ. Энэ сонирхолтой төслийг ахалж буй Массачусеттсийн технологийн их сургуулийн эрдэмтэн Бармак Хешмат хэлэхдээ тэдний зохион бүтээсэн багаж тусгай радио долгион гаргаж номны хавтасны цаанаас хуудсан дээр юу бичигдсэн байгааг унших чадвартай юм байна. Ажиллах зарчмын хувьд багажнаас гарсан хэт богино радио долгион хуудсан дээр байгаа үсэгнүүдийн товгор, дарагдсан байдлыг мэдэрч энэ мэдээллээ тусгай компьютерт дамжуулснаар хуудсыг ямар нэгэн асуудалгүй унших боломжтой болж байгаа юм. Тэд энэ бүтээлийнхээ санааг сарьсан багваахайнаас авсан гэж мэдэгдлээ. Учир нь сарьсан багваахай шөнийн цагт бидний адил харж чаддаггүй боловч өөрөөсөө бага давтамж бүхий авиа гаргаж, дууны цуурай, ойлтуудыг мэдрэн орчноо маш сайн дүрсэлж чаддаг байна. Эхний ээлжийн туршилтаар төхөөрөмж номыг нээхгүйгээр эхний есөн хуудсыг ямар нэгэн хүндрэлгүй уншиж чадаж байсан бол түүнээс цаадах хуудсууд дээр бага зэрэг алдаа гаргажээ. Ямартай ч энэ төхөөрөмжийг бага зэрэг хөгжүүлж чадсан тохиолдолд ямар ч номыг хуудас хуудсаар нь уншаад өгөх чадвартай болох юм.

Өмнө нь гарсан ийм төрлийн төхөөрөмжүүд ном уншихын тулд хуудасны мөр мөрөөр нь тусгай балаар гүйлгэх шаардлагатай болдог байсан тул харьцангуй хүндрэлтэй байжээ. Гэхдээ зарим эрдэмтэд ийм төрлийн төхөөрөмжийг дэлхийн улс орнуудын тусгай албаныхан олон жилийн өмнөөс ашигладаг байсан гэж мэдэгдсэн байна. Дугтуйны цаадах нууц бичиг баримтыг ингэж уншиж байсан туршлага цөөнгүй байдаг гэнэ. Ямартай ч тун удахгүй дуртай номоо компьютераар уншуулангаа өөр зүйлд цаг заваа зарах боломжтой болох нь.            

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Номын хуудсыг нээхгүйгээр уншдаг төхөөрөмж бүтээжээ  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй