Шууд Chart

Орцны амьдралаас оддын алдарт хүрэгсэд

2016-10-04 11:15:01

Доорх хүмүүс тэртээх бүдэгхэн цагт хорвоогийн тоосыг хөдөлгөхөөс цаашгүй, орон гэр ч үгүй, оочих аяга ч үгүй явсан гэхэд хэн ч итгэхгүй биз ээ. Эдгээр хүн унтахаар хэвтэхдээ тэнгэрийн одыг шууд харж, газрын хатууг биеэрээ мэдэрч, хүмүүсийн үл тоомсорлол, доромжлолыг тэсэн, өнгө мөнгөний хорвоогийн хоосон байхын зовлонг дээд зэргээр мэдэрч явжээ. Зарим нэг нь ийм амьдралд хэсэгхэн хугацааг өнгөрүүлсэн бол, зарим нь хэдэн жилээр тэнүүчилж явсны эцэст өөрийгөө, ирээдүйгээ олсон байна.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг аливаа хүн өмнөө зорилготой, мөрөөдөлтэй, түүндээ хүрэх итгэл чармайлттай байвал шалбааг дундаас өөдлөх тансаг сарнай мэт ургаж, мандаж чаддаг ажээ. Харин амьдралын нугачаанд хөл алдаж, мөнх бусын зовлонг үүрдийн мэтээр хvлээн авч, өвдөг сөхөрсөн хүмүүс алдрын оргилоос ч асар хурдтай унадаг.

Гэхдээ мэдээж эдгээр хүмүүст хичээл чармайлт, тэмүүлэл мөрөөдлөөс нь гадна, хосгvй авьяас, хэмжээлшгүй их аз заяасантай маргах аргагүй юм. Хэзээ нэгэн цагт орон гэргүйчүүдийн эгнээнд алхаж явсан ч эдүгээ дэлхийн соёл урлагийн түүхэнд өөрсдийн арилшгүй, дахин давтагдашгүй мөрөө үлдээж чадсан билээ. Ингээд орон гэргүйчүүдийн эгнээг бөглөж байсан ч, эцэст нь алдрын оргилд хүрч, баян тансагийн дээдээр амьдарсан, амьдарч байгаа одуудын түүхийг сонирхож, амьдралд улам илүү хайртай болцгооё.


Холли Берри (Halle Berry)

 

Холливуудын алдартай одуудын нэг, маш олон гавьяа шагналын, тэр дундаа хоёр “Оскар”-ын эзэн энэ бүсгүй жүжигчний замналаа эхлэхээсээ өмнө орон гэргүйчүүдийн хоноглодог газар хоног төөрүүлдэг, дэндүү ядуу, ядруухан нэгэн байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Тэрээр 21 настай байхдаа жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Чикаго-д очсон боловч дорвитой амжилтад хүрэх нь битгий хэл ажилд ч орж чадахгүй байсаар халаасандаа сохор зоосгүй үлджээ. Харин анхнаасаа л охиныхоо гадаад үзэмжээр мөнгө олох гэсэн сонирхолд дургүй байсан ээж нь Холли-г өөрөө махаа зулгааж байж амьдралд сураг гээд ганц ч зоос илгээгээгүй байна. Ингээд Берри хөлсний байрнаасаа гарч, хэсэг хугацаанд орон гэргүйчүүдийн халамжийн газарт хоноглох болсон аж.


Жон Дрю Бэрримор (John Drew Barrymore)

Алдарт кино жүжигчин Дрю Бэрриморын эцэг, жүжигчин, яруу найрагч Джон Дрю Бэрримор нь толгойгоо хар тамхинд мэдүүлж, хамаг амьдралаа балласан ч гэсэн олны дунд алдар нэрээ цуурайтуулж амжсан нэгэн билээ. Тэрээр урьд нь биш, алдрын оргилд гарсныхаа дараа орон гэргүйчүүдийн эгнээнд элссэн юм байна. Жон Прю Бэрримор нь хар тамхичны тэнэмэл амьдралыг сонгож, халамжийн байгууллагуудын байранд хоноглон, олны хараанаас улам бүр алдуурсаар байжээ. Гэсэн ч нэг нартай өдөр өөрийгөө татан авч, нэгэн тохилог, алслагдмал газар суурьшин, зөвхөн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байсаар амар амгалангийн оронд айлчилсан юм байна.


Жим Керри

Инээд хүрмээр хөгжилтэй алиа жүжиглэлт, өвөрмөц төрхөөрөө хэн бүхний сэтгэл зүрхэнд өөрийн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн энэхүү авьяаслаг жүжигчин, төдийгүй чадварлаг продюссер залуу нь аль хүүхэд ахуй цагтаа орох оронгүй байхын зовлонг амсжээ. Жим- ээс гадна гурван хүүхэдтэй тэдний гэр бүлийн тэргүүн буюу аав нь номын санчийн өчүүхэн цалингаа гэр бүлийнхээ сар сарын хэрэгцээнд арай ядан хүргэж, ёстой л хойд хормойгоороо урьд хормойгоо нөхдөг байж. Жим Керригийн гэр бүл энэ ядуу байдлаасаа болж байнга л нүүж суухад хүрч байсан аж. Харин ингэж явсаар нэг л бүрхэг өдөр  аав нь ажилгүй болж, гэр бүлээрээ вагончик-т амьдрах болсон байна. Бүүр сүүлдээ тэд гэр бүлээрээ аль хэдийнэ нөхөрт гарсан Жимийн нэгэн төрсөн эгчийн нэг өрөөнд  толгой хорогдох болсон түүхтэй гэнэ.


Чарли Чаплин

Угаас сайхан сэтгэлтэй, сэтгэлд дулаахан тэнүүлчин эрийн дүрээрээ олон мянган хүнийг байлдан дагуулж, бүрхэг цаг үеийг гэрэлтүүлж байсан нэрт жүжигчин, найруулагч, продюссер, гайхалтай зохиолч болох алдарт Чарли Чаплин нь хүүхэд ахуй цагтаа эцгээ алдаж, эхийгээ сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болсны дараа Лондоны гудамжинд олон шөнийг өнгөрүүлжээ. Дараа нь түүнийг Памбет дэх засан хүмүүжүүлэх сургуульд  оруулж, түүнийх нь дараагаар Лондоны эмзэг бүлгийн хүүхдүүдийн сургуульд шилжин суралцуулах болсон байна. Тэр цагийн Английн ихэнх хүүхдүүдийн адилаар Чаплины хүүхэд нас ядуу, өлсгөлөн, ганцаардмал, басхүү аймшигтай харгис амьралд дунд өнгөрсөн аж. Чухам түүний хүүхэд насны энэ хар бараан дурсамж, гундуухан амьдрал нь олон сайхан кинонуудад нь маш хөгжилтэй, уярам байдлаар дүрслэгдэн үлдсэн байдаг юм.


Дэниел Крейг

«Казино Ройяль»  кинонд тоглосныхоо дараагаар Дэлхий дахинд шинэ Жеймс Бонд хэмээн танигдан алдаршсан нэрт жүжигчин Дэниел Крейг (Daniel Craig) нь нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, жүжигчин болохынхоо өмнө хэд хэдэн шөнийг цэцэрлэгт хүрээлэнгийн модон сандал дээр өнгөрүүлж байсан талаараа илэн далангүй хуучилсан байна.


Элла Фицжеральд (Ella Fitzgerald)

Ядуу амьдрал дунд өсөж торнисон бөгөөд багадаа дуулж бүжиглэхэд ухаангүй дуртай охин байжээ. 1932 онд ээжийгээ алдсаныхаа дараа нагац эгчийндээ очсон тэрээр сэтгэл санааны гүн хямралаасаа болоод хичээл сургуулиасаа ч завсардсан байна. Тэрээр залуухан байхдаа бүүр мафийнхантай хүртэл орооцолдож, цагдаа нарт баригдан, засан хүмүүжүүлэх сургуульд хүчээр сурч байгаад тэндээсээ оргон, хэсэг хугацаанд гэр оронгүй тэнүүчилж байсан аж.


Крис Гарднер (Chris Gardner)

Наяад онд ид мандан бадарч байсан биржийн гарамгай маклер, хэдэн саяын хөрөнгийг босгож чадсан энэ хүн бас л цагтаа орох оронгүй, оочих аягагүй явсан байна. Тэрээр бяцхан хүүгээ дагуулан орон гэргүйчүүдийн байр, цэцэрлэгт хvрээлэн, тэр бүү хэл төмөр замын буудлын жорлонд хүртэл хоног төөрүүлж явсны эцэст нэгэн сүмийн хоноглох байранд түр байх боломжтой болж байжээ. Түүний амьдралын дардан биш, адармаатай замнал болон бяцхан хүүтэйгээ хоног төөрүүлэх газар хайн, тэмцэж байсан үеийнх нь талаарх Уилл Смитийн тоглосон The Pursuit of Happyness хэмээх гайхалтай уран сайхны кино байдгийг уншигч та санаж байгаа биз ээ.


Кэри Грант (Cary Grant)

Жинхэнэ нэрийг нь Арчибальд Александр Лич (Archibald Alexander Leach) гэдэг англиас гаралтай америкийн алдарт жүжигчин  нь Дэлхийн нэгдүгээр дайны үед буюу залуу насандаа хэд хэдэн удаа гудамжинд хоноглож байсан тухай «Cary Grant: A Biography» (Cary Grant-ын намтар) номонд: “Арчи нь зуны цагт нэг газар цагийн ажил хийдэг байсан бөгөөд заримдаа хөлсний байранд төлөх мөнгөгүй болохоороо гудамжинд хоноглодог байв.”- хэмээн тэмдэглэсэн байдаг аж.


Гарри Гудини (Harry Houdini)

Олон сонирхолтой, толгой эргүүлэм үзүүлбэрээрээ олны дунд нэрээ цуурайтуулж явсан илбэчин. Тэрээр Венгр гаралтай америкийн илбэчин бөгөөд 12 насандаа ажил хайхаар гэрээсээ явж, хоёр жилийн турш бие даан тэнүүчлэхдээ (Висконсинаас Миссури хvрэх замдаа) орон гэргүйчүүдийн хоноглох байр болон гудамжинд олон шөнийг өнгөрүүлж байсны эцэст Нью-Йорк-д суурьшин, алдрын оргилд хүрсэн юм байна.


Орцны амьдралаас оддын алдарт хүрэгсэд  
Үзсэн: 4216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.22.xxx] 2016-10-04 18:26
Oroh orongui bolson tsagtaa orchlong buheld n chi olnoo...gj sxn shuleg bdgda

Бидэнтэй нэгдээрэй