
Хайрын шүлгийн "Цагаан Уул-2016" наадамд 39 оноогоор Дэд байрын шагнал хүртсэн яруу найрагч Б.Алтанхуягийн шүлгийг уншигч та бүхэнд хүргэж байна.
"НОЙРМОГ ӨДРҮҮД БА ЦАС"
Цонхон доорх модод төөрч будилсан мөрчөө эвхэх гэж ярна
Цочим хүйтний дараа цас будрахад гэгээнд нь дулаацна
Цох болоод нисчихсэн олон олон сүнснүүд тэнгэрт асна
Цоохор өнгөтэй гудмаар хөтлөлцсөн цасан ширхгүүд инээмсэглэн зөрнө
Ээ хичнээн сайхан зүүдээ хийсгээд одчихсон бүтэлгүй хүү
Эхнэртэй болохыг мөрөөдөж үзээгүй ээ 19 нас
Ай дурсамж минь залуу нас минь
Өргөст торонд орооцолдчихсон
Алган дээр унасан цас чиний мэлмийнээс өөрцгүй ээ
Гэлээ ч ийм л орон зайн дундуур хөлөө зөөж
Гэрэлгүй зүүдний гүнээс туяхан гараа өргөж
Цуурсан хацарт минь алгаа нааж ядан зогсох
Цагаан даашинзтай охин чи мөн байсан уу?
Хурууны чинь өндгөнд шингэсэн цасан ширхгүүд
Хормын төдийд л биеэр чинь тархаж үр хөврөл явагдах шиг
Ийм л хоосон амьдралыг гэтэлгэхээр
Ирж буй сүнснүүд чиний үрс юм гэж үү?
Буруутгаж зүрхлэмгүй чиний сэтгэл өргөстэй бодол
Буцаж ирэхийг чинь хүлээнэ хүйтэнд дуу аялна
Нойтон алгаараа хацарт минь хүрээд
Эцсийн удаа дулаацуулбал нойрмог өдрүүдээс би юу ч хүсэхгүй
Энэ л гудманд үхэж чадна...
"Цагаан Уул-2016" наадамд дэд байр эзэлсэн шүлэг | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.