
Аварга цолтой их бөх Г.Вандан нь 1890 онд Луу гvний хошуу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл суманд төржээ. Тэрээр биеийн хувьд их том 215см өндөр, дөрвөлжин цээжтэй, бяр чадал, сүр жавхлан бүрэн төгөлдөр гайхамшигт сайхан эр байжээ.
Г.Вандангийнхтай айл байсан Өлгийнуур сумын өвгөн Нямаа “Г.Вандан гуай Б.Түвдэндорж аваргаас том, бие галбирын хувьд С.Цэрэн аваргатай төстэй бөгөөд хөмсөг дух нь булцруутсан, эрvv өргөн, шанаа дугуй маш сүрлэг эр байсан” хэмээн хуучилсан нь түүний дүр төрхийг тодорхойлж байгаа хэрэг.
Улс даяар Луу гүний Г.Вандан аварга хэмээн алдаршсан энэ түүхт бөхийн тухай ахмад бөх судлаач Л.Ням-Осор, Б.Батсүх нарын 1989 онд бичсэн "Монгол бөхийн хөгжилт" номонд Вандан аваргыг 1912, 1913, 1914 оны Арван засгийн наадамд 3, 6, 8-ын даваанд унаж, 1915-1924 оны Арван засгийн наадамд тасралтгүй 9 түрүүлж, Ардын хувьсгалын анхны ой, цэргийн 1922 оны наадамд арав даван түрүүлж, 1924, 1925, 1927, 1929 оны баяр наадамд шөвгийн дөрөвт үлдэж байсан тухай дэлгэрэнгүй бичсэн байна. Мөн Я.Цэвэлийн 1953 онд бичсэн "Монгол бөхийн тухай" номын 38-р талд "Вандан аварга бол улсын чанартай их наадамд 16 удаа, орон нутгийн наадамд 50 гаруй удаа түрүүлсэн байна" гэжээ. Мөн Ж.Дамдингийн 1971 онд бичсэн "Монгол бөх" номын 213-217 дахь талд "Монгол улсын олноо өргөгдсөний 4-р он буюу 1914 оны Арван засгийн наадамд үзүүрлэж, үүний дараа 1916 оноос эхлэн 1924 оны Арван засгийн болон 1922-1923 оны цэргийн наадамд түрүүлсэн нь бөхийн түүхэнд тодхон үлджээ" хэмээжээ.
Сонирхуулахад дээрх зургийг 1926 оны Улсын баяр наадмын үеэр авчээ. Өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Козловын гэр музейд хадгалагддаг аж.
Луу гүний Г.Вандан аварга | ||
Үзсэн: 7423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.