Шууд Chart

Б.Бадамцэцэг: Манай улс 70 хоногийн импортын хэрэгцээг хангах валютын нөөцтэй үлдсэн...

2013-12-20 11:16:17

Гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад валютын нөөц, гадаад валютын ханш зэрэг “гадаад” гэх тодотголтой манай улсын макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сүүлийн саруудад таагүй үнэлгээ авах болсон. Тиймээс энэ асуудлаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй ярилцсан юм.

- Сүүлийн үед гадаад гэх тодотголтой эдийн засгийн үзүүлэлтүүд бүгд муудаж байна. Гадаад худалдаа гэхэд 2 орчим тэрбум долларын алдагдалтай гарлаа. Юунаас болж ийм алдагдал хүлээв?
 
- Ер нь гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеийн түвшинд хүрэхгүй явж ирсэн. Арваннэгдүгээр сард ч энэ хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 орчим хувийн буурч 9.7 тэрбум доллар болсон гэсэн үг.  Үүний 3.9 тэрбум нь экспорт бол, үлдэх 5.8 тэрбум нь импортын худалдаа гэсэн ийм бүтэцтэй гарлаа. Үүний зөрүүд гадаад худалдаа 2 тэрбум долларын алдагдал хүлээсэн гэж ойлгож болно. Гэхдээ гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 240 орчим сая доллараар буурсан байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны алдагдал бага зэрэг буурсан ч, 2 тэрбумын алдагдалтай гарсан гэсэн үг.
 
- Гадаад худалдааны нийт алдагдлын 40 орчим хувийг нүүрсний экспортын биет хэмжээний болон үнийн бууралт эзэлж байгаа гэж сонссон?
 
- Импортын бараа бүтээгдэхүүний үнийн дүн, экспортынхоос их байгаагаас гадаад худалдааны алдагдал буурахгүй байна. Дээр нь экспорт дээр нүүрснээс хамааралтай боломжийг алдаад байна. Энэ нь манай улсаас хамаарч байгаа гэхээс илүүтэй, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, зах зээл муудсантай холбоотой л доо. Нэгжийн үнэ болон биет хэмжээний бууралтаас л гэхэд 750 орчим сая доллар олох боломжоо бид алдсан гэж ойлгож болно. Үүн дотор нь задлаад үзвэл, биет хэмжээний гэхээсээ илүүтэй үнийн бууралтаас алдаад байгаа юм. Экспортын хувьд бол ийм. Гэхдээ нөгөө талдаа, нүүрснээс бусад төрлийн өндөр өртөгтэй экспортын гол бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл сайн байгаа. Экспортын хувьд ч муугүй байна. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулалт алт 3 орчим мянган тонноор илүү олборлочихсон явж байна. Зэсийн баяжмалын хувьд өмнө нь нэг л үйлдвэрийн тухай яридаг байсан. Тэгвэл энэ онд “Оюутолгой” компани бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэнтэй холбоотойгоор, 100 гаруй мянган тонн зэсийн баяжмал илүү үйлдвэрлэчихсэн явж байна. Газрын тос гэхэд, 140 мянган баррелиар нэмэгдсэн байх жишээтэй.
 
- Экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 дахин буурахад нүүрсний үнийн бууралт голлон нөлөөлсөн гэж ойлголоо. Тэгвэл импорт бас 7 хувиар буурчихсан яваа шүү дээ. Үүний шалтгаан нь?
 
- Хөрөнгө оруулалтын шинж чанартай бараа бүтээгдэхүүний импорт буурсан нь голлон нөлөөлсөн. Тухайлбал, авто тээврийн хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, түүний эд ангийн импорт буураад байна. Эдгээрийн импорт буурахаар, дагалдаад дизель түлшний импорт буурдаг уялдаа холбоо ажиглагдаж байна. Энэ гурван төрлийн бүтээгдэхүүний нийлбэр дүнгээр 640 сая долларын бууралт импорт дээр харагдсан.
 
- Та сая дөнгөж хөрөнгө оруулалтын шинж чанартай бараа бүтээгдэхүүний импорт буурч байгаа гэж хэллээ. Эндээс гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурсаар байна гэсэн ойлголт төрлөө?
 
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүнг улирал улирлынх нь төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлээс харахад, өмнөх оны арваннэгдүгээр сард оруулж байсан хөрөнгө оруулалтын тал хувьтай тэнцэх дүнтэй явна. Өөрөөр хэлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 шахам хувиар буурчихсан явна. Гуравдугаар улирлыг салгаад аваад үзэх юм бол, төлбөрийн тэнцэл 400 сая долларын алдагдалтай явж байгаа ийм статистик гарсан.
 
- Гадаад худалдааны алдагдал 2 тэрбум доллараар хэмжигдэж байна. Нэг ёсондоо, монгол улс олж байгаагаасаа их хэмжээний доллар гадагш нь урсгаж байна гэсэн үг. Дээр нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчихлаа. Үүнийгээ дагаад монгол улсын гадаад валютын нөөц буурч байгаа байх?
 
- Яг тийм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч байгаатай холбоотойгоор монгол улс руу орж ирэх валютын урсгал багасч байна. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад валютын нөөц 1 тэрбум доллараар буурсан бол, өнгөрсөн сараасаа 240 сая доллараар буурсан ийм үзүүлэлтүүд гарсан. Ингэснээр арваннэгдүгээр сарын эцэст манай улс 1.2 тэрбум долларын валютын нөөцтэй үлдсэн статистик гарсан. Энэ нь манай улсын 10 долоо хоногийн импортын хэрэгцээг хангахуйц валютын нөөц. Ер нь бол оны эхэнд 18 долоо хоногийн, түүнээс дээш импортын хэрэгцээг хангахуйц валютын нөөцтэй байсан.
 
- Гадаад валютын нөөц буурсантай холбоотойгоор, зах зээлд доллар хомсдож, уг валютын ханш өсч байна. Яг албан ёсны судалгаагаар валютын ханш төгрөгийн эсрэг хэдэн хувиар чангарсан үзүүлэлт гарав?
 
- Төгрөгийн гадаад валютуудтай харьцаж байгаа ханш цэвэр нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Гадаад валютын нийлүүлэлт буурч байгаагаас, доллар, юанийн ханш өсч, төгрөгийн ханш суларч байна. Ер нь төгрөгийн гадаад валютуудтай харьцаж байгаа ханш өнгөрсөн сард 3 хувиар суларсан ийм дүнтэй байна. Төгрөгийн юаньтай харьцаж байгаа ханш ийм хэмжээгээр суларсан байхад, евротой харьцаж байгаа ханш 1.6 хувиар суларсан байх жишээтэй. Төгрөгийн гадаад валютай харьцаж байгаа ханшны бууралт үргэлжилсэн хэвээрээ байна гэж хэлж болно.
 
- Төгрөгийн ханш суларч, валютуудын ханш өссөөр байна. Ийм тохиолдолд манайхан төгрөгийн хадгаламжаа валютынх болгох нь элбэг байдаг. Сүүлийн саруудад валютын ханш өсч байгаатай холбоотойгоор, энэ төрлийн хадгаламжинд ямар өөрчлөлт оров?
 
- Манай улс одоогоор 6 их наяд төгрөгийн нийт хадгаламжтай байна. Үүнээс 4.6 их наяд нь төгрөгийн хадгаламж бол, 1.4 их наяд төгрөгтэй тэнцэх нь валютын хадгаламж гэж ойлгож болно. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, гадаад валюын хадгаламж 1.5 хувийн бууралттай байхад, нөгөө талд төгрөгийн хадгаламж 47 хувийн өсөлттэй гарсан. Харин өнгөрсөн сартай нь харьцуулахад төгрөгийн болон валютын хадгаламж хоёулаа 6 хувийн өсөлттэй гарсан. Ингээд нийлбэр дүнгээрээ нийт хадгаламж 30 гаруй хувийн өсөлттэй гарлаа. Гадаад валютын нөөц буурч, долларын ханш өссөн ч, энэ нь валютын хадгаламж нэмэгдэхэд нөлөөлсөнгүй гэж хэлж болохоор байна.
 
Ярилцсан А.Энхтуул                                                              “Хурд” агентлаг

Б.Бадамцэцэг: Манай улс 70 хоногийн импортын хэрэгцээг хангах валютын нөөцтэй үлдсэн...  
Үзсэн: 2318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-12-22 09:04
Aliv hun meregjildee ezen bolj, ene busgui shig oilgomjtoi yarij surah heregtei

Бидэнтэй нэгдээрэй