Шууд Chart

Усан дээрх монгол хүн

2020-07-07 09:28:54

Ертөнцийн түүхийг улираан үзвэл олон олон монгол хүмүүний гэрэлт үсгээр бичигдсэн ариун мөр зам тодрон тодроод улам ч ихээр гэрэлтэх ажаам. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг хурааж, орчлонгийн оргилыг эзэлж, од эрхэсийн хөдөлгөөнийг тандан тогтоож, судар номыг тэрэг, тэргээр нь бүтээжээ. Ерөөс өнгөрсөн цаг үед амьдарсан монголчуудын хийсэн бүтээснийг ул суурьтайгаар сөхөж үзвэл цулдаа цутгасан алтан гулдмай мэт нээлтүүд байсан байна. Харин тэдгээр аугаа их монголчуудын нэг болох түүхэнд нэр алдар нь төдийлөн түгэн дэлгэрч чадаагүй, цаг үе, нийгмийн бурангуй тогтолцооноос болж бүдгэрсэн нэгэн суут хүмүүн байх. Тэрбээр дэлхий дахинд урд өмнө нь хэзээ ч  байгаагүй нүсэр том бүтээн байгуулалтыг усан замын ертөнцөд хийж, умард хөршийн эзэн хаанаас өндөр үнэлгээ авч, бусад мэргэжил нэгтнүүдээ хол орхисон байх юм. Мөн тэрээр хөлөг онгоц зохион бүтээж, эгэл харц ард, олзны ядуу хүүгээс эрхэм дээдэс язгууртны хэргэм зэргийг горилон, Орос орны хувь заяанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Ай Сердюков...

Нэгэн цагт хүчирхэгжиж, өрнөд, умардыг нэлд нь эзлэн орчлонгийн тэн хагасыг захирч байсан ширүүн догшин, бас суу зальт, сүр хүчит монголчууд 17 дугаар зуун гэхэд нэгэнт доройтож эхэлсэн байлаа. Дорноос манжууд довтолж байх ахуйд оросууд Байгаль нуурын сав газар үржил шимтэй, буриад зоны үе улиран идээшиж ирсэн  нутгийг өөрийн мэдэлд авахаад мөн цэрэг хөдөлгөөд багагүй хугацааг өнгөрөөж байв. Дотоодын үймээн самуунтай байсан тэдгээр он жилүүдэд бидний эцэг дээдэс хоёр галын шугаман дээр, хоёр их хөрштэй тулалдаж байв.

Ах, дүү Буриад зон маань анхандаа Оросын довтолгооныг амжилттай няцааж байсан ч сүүлдээ хүн хүч, цэрэг зэвсгээр эрс дутагдаж, эмс хүүхнүүд, бага балчир хөвгүүд хүртэл тулаанд орж байлаа. Чингисийн эзэнт гүрэн  нурж эхэлжээ. Яг энэ хүнд бэрх цаг үед буюу 1678 онд Сэлэнгэ мөрний нэгэн хөвөөнд адуучин, эмээл, нум, сум үйлдэгч уран гартан Имеген Зонтохоновынд билэгт хөвүүн төржээ. Эцэг Зонтохонов угаас бичиг үсэгтэй, шаггүй инжаань гэдгээрээ нутаг усандаа алдаршсан нэгэн байсан хийгээд хүүтэй болсондоо ихэд билэгшээн баярлаж, дөнгөж төрөөд, хөдсөн өлгий дотор үнэгчлэх тэр жаахан амьтанд Бароно /Борхүү гэх нь ч бий/  гэдэг нэр хайрлав. Бароно хүү тэр үед эсгий туургатны ертөнцөд илт хүчтэй дэлгэрч байсан бурханы шашинд сүсэглэж цанид үсэг үзэж, тангад ном, уншлага мэддэг, хэрсүү, ухаалаг нэгэн болон хүмүүжиж байлаа.

Сэлэнгэ мөрөн шуугиж, урины шувууд ирж буцан, улааран ургах мойл жимсний амт аагандаа тулна. Басганууд өсч торниод жинхэнэ “дангина” болно. Даруй 13 жил өнгөрлөө. Тэгтэл Оросын зэвсэгт хүчний бас нэг түрлэг болох хасаг цэргийн довтолгоон ширүүсч, эцэг, хүүгүй эх орноо хамгаалан босов. Энэ их аян дайнд аав, хүү Зонтохонов, Бароно нар ч мөн морджээ. Харгис хэрцгийгээрээ цуутай исламын шүтлэгт хасаг цэргийн хүнд бэрх довтолгооныг буддын шашинт Буриад Монгол цэргүүд хэдэн өдөр, шөнө тогтоон тулалдсан боловч аргагүй дайсны илт давуу хүчинд цохигдон ухарч ихээхэн цэрэг, хүчээ алдаж, олзлууллаа. Уул тал, ойд моддоор эрсэдсэн эрсийн цогцос дүүрч, хөх тэнгэрт тоолохын аргагүй тас эргэлдэнэ.

Тулааны үеэр эцэг, хүү хоёр эргэж хэзээ ч учрахгүйгээр хагацжээ. Эцэг Зонтохонов үрэгдсэн эсэх нь үл мэдэгдэх хийгээд хүү Бароно гартаа ган төмөр  гав гинжтэй бусад эрсийн хамт умард руу туугдана. Түүнийг ямархан хувь заяа хүлээж байгаа нь оньсого, таавар болжээ. 1691 оны тэр нэгэн үдэш Бароно хүү эргэн эргэн харж, түнэр харанхуй дунд уусан шингэж байгаа эх нутаг ус, ээжий аавыгаа санан, санан явлаа.

Эрх чөлөөгүй болсон монголчуудыг Оросын захын нэгэн сууринд хүргэв. Хүний нутаг бол хүний л нутаг. Хүний хүн бол хүний л хүн. Өлсөж, даарч, ядарсан Бароно хүү... Ус гүйлэгнэсэн алаг нүдээрээ эргэн тойрныг ширтэж цагаан арьст хүмүүсийн хашгичин, зандрахыг тэснэ. Гэтэл түүнийг аз дайрах нь тэр. Тухайн үед Орос оронд худалдаа наймаа ихэд дэлгэрч, улсын хөгжил дэвшилд багагүй хувь нэмэр оруулж байсан. Тийм ч учраас нэртэй худалдаачин Филатьев, Иван Михайлович Сердюков нар арилжаа наймааны ажлаар тэрхүү захын сууринд ирчихсэн байжээ. Чингээд олзны хүмүүсийн дэргэдүүр өнгөрч явсан наймаачин Михайлович турь муутай, цангаж, ундаассан ч нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай нэгэн хөвүүн дорно зүг рүү ширтэн дуулж зогсохыг олж харав.

Михайл угаас сайхан сэтгэлтэй, өр нимгэн, бас ч үгүй хүний сайныг таньдаг сийрэг ухаантан байсан болохоор хүүг шуудхан л худалдаж авах тухай цэргийн эрх мэдэлтнүүдтэй ярилцав. Мэдээж олзны хүн, тэр тусмаа нэг балчир хүү Оросын армид тийм ч чухал биш байсан болохоор 10 рублын үнэ хүрлээ. Михайлович залуу хөвүүнийг өөрийн түр байрлаж байсан сууцандаа авч ирж, хувцсыг нь сольж, хооллож ундлан, дэргэдээ дагуулж явах болов. Бароно хүү сэргэлэн цовоо, ажилсаг, үнэнч байсан тул эзэндээ ихэд таалагдаж удалгүй Михайлович түүнийг үрчилж авлаа. Бароногийн эх нутгаа санан бэтгэрэх сэтгэл алгуурхан арилж, илүү шинэ содон зүйлсийг сонирхон, худалдааны ажилд шамдах болов.

1695 онд эцэг, хүү хоёр Москваг зорьж их гүрний нийслэлд 5 сар орчим ажиллаад алс холын Астраханьд очжээ. Энэ хугацаанд Михайл өргөмөл хүүгээ өөрийн юм шиг үзэж, түүнийг кирил бичиг үсэгт сургаж, арилжаа наймааны эрдэмд шамдуулан, орос хэл заажээ. Бароноч Михайлын сайн хүү, сайн шавь байж чадлаа. Москва хотын гэрэлт гудамжуудаар хөсөг тэрэг, морин чарга давхилдан, гоёмсог даашинз, хослолтой хатагтай ноёд зөрөлдсөн тэр нэг орой Михайл нэгэн том шийдвэрийг гаргалаа. Тэгээд өглөө нь алс дорнодоос олсон хүүдээ өөрийн овгийг хайрлаж, тэд жинхэнэ эцэг, хүү болов. Үүнээс хойш Бароног Сердюков гэдэг болсон бөлгөө. Арилжаа наймааны ажил гэдэг  ов мэх, овсгоо самбаа шаардсан зүйл болохоор эцэг, хүү хоёр алс холын Перс орон руу хүлгийн жолоо эргүүлж, худалдаагаа ч амжилттай хийлээ. Шинэ хамтрагчдын ганзага нийлж байна гэж жигтэйхэн. Ингээд даруй 5 жилийн дараа Москвад эргэн ирэв. Ажил гэдэг ар араасаа ундарсаар.

1700 он болоход залуу Сердюков Оросын худалдаачдын дунд багагүй нэр хүндийг олоод байсан юм. Гэвч харамсалтай нь эцэг Михайл ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Өөрийнх нь хувь заяаг эргүүлж, илүү сайн сайхан руу хөтөлсөн эрхэм хүнээ алдсан Сердюковыг дахиад л гунигтай өдрүүд угтав. Тэр их ганцаардаж байлаа. Магадгүй тэр заримдаа ургах нарыг цонхоор ширтэн зогсохдоо дорно зүгийн эх орон Монгол руугаа буцахыг юу юунаас илүү мөрөөдөж байсан биз ээ. Тэгэвч сурсан зүйлтэй байна гэдэг сайхан. Удалгүй Москвагийн нэртэй худалдаачин Матвей Григорьевич Евремновоос захидал ирэв. Дугтуйг задалж үзвэл Сердюковыг өөртөө ажиллахыг хичээнгүйлэн хүсчээ. Матвей Григорьевич бол зөвхөн худалдаа төдийгүй үйлдвэрлэл эрхэлдэг, нийгэмд нэлээд байр суурь эзэлсэн хүн байв.

Сердюков  Матвей Григорьевичид гурван жил гаруй зүтгэлээ. Тэгэхдээ Новогород, Псков тэргүүтэй бусад хотуудад бараа хүргэх ажлыг тун ч чадмаг гүйцэтгэж, шинэ хамтрагчийнхаа итгэлийг мөн л олоод авав. Ингэж байтал эзэн хаан аугаа их шинэчлэгч I Перт улсынхаа хамаг л шилдэг худалдаачдыг Санктпетербургт шилжин суух тухай зарлиг буулгалаа. Энэ зарлиг Матвей Григорьевич Евремнов шиг хүмүүст шууд хамаатай. Түүхчид үзэхдээ Сердюковыг яг энэ үед л I Петр хаантай танилцсан байж магад гэж таамагласан байна. Нөгөөтэйгүүр I Перт хаан Матвей Григорьевич Еврейновт итгэдэг, түүний ажил үйлсийг хүндэтгэдэг байсан нь Сердюковт ихээхэн тус болсон байж мэдэх юм. Еврейновын өдрийн тэмдэглэлээс үзвэл Петр хаан Сердюковыг анхлан анзаарч хэд хэдэн асуулт тавьсанд залуу хүү эзэнтэнд ухаалаг, товч бөгөөд тодорхой, үндэслэлтэй хариулж байсан нь хааны таалалд ихэд нийцсэн гэжээ. Түүгээр ч зогсохгүй I Петр хаан Сердюковын худалдааны чадварыг олж харан, техникийн тал дээр багагүй авьяастайг нь мэдэрлээ.

Монголчууд дэлхийн аль ч өнцөгт суусан оршин буй газраа хүчтэй байдаг  гэдэг нь Сердюковын амьдралаар нотлогдоно. Эзэн хаан авьяас чадвартай залууд ихэд итгэл найдвар хүлээлгэж Новгородын худалдаачдын бүрэлдэхүүнд авч, улсын янз бүрийн албан ажилд томилжээ. 1704 он ирэхэд Сердюков бие даан худалдаа наймаа хийх эрхтэй болчихсон, олсон орлогоороо хувийн байшин, газар худалдаад авчихсан байлаа. Сердюковын чулуун байшин одоо ч Новгородод бий.

Хувийн амьдрал ахуйгаа дээшлүүлж, төвхнөж авсныхаа дараа 1705 онд тэрээр Новгородын гаалын түшмэл Филипп Константиновын охин орос бүсгүй Аннатай ханиллаа. Бурхан зөвхөн хүнд даах ёстой ачааг нь л үүрүүлдэг гэсэн хэлц байдаг. I Петр хаан энэхүү авьяаслаг, шударга, чадварлаг залууд баруун хойд хэсэгт болж байсан байлдааны ажиллагааны цэрэг, усан замын хангамжийг хариуцсан улсын комиссын ажлыг даалгахыг хүссэн байна. Хаан хүн хүснэ гэдэг тун ч ховор зүйл. I Перт Сердюковт шууд зарлигдаж болох л байсан. Гэвч хүсэлт илгээснээс үзэхэд Петр хааны хувьд Сердюков ямархан эрхэм хүн байсан нь тодорхой байна.

Балтийн тэнгис тийш гарц олж авахын тулд байлдаж байсан оросын цэргийн хангамжийн гол бааз нь Новгород болж байв. Новгород муж үржил шим муутай, үр тариа тааруухан ургадаг тул цэргийн хүнсийг өөр мужаас татах, зөв зүйтэй зохион байгуулах ажилд Сердюков ихэд чармайлт гаргаж амжилтыг олов. Тэр эл нөсөр их ажлын хажуугаар дарсны завод байгуулж, үр тариа тээрэмдэж, усан замын тээвэр эрхэлж өөрөө ч багагүй хөлжөөд авчээ. Харин түүний ажилд байнга саад болж байдаг нэгэн зүйл байсан нь Вышневолокийн усан зам байсан бөгөөд түүнийг саадгүй болгоход Шлина болон бусад голуудын урсацыг ашиглах явдал гэж Сердюков үзжээ. Эднээс түүний дэлхийн хүн болж, усан замын ертөнцөд нэр алдраа цуурайтуулан мөнхжүүлэх он жилүүд эхэлсэн ажгуу.

Буриад Монголын билэгт хөвүүн Сердюков I Петр хааны мөрөөдлийг биелүүлсэн юм. Учир нь Оросын түүхийн VI ботид нэрт эрдэмтэн Ключевский “Москва голоос завинд суугаад ямар ч сэлгээ хийлгүйгээр шууд Невийн эрэгт буухыг Петр хаан хүсч байв. Тэрээр тариачин Сердюковын хамт Новгород, Тверийн хязгаараар аялан явж нуурыг судлаад Волга мөрний цутгалан Тверь голыг Цна голтой холбосон суваг ухаж Вышневолокийн усан замын систем байгуулах ажилдаа оржээ” гэж өгүүлсэн байна.

Умардад хийж байсан дайны үед Орос орон Балтийн тэнгис тийш флот байгуулах, дайснаа бүр мөсөн бут цохиж, байлдан олсон эргээ улам бэхжүүлэхэд усан замын хөгжил нэн чухал байлаа. Перт хаан ч Балтийн тэнгист гарцтай болох нь Оросын гадаад бодлогын үндэс суурь гэж үзэж байв. Тиймээс тусгайлан Герман, Их Британиас шилдэг инженерүүд болох Брекель, Жон Перри нарыг урьж энэ ажилд сорьсон ч тэдний барьж байгуулсан суваг үнэхээр шаардлага хангахгүй байлаа. Гэтэл хааны хайж байсан эрдэнэт хүмүүн нь хамар дор байсныг хэн яаж мэдэх билээ. Тариачин Сердюков усан замыг өргөтгөх ажил удаа дараалан бүтэлгүйтэж байгааг зүгээр ч нэг ажиглаж суугаагүй байжээ. Тэрбээр хэсэг хугацаанд бүгсэний эцэст I Петр хаанд Вышневолокийн усан системийг өөрчлөн барих өвөрмөц арга ухаан шингэсэн төслийг өргөн барилаа.

Түүгээр ч зогсохгүй Сердюков энэ их ажлыг өөрийн хөлс, мөнгөөр бүтээн байгуулж, гол мөрний хөдөлгөөнийг удирдан жолоодож, чиглүүлж чадсан байна. Ийм гайхамшигтай зүйл хийснийх нь төлөө эзэн хаан I Петр түүнд Вышневолокийн усан замыг эзэмшүүлэх зарлиг дээр 1719 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зуржээ. Мөн түүнчлэн хөлөг онгоц саадгүй зорчих гарц бүхий тээрэм барьж орлогыг 50 жил буцалтгүй эзэмших, гол сувгаар зорчих бүхий л  усан онгоцноос  хураамж авах эрхийг Сердюковт шагнал болгов. Сердюков сэдсэн их ажлаа 1721 онд дуусгасан юм. Алдарт зохион бүтээгчдийн амьд сэрүүндээ бичиж үлдээсэн нэгэн мэдээнд “Миний барьсан сувгаар 1720 онд 1335, 1721 онд 2239 хөлөг онгоц зорчлоо” гэсэн байна. Үүнээс үзэхэд түүний бүтээсэн байгууламж үнэхээр нүсэр том бүтээн байгуулалт байжээ.

Усан дээр гишгэсэн энэ монгол хүнд цаг үеийнх нь суутнууд хийгээд, дараагийн мэргэд том үнэлгээ өгсөн байдаг. Тухайлбал, I Петр хаан 1742 онд Сердюковыг язгууртан хэргэмд өргөмжилж, алмаз эрдэнийн шигтгээн доор хиаз имжсэн босоо хар захтай ёслолын хувцас өмссөн өөрийн хөрөг бүхий нэг алтан бөгж, ногоон оюун шигтгээн дээр үл мэдэгдэх дорнын бичиг сийлсэн хоёр дахь алтан бөгжийг бэлэглэсэн байна. Каспийн тэнгисийг Балтийн тэнгистэй холбосон эл гайхамшигт монгол хүмүүний хийсэн бүтээснийг тодорхойлохдоо 18 дугаар зууны 80 онд Франц улсад Оросын элчин сайдаар ажиллаж байсан Сегюр “Сердюковын бий болгосон ажлыг хамгийн чадамгай инженер л хийж чадна.

эр тумсаа эдгээрийг хэзээ ч аялан явж байгаагүй, ямар ч боловсролгүй, дөнгөж, уншиж бичиж л чаддаг ерийн тариачин хийсэн гэхээр санаанд багтамгүй. Оюун ухаан ихэнхдээ хүмүүжлээр төлөвшдөг бол суу билэг төрөлхийн байжээ” гэсэн байна. Мөн XIX зууны эхний хагаст амьдарч байсан эдийн засагч, газар зүйч Арсеньев өгүүлэлдээ “Их Петрийн үеийн Гидротехникийн нэрт судлаач Скорняков Писарев бол эрдэмтэн биш боловч суу билэгт харц гаралтай Сердюковоос харьцуулашгүй дутуу хүн” гэсэн байна. Харин өдийг хүртэл ийм гайхамшигт хүмүүнээ бид яагаад мартсан юм шиг явсан нь тун ч гунигтай хэрэг. Өнгөрсөн зууны сүүлийн хагасыг хүртэл Зөвлөлтүүд Сердюковын жинхэнэ дүр төрхийг нууж, сонин хэвлэл дээр хэмжих багаж барьсан өөр нэг орос нөхрийн зургийг тавьж байсан нь ихээхэн төөрөгдөл үүсгэсэн юм.

Усан дээрх Монгол хүн Сердюков...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Усан дээрх монгол хүн  
Үзсэн: 4271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй