
“Ковид-19” халдварын улмаас таван сарын хугацаанд завсарласан “Аваргуудын лиг” гурав хоногийн өмнө эргэн ирлээ. Шөвгийн 16-гийн үлдсэн дөрвөн тоглолтоос хамгийн онцгой нь байсан Английн “Манчестер Сити”, Испанийн “Реал Мадрид”-ын тулаанд тактикт дүн шинжилгээ хийснээ хуваалцъя.
Аль аль баг 4-3-3 хувилбар ашиглалаа. Довтлох үед жигүүрийн хоёр хамгаалагч урагшилснаар хувилбар 2-3-2-3 болж, довтолгооны хамгийн олон гурвалжин үүсдэг. Гэхдээ баг дөрвөн үед хуваагддаг болохоор довтолгоо жаахан удаан өрнөх нь бий. Тиймээс ихэнх дасгалжуулагч хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч хойш татаж, хоёр төвийн хамгаалагч тэлүүлж, хоёр жигүүрийн хамгаалагч урагш оруулж 3-4-3 байрлалтай болохыг эрмэлздэг юм. Ингэсэн тохиолдолд мөн л довтолгооны хамгийн олон гурвалжин үүснэ. Гэхдээ багийн үе дөрөв биш гурав байх тул довтолгоо илүү хурдан өрнөх боломжтой.
Хоёр багийн прессинг буюу шахалт хийх үеийн байрлал өөр байсан нь миний сонирхлыг хамгийн их татлаа. “Реал” уламжлалт 4-4-2 хувилбартай шахалтаа ашигласан. Энэ байрлал яагаад саяхныг хүртэл шахалтын үеийн хамгийн сайн сонголт байсан талаар цухас тайлбарлъя. Гурван довтлогчтой шахах үед жигүүрийн хоёр эсрэг багийн жигүүрийн хамгаалагчидтай зууралдаж, үндсэндээ төвийн ганц довтлогч төвийн хоёр хамгаалагчийг хамгаалж чаддаггүй байв. Өөрөөр хэлбэл хаалгач бөмбөгөө эсрэг багийн төвийн довтлогч очоогүй хамгаалагчид дамжуулаад л довтолгоог эхлүүлчихдэг байлаа. Тиймээс багууд гурав биш төвийн хоёр довтлогчтой шахаж, эсрэг багаа бөмбөг алдуулахыг эрмэлзэх болсон. Хамгийн сонгодог жишээ бол Диего Симеонегийн “Атлетико Мадрид”. Олон улсын том сургалтын үеэр ч “Эль Чоло”-г жишээ болгодог.
Зинедин Зиданы “Реал” ч “Аваргуудын лиг”-т гурав дараалан түрүүлэхдээ шахах үед энэ байрлалыг ашиглаж, гол өрсөлдөгчдөө нухчин дарсан нь үнэн. Багийн үндсэн байрлал 4-3-3 ч гэсэн эсрэг багийн хаалгач бөмбөгийг тоглолтод оруулах үед 4-4-2 руу шилжиж, Кришиану Роналду, Карим Бензема нараар хамгаалалтыг эхлүүлдэг байв. Зидан “Сити”-гийн эсрэг энэхүү найдвартай аргаа ашигласан бөгөөд гурван хагас хамгаалагчийн нэг болох Тони Кроос ихэнх тохиолдолд урагшилснаар 4-4-2 үүсч байлаа.
Английн багууд сүүлийн үед хоёр довтлогчтой шахахаас татгалзаж байна. Миний бие “Барселона”-г 2019 оны “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Ливерпүүл”-д хожигдсоноос хойших жил гаруйн хугацаанд хөлбөмбөг тухалж үзээгүй байлаа. Харин телевизэд ажилладаг танил маань саяхан Фрэнк Лампардын тухай нэвтрүүлэг хийж буйгаа дуулгаж, түүнийг дасгалжуулагч болсноос хойш “Челси”-д тактикын ямар өөрчлөлт гарсан тухай ярьж өгөхийг хүссэн юм. Тиймээс Лондоны “Цэнхэрүүд”-ийн энэ улирлын чухал хэдэн тоглолтыг хараад шахалт хийхдээ 5-2-3 хувилбар ашигладаг болсныг нь “олж тогтоов”. “Сити” “Реал”-ыг шахахдаа иймэрхүү хувилбарыг ашиглаж, Габриэль Жезуз, Фил Фоден, Рахим Стерлинг гурваар хамгаалалтыг эхлүүлсэн нь энэ тоглолтын хамгийн онцлох шийдвэр байлаа.
“Реал” хоёр, “Сити”- гурван довтлогчтой шахсан нь тус бүртээ ямар онцлогтой байсныг өгүүлье. Бензема, Кроос хоёр эсрэг багийн Фернандиньо, Лапорте хоёр дээр тулж очоод ажилгүй болгож байсан. Гэхдээ эзэн багийн төвийн хоёр хамгаалагч тэлэх үед хоёр довтлогч дагаж тэлснээр дунд нь том орон зай онгойж байлаа. Энэ зайд “Сити”-гийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Родриго дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх шиг болов. Энэ зай руу төвийн хоёр хагас хамгаалагчийн нэг очиж болох ч ганцаар яваад амжилт олох магадал бага. Нөгөө хагас хамгаалагч дагаж явбал эсрэг багт талбайн төвд тоглох том орон зай бэлэглэх байлаа. Тиймээс дунд үлдсэн Модрич, Касемирогийн хэн нь ч Родригод саад хийж чадаагүй юм. Эсрэгээрээ “Сити”-гийн довтолгоо Бензема, Кросстой эхний хориглолтыг давсан л бол хаалга хүртэл үргэлжилж байлаа.
Харин Пеп Гуардиолагийн баг гурван довтлогчтой шахсан тул дундуураа дамжуулалт орох орон зай бараг үлдээсэнгүй. Та бүхэн анзаарсан бол түүний баг тоглолтын эхний шүглээс эхлээд өрсөлдөгчөө 16 метрийн торгуулийн талбайд нь эрчимтэй шахсан. “Эзэн хааны баг”-ийн арын албаныхан бөмбөгөө өндөр дарамт дунд яг 100 секунд бариад аргагүй цөлж алдаж байна билээ. Яахын аргагүй Европын томчуудын тулаан байлаа.
Амтай бүхэн тоглолтын гол буруутнаар “Реал”-ын хамгаалагч Рафаэль Вараныг нэрлэж байна. Варан алдсан уу гэвэл алдсан. Гэхдээ асар их дарамт дор хоёр алдаа гаргасныг ойлгох хэрэгтэй. “Сити”-гийн урд талын гурвын жигүүрийн хоёр болох Жезуз, Стерлингийн байрлал бас их зэвүүн. Тэд жигүүрээс төв рүү чиглэсэн гүйлттэй. Өөрөөр хэлбэл төвийн хамгаалагчаас жигүүрийн хамгаалагч руу дамжуулах замыг шууд хаачихсан хэрэг. Ингэснээр “Реал”-ын хаалгач, төвийн хамгаалагчдад нэг бол хоорондоо дамжуулсаар байгаад шахуулаад хүнд байдалд орох, эсвэл бөмбөгөө эртхэн цөлж алдах гэсэн хоёрхон сонголт үлдсэн байлаа. Бөмбөг цөлж алдахыг хүсээгүй Варан шийдвэр гаргаж чадахгүй байсаар ноцтой алдаа гаргаж, эхний гоолын буруутан болсон юм.
Эхний гоол орсны дараа зурагтаар ерөнхий байрлалын удаашруулсан дүрс хэсэгхээн гараад өнгөрсөн. Тэндээс их зүйл харж болно. “Реал”-ын төвийн хоёр хамгаалагчийн зүүнд тоглож буй Эдер Милитаныг бөмбөг авахад Стерлинг шууд дайрч очиж, Стерлингийн хамгаалж байсан Кроосыг Де Брюйн нөхөж авдаг. Эвгүй байдалд орсон Милитан бөмбөгийг хамтрагч Варанд шилжүүлсэн. Варанд хамгийн эхэнд туслах ёстой баруун жигүүрийн хамгаалагч Карвахаль байрандаа байгаагүй. Байсан ч нэмэр болохгүй байсан. Яагаад гэвэл тэр хоёрын дундуурх замыг Жезуз тоглолт эхэлсэн цагаас хаасан байлаа. Тиймээс Карвахаль туслах арга сүвэгчилж төв рүү орсон. Тэр дамжуулалт авч болох ч эргэж харж амжаагүй байхад нь Фоден, Гюндоган зэрэг шавж, бүр хүнд байдалд оруулахаар харагдсан. Тиймээс Варан бөмбөгийг гурав дахь сонголт болох Касемирод дамжуулах гэсэн ч энэ замыг Фоден хаачихсан байлаа. Франц хамгаалагч асар богино хугацаанд энэ мэтээр олон зүйл бодож байгаад анхаарал алдаж, тэсрэлт ихтэй Жезузт бөмбөгөө суйлуулснаар эхний гоол орсон юм. Дэлхийн томчууд бөмбөгөө цөлж алдахгүйг хэт хичээдгийн нэг сул тал юм уу даа.
“Реал”-ын алдсан хоёр дахь гоол бас л Вараны алдаа боловч эсрэг багийн бэлтгэсэн хувилбар ч байж мэдэхээр. “Сити”-гийн зүүн хамгаалагч Канселу дээр бөмбөг ирэхэд өрсөлдөгчид нь гоё мэдрээд шууд шахсан. Уг нь Касемиро энэ үед шахалтаас хоцроогүй бол “Реал” нэлээн том амжилтад хүрэх байв. Гэвч түүний хүрч амжаагүй орон зайд “Сити”-гийн Родриго ухаалаг тоглолт хийж, бөмбөгийг Варан руу чиглүүлээд явуулчихсан. Энэ өдөр ваартай байсан Вараныг шийдвэр гаргаж ядаж байхад Жезуз ёстой мундаг мэдэрч гүйсэн. Түүний гүйлтийг удаашруулж үзээрэй. Бразил довтлогч Вараныг шууд дарамталснаас гадна хаалгач руу дамжуулалт өгөх замыг нь хаасан маягтай байлаа.
“Энэ үйлдлийг яагаад бэлтгэсэн байж магадгүй вэ” гэсэн гэж үү? Тоглолтын эхэнд “Сити”-гийн хаалгач Эдерсоныг тавын зурааснаас бөмбөг тоглолтод оруулах үед “Реал”-ын төвийн хамгаалагчид нь хүртэл талбайн гол хүртэл шахаад амар заяа үзүүлэхгүй байлаа. Харин Гуардиолагийн баг үүний эсрэг хэд хэдэн хувилбар бэлтгэснийг анзаарсныхаа нэгийг задалж ярья. Эдерсон нэг удаа бөмбөгөө Вараны ардхан талд хөнгөхөн шулуун цохиод унагасан нь хөөрхөн заль байлаа. Вараныг бөмбөг авсан уу, үгүй юу Фоден шууд л шахсан. “Реал”-ын бүх тоглогч талбайн төв хүртэл шахсан тул хэн нь ч хурдан тэлж, Варанд тусалж чадсангүй. Арга буюу хойш хаалгач руу өгсөн бөмбөгийг Куртуа цөлж алдав. Эцсийн дүнд тавын зурааснаас бөмбөг гаргаж чадахгүй байсан “Сити” нэлээн ашигтай байрлалд бөмбөгөө авах нь тэр. Ер нь тэдний онилсон гол тоглогч Варан байсан байж тун мэднэ.
“Реал” энэ өдөр бөмбөгийг арай л их цөлж алдаж, тэр хэрээр тоглолтгүй боллоо. Өрсөлдөгчийнхөө шахалтаас гарч чадахгүй болохоор урд талын хэдэд нь бөмбөг бараг очсонгүй. Тийм ч учраас Эден Азар, Ферлан Менди нарын байгаа, байхгүй бараг мэдэгдсэнгүй. Харин эсрэгээрээ “Сити”-гийн урд талын гуравт амсхийх зав гарсангүй. Фоден л гэхэд 67 дахь минутад сэлгээнд суухдаа хэдийнэ 9.21 км гүйсэн байв (Тэр үед багийнх нь дундаж 7.74 км байсан).
Гуардиолагийн баг арга тактикын хувьд илүү байсан ч хамгаалалт асуудалтай нь харагдлаа. Нэлээн нягт хамгаалалт хийх гэж хичээж байгаа ч хувь тоглогчдынх нь хамгаалах чадвар муу байна. Жишээлбэл, Бензема эсрэг багийн төвийн хоёр хамгаалагчийн дундах орон зайг нарийн мэдэрч хэд хэдэн удаа аюул тарих дөхлөө. “Реал”-ын баруун жигүүрийн довтлогч Родриго (Ийм нэртэй тоглогч аль аль багт байсан) бөмбөгийг өөртөө хаяад гүйхэд “Сити”-гийн хамгаалагчид саатуулахгүй хараад үлдчих юм. Бразил залуу үүнийх нь хариуг гоолын дамжуулалтаар барилаа.
Варан л будилсан болохоос биш “Реал”-ын хамгаалалтын мундаг зохион байгуулалт харагдаж байна. Фоденийг торгуулийн талбайд нэвтрэхэд Милитан саатууллаа. Гэхдээ Касемиро арыг нь хамгаалсангүй. Учир нь муу байрлалтай байсан Фоден бөмбөгийг суулгаж дамжуулах өндөр магадлалтай байв. Тэр ч ёсоор бөмбөгийг хойш Гюндоганд өгөхөд өнөөх Касемиро, Милитан, Вараны хөдлөөгүй байрлал шууд хамгаалалтын гурвалжин болчихов. Гэхдээ “Реал”-ынхан хэнийг илүү анхаарахаа мэднэ. Тэд Стерлингийг саатуулсан тоглогчийнхоо арыг хэд хэдээрээ хамгаалж байлаа. Багийн ахлагч Серхио Рамосыг орлож талбайд гарсан Милитан их сайн хамгаалагч байна шүү.
Багууд булангийн цохилт хамгаалах үедээ янз бүрийн зохион байгуулалт хийдэг. “Реал”-ын тоглогчид хэдийгээр холимог хамгаалалтын хувилбар сонгож байгаа ч хаалгачийн хойд, урд шонгийн алийг нь ч хамгаалахгүй байгааг нь гайхсанаа нуугаад яах вэ. Де Брюйн үүнийг нь гярхай анзаарч булангийн цохилтоос хаалга руу хоёр ч удаа шууд цохиж үзлээ. Бүр хоёр дахийг нь Куртуа арайхийн хаасан нь шон оноод гарчихав. Куртуа гэснээс “Атлетико” 2014 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод “Реал”-ыг хожиж явсан. Гэхдээ сүүлчийн минутад булангийн цохилт хамгаалах үедээ нэг тоглогчоороо хаалгачийн хойд шонг авахуулсан бол Рамосын мөргөсөн бөмбөгийг алдахгүй байсан юм шүү.
Вараныг эс тооцвол энэ тоглолтын хамгийн сөрөг дүр нь Касемиро байлаа. Мань эр эсрэг багийн довтолгоог бусниулдахдаа сайн ч өөрийн багийн довтолгоог зохион байгуулахдаа тун тааруу юм. Орчин үеийн хөлбөмбөг тоглогчоос бүхний хийхийг шаардаж байна. Гэтэл Касемиро энэ тоглолтод яах учраа үнэхээр олсонгүй. Ямар сайндаа эхэндээ Кроос, сүүлд Модрич хойш орж түүний ажлыг хийлээ. Шахуулсан нөхцөлд “Барселона”-гийн хаалгач, төвийн хоёр хамгаалагч, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч гэсэн дөрвөн тоглогч ромбо хэлбэр үүсгээд бөмбөгөө алддаггүйсэн. Харин Касемиро ингэж чадсангүй. Тэр бас бөмбөг авахаасаа өмнө талбай харж чаддаггүй юм байна. Түүнээсээ болж бөмбөг алдаж, Стерлинг золтой л гоол хийчихээгүй. Касемирод сүүлдээ Куртуа ч бөмбөг дамжуулахаа больсон нь нэгийг өгүүлнэ.
Энэ мэтчилэн бичвэл их зүйл бий ч цаг, цаас хэтэрхий хайран байна. Томчуудын тулаан үзэх сайхан байлаа. Товчхондоо тэд шатар л нүүгээд байна даа.
Д.Нанжид




"Манчестер сити", "Реал мадрид"-ын тоглолтын тактикт хийсэн дүн шинжилгээ | ||
Үзсэн: 1543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.